Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

  Ц.Мөнхнасанд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0041/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Мядагбадам

Шүүгдэгч Ц.Мөнхнасан, түүний өмгөөлөгч З.Энхтуяа         

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Мөнхнасангийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Мөнхнасанд холбогдох 2218000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Шарнууд овгийн Цэрэндашийн Мөнхнасан, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт, 01 дүгээр баг, Богчийн дэвийн задгайд оршин суух хаягтай, урьд:

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:ПБ89102676/.

Шүүгдэгч Ц.Мөнхнасан нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнийн 01.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Grand” нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Ундрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос Ц.Мөнхнасангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Шарнууд овогт Цэрэндашийн Мөнхнасанг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ц.Мөнхнасанг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ц.Мөнхнасанд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ц.Мөнхнасангийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

-Шүүгдэгч Ц.Мөнхнасан нь хохирогч Б.Ундрахын хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах сэтгэл санааны заслын эмчилгээ хийлгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнхнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Мөнхнасангийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.Мөнхнасан нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, Ц.Мөнхнасангийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2.т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч Б.Ундрахын биед гэмтэл учраагүй, бэлгийн замын халдварт өвчин илрээгүй, эр бэлгийн эс илрээгүй, гэм хор учирсан гэж үзэх нотлох баримт тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Мөнхнасан нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.т заасантай харшлахгүй байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан шүүгдэгч Ц.Мөнхнасанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж улсын яллагчтай мэтгэлцсэн боловч шүүхээс өмгөөлөгчийн энэ дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мөнхнасанд хорих ял оногдуулсан үндэслэлээ шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох" хэсэгт дүгнэхдээ " ... Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг хэдий ч хүний халдашгүй эрх, бэлгийн халдашгүй эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж буй нь нийгмийн аюулын шинжээрээ нийгэмд аюултай үйлдэл, түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ундрахын сэтгэл санаанд учирсан хор уршиг хэдийд арилж эдгэрэх нь тодорхой бус, байнгын сэтгэл зүйн дарамттай байгаа зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос үүсэж бий болсон үр дагавар буюу хор уршиг юм. Иймд өмгөөлөгч З.Энхтуяагийн дүгнэлт үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэх дүгнэлт биш гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдэлд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байгаа түл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгч Ц.Мөнхнасанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо сайн дураар төлсөн хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа холбогдсон тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасан хэрэглэх боломжтой. Анхан шатны шүүх сэтгэл санааны хохирлыг хэзээ арилахыг тооцоолох боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаан болсны дараагаар сэтгэл санааны хохиролд 1.500.000 мянган төгрөгийг төлсөн. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн хувьд 2 удаагийн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хийсэн гэмт хэрэг үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирогчийн хувьд хоёр дүү болон ар гэрийн байдал шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан гомдолгүй гэдгээ анхан шатны шүүх хурал болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Хохирогч гомдол төлбөргүй гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл болохгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Мөнхнасан тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.Мөнхнасанд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ц.Мөнхнасанг 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнийн 01.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Grand” нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд хохирогч Б.Ундрахыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц.Мөнхнасанг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Мөнхнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Мөнхнасанд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Мөнхнасан нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнийн 01.00 цагийн орчимд хохирогч Б.Ундрахыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гадаа гудамжинд гэртээ харихаар явж байхад нь араас нь цохиж унаган ухаан алдуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Grand” нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд дагуулан авч орж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгаа байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Б.Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 22.00 цаг өнгөрч байхад найз Номингийн хамт “Queen” нэртэй бааранд орсон. Тэнд түүний дүү Ган-Эрдэнэ гэх залуу байсан ба “та хоёрыг дуусахаар чинь хүргэж өгнө” гэж хэлсэн. Бид хоёр тус бүр 2 шил Сэнгүр пиво, 100 гр архи уусан. Тэгтэл 00 цаг болж баар хаагаад бид 2 дүүтэй нь хамт баарнаас гарахад дүү нь хүнтэй маргалдаад Номин дүүгээ очиж авсан. Тэр хооронд би гэртээ харихаар алхаж явтал нэг хүн араас ирээд цохих шиг болсон. Тэгээд юу ч санахгүй, ухаан алдаж унасан. Тэгээд миний санахад намайг машинд суулгах гэж оролдсон, би эсэргүүцэл үзүүлэх гэж оролдсон. Тэгээд намайг “Grand” нэртэй зочид буудалд аваачсан байсан. Би ухаан алдсан байсан болохоор юу ч санахгүй байсан. Намайг оролдож байгааг би мэдрээд эсэргүүцэл үзүүлсэн чинь миний нүүр, гар луу цохисон. Би тэр үед ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, хий гараа савчуулаад байснаа санаж байна. Тэгээд өглөө нь 06.00 цагийн үед тэр буудлын 204 тоот өрөөнд ганцаараа, нүцгэн сэрсэн. Хажууд хүн байгаагүй, би айж сандарсандаа хувцсаа өмсөөд шууд явсан. Нүүр, ам, хувцас хунар цус болсон, хүзүү шимсэн байсан. Хоёр гар, өвдөг хэсэгт хөхөрсөн, ташаан дээр зулгарсан байсан. Манай гэрийнхэн намайг хайгаад цагдаад мэдэгдсэн байсан...гэсэн мэдүүлэг /хх 12-р тал/,  

-гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22.00 цаг өнгөрч байхад найз Ундрахын хамт “Quееn” бааранд орсон. Бид тус бүр хоёр шил Сэнгүр пиво, 100 гр архи уусан. Тэгээд бүжиглэж байгаад баар хаах үед буюу 00 цагийн үед хамт гарцгаасан чинь манай төрсөн дүү таараад, бид хоёр Ундрахыг хүргэж өгөх гэж байсан чинь манай дүү хүнтэй маргалдаад байхаар нь салгах гээд явж байгаад нэг харсан чинь манай найз байхгүй болчихсон байсан. Манай найз ирэхдээ “гэртээ утсаа орхисон” гэж хэлсэн болохоор гэртээ хариад утсаа авах байлгүй гэж бодсон Ундрахын нөхөр Мөнгөншагай 01:05 минутад залгаад “Ундрах гэртээ ирээгүй байна, хаашаа явсан бэ” гэж асуусан. Тэгээд би 04.00 цаг өнгөрч байхад нөхөртэй нь хамт орсон баарных нь ойролцоо буудлаар хайсан” гэх мэдүүлэг /хх-16-р тал/,

-гэрч Б.Пүрэвцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхнасан баарнаас гараад “та машинаа аваад ир, буудал хүргээд өг” гэж хэлсэн. Тухайн үед Мөнхнасан нэг согтуу хүүхэнтэй сугадалцаад үлдсэн. Би машинаа аваад Мөнхнасанг тэр хүүхэнтэй аваад “Grand” буудал руу хүргэж өгсөн. Мөнхнасан тэр буудлыг зааж өгөөд “та надад буудал аваад өг” гэхээр нь өөрийн регистрийн дугаараар бүртгүүлээд 50.000 төгрөгөөр нэг өрөө авч өгсөн. Би тэр хоёрыг оруулж өгчхөөд гараад явсан. Намайг гарч явсныг буудлын үйлчлэгч эгч харсан” гэх мэдүүлэг /хх-18-р тал/,

-гэрч Р.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гаднаас 1 эрэгтэй “өрөө авах гэсэн юм” гээд ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би “хэнтэй явж байгаа юм” гэсэн чинь “найз охинтойгоо” гэж хэлсэн. Тэгээд тухайн залуугийн регистрийн дугаарыг бичиж аваад бүртгээд 50.000 төгрөг аваад 204 тоот өрөөнд оруулсан Тэгээд удалгүй бүртгүүлсэн гэх махлаг залуу туранхай бор эмэгтэйг сугадаад орж ирсэн. Тэр эмэгтэй нэлээд согтуу байдалтай, биеэ авч явах чадваргүй, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би “найз охин чинь яагаад согтуу байгаа юм, яагаад хамраас нь цус гарсан юм? гээд Пүрэвцогт гэх хүнээс асуухад “манай найз охин баяр тэмдэглээд согтчихсон юм, өөрөө явж байгаад бүдрээд уначихсан юм” гэсэн. Тэгээд араас нь туранхай сахалтай залуу салфетка бариад орж ирж байсан. ...Би 03.00-04.00  цагийн хооронд нүдний хор гаргадаг юм. Тэр хооронд тэр залуу гараад явсан байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /хх 20-р тал/,

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай ...Б.Ундрахын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Ундрахын биед бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй. Б.Ундрахын биед үтрээнээс авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илэрсэнгүй.” гэх дүгнэлт /хх 25-26/, хохирогч Б.Ундрахын нян, цус, вирусийн шинжилгээний хуудаснууд /хх 22-24/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хүчиндэх гэдэг нь гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр түүний эсэргүүцэл, зоригийг няцааж хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүчирхийлэн хурьцал үйлдэхийг хэлэх ба хохирогч нь гэмт этгээдийн халдлагын эсрэг тодорхой эсэргүүцэл үзүүлсэн буюу хурьцал үйлдэхийг зөвшөөрөөгүй байдаг, харин хүч хэрэглэх нь хохирогчийн эсэргүүцлийг даван туулах, дарж мохоох арга бөгөөд хөдөлгөөнийг нь хязгаарлах, цохих, зодох, гэмтэл учруулах, бүхий л хууль бус хүч давамгайлсан үйлдэл хийдгээр илэрдэг. 

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хурьцал үйлдэх гэдэг нь хохирогч биеийн эрүүл мэнд, санаа сэтгэлийн хувьд өөртэй нь болж байгаа үйл явдлыг ойлгож, үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй буюу эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан нөхцөлд түүнийг өөрийнхөө эрхшээлдээ байгааг далимдуулж хурьцал үйлдсэн байхыг хэлэхээс гадна хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхдээ хохирогч биеэ хамгаалж чадахгүй байгааг ойлгож, гэмт үйлдэлдээ шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг.

Мөн хохирогч нь гэмт этгээдэд эсэргүүцэл үзүүлээд ч дээрх үйлдлийг нь таслан зогсоож чадаагүй тохиолдлыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдалд тооцно.

Түүнчлэн хохирогч өөрөө согтууруулах ундаа хэрэглэснээс биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх, өөрийгөө аваад явах чадваргүй байлаа ч тухайн нөхцөлд хүний бэлгийн болон биеийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөө, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг нь зөрчсөн үйлдэл хэн ч гаргаж болохгүй бөгөөд хүчиндэх гэмт хэрэг нь хүчирхийлэгч дур ханасан эсэхээс үл шалтгаалан хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Анхан шатны шүүх болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч Ц.Мөнхнасангийн хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн үйлдлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Мөн анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн зүйл, хэсэгт заасан үндэслэл, зарчмуудыг болон дотоод итгэлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т заасан 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаас 1 жилийн хорих ялыг сонгон хэрэглэж оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, хор уршиг, шинж байдал, Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцсэн, тохирсон гэж үзэхээр байна.

Харин шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон  мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар тусгайлан олгосон онцгой бүрэн эрх юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл., 7.1 дүгээр зүйлийг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал бөгөөд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.Мөнхнасангийн хувьд анхан шатны шүүх дээрх ял хөнгөрүүлэх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн тул шүүгдэгч Ц.Мөнхнасангийн өмгөөлөгч З.Энхтуяагийн ... Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг хэрэглэх боломжтой...талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Мөнхнасан нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч Б.Ундрахад сэтгэл заслын эмчилгээний төлбөр болох 1500.000 төгрөг төлснийг дурдсугай.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

                              ШҮҮГЧИД                                Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                               Ц АМАРЖАРГАЛ

 

 

 

!