Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Хэргийн индекс:180/2017/0126/Э

 

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам 

Улсын яллагч                                      Т.Баярмаа 

Шүүгдэгч О.У нарыг оролцуулан

     

    Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт О.У холбогдох 17390004900205 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

   Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дадал суманд 1993 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн  хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 11-313 тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, Шарайд овогт О.У 

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч О.У нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд өөрийн төрсөн дүү О.Отгонбаатарыг “хүчингийн гэмт хэрэг хийлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Хохирогч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би О.У, Отгонбаатар нарын эцэг нь бөгөөд тэр 2-ынхоо ээжтэй нь 1992 онд гэрлээд 1999 онд салцгаасан. О.У хувиараа автомат угаалгын машин засч амьдардаг, Отгонбаатар хар бор ажил хийдэг. Отгонбаатар О.У ахынхаа хамт Улаанбаатар хотод хамт амьдарч байсан. Болсон асуудлын талаар сайн мэдээгүй байсан. Дадал суманд ирсэн хойно О.У зугатаасан болохыг мэдсэн, ах дүү нараасаа О.У дүүгээ боож алаад зугатаачихлаа гэж сонссон. Хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гэдгийг мэдээгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/,  

          Гэрч С.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн нь: ... Би Дадал суманд төрж өссөн. Тэгээд амралтаараа сумандаа эх, эхнэр, хүүхдийнхээ хамтаар ирсэн. Дадал суманд ирээд эгч Нямсүрэнгийнд нэг хоноод талийгаач Отгонбаатарын ээж Сарантуяагийн зүүн талын хашаанд байдаг Оюунчимэгийнхээс нэрмэл архи худалдаж аваад гарахад, талийгаачийн ээж Сарантуяагийн хашаанаас намайг дуудаж байна гэсэн. Ороход О.У, Отгонбаатар, Тулга гэдэг залуу мөн Тэмүүжин гээд О.У, Отгонбаатар нарын эх нэгтэй, эцэг ондоотой дүү нь байсан.  Би ороод тэд нараас юу хийж явааг нь асуусан, учир нь О.У, Отгонбаатар нар нь хотод байдаг. Тэгсэн О.У “энэ муугаас болсон” гээд талийгаач Отгонбаатар луу уурлаад гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиод авахаар нь манай хүргэн Амгаланбаатар, бид 2 талийгаач болон О.Уыг аваад Нямсүрэнгийнх рүү явсан .... гэсэн мэдүүлэг./ХХ-19 хуудас/

         Гэрч Д.Энхтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: ... О.У бургаснаас Отгонбаатарыг дагуулаад гараад ирсэн, тэгээд Отгонбаатараас Ариунтулгын байгаа газрыг заагаад өг гэсэн, тэгсэн гэнэт О.У Отгонбаатарыг цохиж зодоод эхэлсэн, тэгээд нөхөр бид 2 тэр хоёрыг салгасан..... гэсэн мэдүүлэг. /ХХ-23 хуудас/ 

         Гэрч Ариунтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: .... Тэгээд Отгонбаатар надад Ууганаа арай муухай новш юм аа, намайг хүчин хийлээ гээд зодоод байна, та 2-г энд авчирсан нь буруутлаа гэж байна гээд уйлаад байсан........ миний хажууд цохиж зодоогүй, сумын төв рүү явж ирээд Отгонбаатар намайг цохисон өшиглөсөн, зодсон гэж ярьсан. Тэр үед нүүр ам нь улайчихсан байсан..... гэсэн мэдүүлэг. /ХХ-30 хуудас/

         Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: О.У бид 17 цагийн үед архиа ууж дуусгаад О.Уын ээж Сарантуяагийн гэрт нь ирсэн. Бид хоёр ирээд байж байтал талийгаач Отгонбаатар мөн архи уучихсан орж ирсэн. Удалгүй гаднаас Ариунболд ах Амгаланбаатар ах хамтдаа орж ирсэн...... О.У, Отгонбаатарыг чи ийм хэрэг хийгээд байхдаа яадаг юм бэ гээд зодсон. О.У толгой руу нь гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгтэл Ариунболд, Амгаланбаатар ах хоёр салгасан..... гэсэн мэдүүлэг. /ХХ-34 хуудас/

         Гэрч З.Амгаланбаатарын  мөрдөн байцаалтанд өгсөн: .... Өчигдөр орой 20 цагийн үед шиг санаж байна талийгаачийн ээж Сарантуяагийн зүүн талын айлаас Ариунболд бид 2 очиж нэрмэл архи авсан. Тэгээд архиа аваад Сарантуяагийн гэр лүү ороход гэрт нь О.У, Отгонбаатар, Тулгаа 3 согтуу байж байсан...... Тэгсэн О.У дүү Отгонбаатараа зодоод байхаар нь салгаад О.Уыг Ариунболд бид хоёр аваад Нямсүрэн эгчийн очсон. Нямсүрэн эгчийнх рүү явах замдаа О.У: “...Отгонбаатар, Ариунтулга хоёр хотод хүчин хийсэн, би зугтаалгаад авч явна гэж хэлсэн”. Тэгээд О.У Нямсүрэн эгчийнд ороод Отгонбаатар аа хэрэгт холбогдсон талаар яриад уйлаад байсан. Гараараа хэд, хэдэн удаа цохиод байсан. Нөгөө Отгонбаатар нь хөөрхий бөгтийгөөд л айгаад байсан... гэсэн мэдүүлэг /ХХ- 37 дугаар хуудас/

          Яллагдагч О.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Улаанбаатар хотоос дүү Отгонбаатарын хамт 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Дадал суманд ирсэн. Учир нь Отгонбаатар Улаанбаатар хотод хүчингийн хэрэгт холбогдсон юм. Сумын төв рүү очоод би найз Баттулгатай уулзаад сумын дэлгүүрээс 2,5 литрийн савтай нэрмэл архи худалдан авч хамт ууцгаасан. Архиа ууж дуусгаад Отгонбаатар, Ариунтулга хоёр руу очиход тэр хоёр нэрмэл архи уучихсан согтуу байж байсан. Талийгаач дүү маань архи нэхээд байхаар нь би дахиад 2 литр нэрмэл архи авч өгөөд сумын төв рүү Баттулгатай хамт буцаад ээжийн гэрт ирээд байж байтал Амгаланбаатар, Ариунболд ах нар орж ирсэн. Мөн араас нь Отгонбаатар орж ирсэн. Би ээжийн гэрт Амгаланбаатар, Ариунболд ах нарт болсон явдлын талаар ярьж, дүү Отгонбаатарт уурлаж хэд, хэдэн удаа нүүр рүү болон цээж рүү нь гараараа болон хөлөөрөө цохьсон.... Хажуу булагт очиход тэр хоёр рашааны урд талын сүүдрэвчинд сууж байгаад хараад бургас руу зугтаагаад орсон. Би араас нь ороход манай дүү Отгонбаатар ганцаараа байсан. Харин Ариунтулгыг зугтаагаад гүйчихсэн гэж хэлсэн. Отгонбаатарыг бургаснаас гаргаж ирсэн, тэр үед Отгонбаатар архи бүр нэмээд уучихсан, бараг хөл дээрээ тогтож чадахгүй гуйваад нилээн согтолттой байсан. Би ч уурандаа мөн хэд, хэдэн удаа цохьсон. Отгонбаатар Ариунтулгыг мод руу орсон гэж хэлэхээр нь Отгонбаатараар дуудуулах гээд рашааны баруун талын мод руу хамт орсон. Мод руу ороод Отгонбаатар уурлаад Ариунтулгыг ахад нь барьж өгч яах гээд байгаа юм гээд согтуурхаад байсан. Тэгээд бид хоёр маргалдаад барьцалдаж аваад Отгонбаатарыг хоёр удаа шанаа руу нь алгадсан, тэгтэл тэр чигээрээ газар дээшээ хараад унасан. Би сандраад сэрээх гээд хацар руу нь хэд, хэдэн удаа алгадсан. Би тухайн үед дүүгээ амьсгалтай байсан эсэхийг мэдээгүй, дүүгээ ухаан алдчихлаа л гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ – 66-67 хуудас/

         Шинжээчийн дүгнэлт:  Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 08 дугаартай ....... О.Отгонбаатарын цогцост духны зүүн дээд хэсэг, дээд уруулын баруун хажуу хэсэг, доод эрүүний баруун хажуу хэсэг, зүүн чихний ар дунд хэсгүүдийн зулгаралт, мөн зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо........ Дээрх гэмтэл нь ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн үхэлд нөлөөлөөгүй гэмтэлүүд болно. Талийгаач нь архины хурц хордлогын улмаас нас баржээ.... гэх дүгнэлт /ХХ-ийн 49-50 хуудас/, 

         Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуудас/ зэрэг болно. 

 

         Шүүх шүүгдэгч О.У-ыг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд өөрийн төрсөн дүү О.Отгонбаатарыг “хүчингийн гэмт хэрэг хийлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

         Шүүгдэгч О.У-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. 

 

         Шүүгдэгч О.У үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч О.У-нь шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 01 сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой гэв. 

 

         Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Шарайд овогт О.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-ыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 01 /нэг/ сарын  хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Унь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  О.У-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА