Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0260

 

2020 оны 04 сарын 22 өдөр Дугаар 128/ШШ2020/0260 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Х******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, Ж.Б*******, Т.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, П.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С ХХК-ийн хувьд 2008 оноос хойш 13, 1А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшээд 54.1 га газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар С ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Энэхүү Нийслэлийн Засаг даргын тусгай зөвшөөрөл цуцалсан тухай захирамж гарсныг гардаж авч мэдээгүй байсан.

Тухайн захирамж гарах болсон үндэслэл нь Улаанбаатар хотын ундны усны бүстэй давхцалтай нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж ойлгосон. Тус актыг харвал Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Хариуцагчаас хариу тайлбар ирэх үед С******* ХХК нь 50 дугаар тогтоол дээр давхцалгүй, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн акт тавигдсан гэсэн үндэслэлээр цуцлагдсан болохыг мэдсэн.

С******* ХХК-д 2017 оны 5 дугаар сард өгсөн 02, 05, 132, 299 гэсэн үйл ажиллагааг зогсоох тухай акт гарсан байсныг тухайн компанийн захирал н.А******* 2017 оны 7 дугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар явж байгаад олж мэдсэн, 2017 оны 4 сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд шалгалт хийгдэж үйл ажиллагааг зогсоох акт гарсан гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн.

Шалгалт хийгдсэн талаар үйл ажиллагаа зогсоох тухай акт гарсан байдаг. Актаа аваагүй үүнийг авах талаар хандсан боловч өөр хүн авсан байсан бөгөөд тухайн байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байсан. н.А******* нь 2 сарын дараа хуулбар авч үзсэн байдаг. Тухайн акт дээр 4 зөрчил байгаа талаар дурдсан байсан. Хуулбарыг аваад 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр акт дээр байгаа зөрчлийг гаргаагүй талаар Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

Хавтас хэрэгт сүүлд хүсэлт гаргаад 2017 онд байгаль орчны төлөвлөгөөг хүргүүлсэн байна гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Шалгалтын ажил хийгдсэн үгүйг тодруулахаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д заасны дагуу шалгалтын тэмдэглэлийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэ үед шалгалтын явцын тэмдэглэл хийгдээгүй шалгалт явсан зүйл огт байхгүй байсан. Шалгалтын явцад тогтоосон нөхцөл байдал шалгаруулагч этгээдийн санал хүсэлт орох ёстой байхад ирээгүй байгаа юм. Хуульд заасан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй тухайн актыг үндэслээд тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна.

Сонсгох ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбар дээр 2 зүйлийн талаар ярьдаг. Сонсгох ажиллагаа шаардлагагүй гэсэн заавар байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан тухайн 3 үндэслэл байсан эсэхийг шалгах ёстой байсан. Шалгасан зүйл байхгүй. Ямар гомдлыг яаж шийдэж байгаа талаар актад тусгах ёстой байсан тусгаагүй. Сонсгох ажиллагаа хийсэн талаар тайлбар хэлдэг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сонсгох ажиллагаа хийсэн гэж Засаг дарга тайлбарладаг. Актын зөрчилтэй холбоотойгоор сонсгох ажиллагаа хийх ёстой. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хийсэн байтал шалгалт болохоос өмнө юуг үндэслэж хийсэн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байгаа юм.

Үндэслэх хэсгийг харахаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар тусгасан байдаг. Хотын захиргааны санал огт байхгүй. Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагын дүгнэлт нь хавтас хэрэгт ирсэн байдаг. 5 зүйл заалттай дүгнэлт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах тайлагнах журмын дагуу тогтоосон хугацаанд биелүүлээгүй талаар дүгнэлт хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн бичигт нэг компанийн нэр байхгүй байгаа юм. Тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай дүгнэлт дээр 5 заалтыг уншихад нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар дурдаагүй байдаг. С******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тухайн актыг үндэслээд хууль зөрчсөн А/609 дүгээр захирамжийг гаргасан байгаа юм. Акт нь хэлбэр агуулгын хувьд ойлгомжтой байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлага хангасан байх ёстой байсан. Ямар ч ангилсан зүйл байхгүй олон компанийн эрх ашгийг зөрчсөн акт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17, 16 дугаартай зөвлөмжийн хүрээнд хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтаар С******* ХХК нь улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй учраас тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргахдаа хэвлэлийн бага хурал зарлаж цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж анхааруулан хэлсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан өдөр хэвлэлийн бага хурал хийж, албан ёсны сайтад байршуулснаар ашигт малтмалын бүх аж ахуйн нэгжүүдэд хүрсэн байдаг. Иймд захирамжийг нийтэд мэдээллэсэн, хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна... гэв.

Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн тайлбарт шалгалт хийгээгүй гэдэг тайлбар хэлж байгаа боловч шалгалтаар би өөрийн биеэр яваагүй н.Б гэдэг ахлах байцаагч явсан. Компанийн бичиг баримттай танилцахад байхгүй байсан учраас акт тавьж мэдэгдэх хуудсууд өгсөн байгаа юм. Хэрэгт акт баталгаажуулсан бөгөөд мэдэгдэх хуудсыг н.А гэдэг хүн хүлээж авсан байдаг. Буцаад албан бичиг актыг үйлдсэн он сарыг хүмүүст мэдэгдсэн байдаг. Хүлээж авсан өдрөөс хойш гомдлоо гаргах эрх нээлттэй байсан. Манайд хүсэлт ирээгүй учраас захирамж гарах нөхцөл бүрдсэн байдаг. Одоо хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа учраас шалгаад шаардлага тавиад байгаа юм. Акт тавигдах үндэслэл нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэх үндэслэл бөгөөд хэрэгт хавсрагдсан баримтаас харахад шалгалт явуулж дууссанаас хойш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гаргасан байгаа юм... гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С******* ХХК-ийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсантай холбоотой 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд дээрх 2 тусгай зөвшөөрлийг барьцаалсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно. гэж заасан. Мөн 13 дугаар зүйлийн 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна. гэж тус тус заасан.

Х*******ны хувьд банкны барьцаанд байсан хөрөнгийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар барьцааны эрх шууд хөндөгдөж байгаа юм. Гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл цуцлах асуудал хамаарахаар байтал ямар нэгэн байдлаар Х*******ийг оролцуулаагүй. Захиргаан ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг зөрчиж Х*******ийг оролцуулаагүй байгаа юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбарт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг баримтлан хэвлэлийн бага хурал хийсэн гэдэг. Мэдэгдэл хийсэн гэж тайлбарладаг.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасны дагуу захирамж гарсан өдрөө Улаанбаатар.мн сайтанд мэдэгдсэн гэж тайлбар хэлдэг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх. гэж тусгасан.

Гэтэл сонсгох ажиллагааны мэдэгдэл байх ёстой байтал зарын шинжтэй баримт байгаа. Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаагаар хангах нөхцөл байдал хийгдээгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэж, улмаар Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны ус хамгаалалтын бүсэд орсон аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор 2008 онд олгогдсон С******* ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 1А, 1А дугаартай зөвшөөрлүүд хамаарчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-05/132/299 дүгээр актаар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, биелэлтийг тогтоосон хугацаанд холбогдох газарт тайлагнаагүй, нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлага биелүүлээгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газрыг нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагыг биелэлтийг хангаж, биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй гэх үндэслэлээр тус компанийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түр зогсоожээ.

Нэхэмжлэгч С ХХК-аас ...2017 онд нөхөн сэргээлт хийгээгүй байсан, үйл ажиллагааг түр зогсоосноос хойш нөхөн сэргээлтийг хийсэн, тусгай зөвшөөрөл эзэмшсэнтэй холбогдуулан төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад хандсаар ирсэн... гэсэн тайлбарыг гаргаж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн 06/8729 дугаартай албан бичигт С******* ХХК-ийг 2012 он, 20117 онд тус тус байгаль орчны нарийвчилсан үнэлгээ ирүүлж баталгаажуулсан болохыг, мөн 2017-2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлт ирүүлж байсныг, Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 онд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулж байсан болох баримтуудыг ирүүлжээ.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 02-05-132/299 дүгээр актаар тавьсан шаардлагын дагуу тайлбар хүргүүлж байсан болох нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02-04/1087 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нийслэлийн Мэргэжлийн хяналтын дүгнэлтэд дурдагдсан зөрчлүүдийг арилгах арга хэмжээ хэрхэн авсан, эдгээр баримтуудыг мэргэжлийн байгууллагууд хянан үзээд хэрхэн шийдвэрлэх талаар шүүхээс шууд дүгнэх боломжгүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.4-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийгээ нотлох баримт бичгийг нийслэлийг Засаг даргад хүргүүлж, тэдгээрийг үндэслэлтэй эсэхийг захиргааны байгууллага хянан үзэх үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай үндэслэлийг эс зөвшөөрч холбогдох бичиг баримтаа хүргүүлж байхад захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй байгааг зөвтгөх боломжгүй байна.

Шүүхээс дээрх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тодруулах, нэхэмжлэгчийн захиргааны байгууллагад хүргүүлсэн бичиг баримтыг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталсан, тухайн төлөвлөгөө болон тус ордыг уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, тус компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргатай хамтран баталсан ашигт малтмалын ашиглалтын MV-01, MV-01 дугаар тусгай зөвшөөрөлтэй элсний ордын 2017 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг дахин судалж, хянан үзэх шаардлагатай байна.

Учир нь нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 02/959 дүгээр дүгнэлтийн хавсралтын 65, 66-д тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-01, MV-01 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улсын байцаагчийн актын биелэлт хангаагүй үндэслэлээр С******* ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах талаарх дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэнтэй холбогдуулж улсын байцаагчийн актаар тавьсан шаардлагыг биелүүлсэн эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзлээ.

 Энэ хэргийн маргааны үйл баримтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хэрхэн биелүүлсэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх, зөрчлийг хэрхэн арилгасан, байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг холбогдох дансанд байршуулсан эсэх үйл баримтыг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаас нягтлах нь зүйтэй.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан, нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлтээр улсын байцаагчийн актын биелэлтийг хангаагүй гэх үндэслэлээр С******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан байна.

Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээд дээрх зөрчлийг хэрхэн арилгасан тухай баримтыг захиргааны байгууллагад хүргүүлсээр байхад түүнийг шийдвэрлээгүй нь буруу байна.

 С******* ХХК нь Улаанбаатар хот Налайх дүүргийн нутаг дэвсгэр Зуун модны элс-2, Зуун модны элс-1 гэх нэртэй газарт 13.8 гектар талбайг МҮ-1А дугаар тусгай зөвшөөрлөөр, 40.3 гектар талбайг МҮ-1А дугаар тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2008 оноос хойш арван ёс дэх жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д нийслэлийн Засаг даргын /хариуцагчийн/ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүрэн эрх, тэр дундаа хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт-ийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих бүрэн эрх хуульчилагдсан байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан эрхийг эдэлж, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах талаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үүргийг хүлээх зохицуулалттай байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байх бөгөөд зөрчсөн тохиолдолд мөн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл нь цуцлагдах ба үүнээс бусад тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалагдаж байх онцгой эрхтэй гэж ойлгогдохоор байна.

Хариуцагч буюу захиргааны байгууллага дээрх хуулийн 37.1.3 дахь заалтыг шийдвэрийнхээ зарим үндэслэл болгож байгаа бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, мөн хууль зүйлийн 37.3-д энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ, мөн хууль зүйлийн 37.4-д аймаг , нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ гэхчлэн шат дараалсан шинжтэй ажиллагааг хэрэгжүүлсний эцэст шийдвэр гаргах байсан байна.

Түүнчлэн С ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Х******* ХХК-тай ЗГ154 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2.060.480.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан бөгөөд БГ154-01 дугаартай барьцааны гэрээгээр дээрх тусгай зөвшөөрлийг барьцаалуулсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 13.2-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу С******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа барьцаалагч болох банкны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх талаар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ.

Шүүх хуульд ийнхүү зохицуулсан заалтыг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр захиргааны актыг гаргасан, энэ талаар баримтыг судалж үзэлгүйгээр хариуцагчаас ...байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, газрын хэвлий ашиглах эрхийг буюу тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байгаль орчны талаарх нийтийн эрхийг хамгаалах явцад шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн С******* ХХК-д холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, цаашид нөхцөл байдлыг судлан дахин захиргааны шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.11 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.2, 37.3, 37.4-д заасныг баримтлан С******* ХХК-ийн нэхэмжлэлээр, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Д. ОЮУМАА