| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0295/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/275 |
| Огноо | 2017-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2017/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Хохирогч С.Ц-
Шүүгдэгч Ц.Л- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Л-д холбогдох эрүүгийн 1738002500094 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Л-,
Шүүгдэгч Ц.Л- нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багт иргэн В-ийн гэрт иргэн С.Ц-г хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Ц.Л- нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багт иргэн В-ийн гэрт иргэн С.Ц-г хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч С.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын дундуур миний танидаг В- ах төрсөн өдөр тэмдэглэж байна ирж цай уу гэж байсан. Тэгэхээр нь В-ийн гэрт очоод цай уугаад сууж байхад гаднаас надтай хамтран амьдрагч Ц.Л- орж ирснээ чи миний төрсөн өдрийг тэмдэглэхгүй байж яасан их хүний төрсөн өдөр тэмдэглэдэг пизда вэ гэснээ намайг барьж аваад шууд орны толгой толгойгоор маань мөргүүлээд газарт дараад унагаасан. Тэгж унахад миний зүүн талын хавирга эвгүй болсон. Тэгээд би тухайн үед ухаан алдсан байсан. Ц.Л- согтуу байхаар намайг байнгын хэл амаар доромжилж, янхан банзлаар дуудаж зоддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Гэрч Д.-н мөрдөн байцаалтын шатанд өгсн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай ээжийн хамтран амьдрагч Ц.Л- нь айлд байхад нь зодсон байсан. Маргааш өглөө нь ээжийн гэрт ороход ээж маань сууж чадахгүй, хэвтэж ч чадахгүй болчихсон байсан. Би юу болсон талаар асуутал Ц.Л- гэдэг хүн В- гэдэг айлд цай уугаад сууж байхад нь согтуу ирээд зодчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...В- гуайн гэрт очтол ээж С.Ц- баруун талд сандал дээр суугаад уйлчихсан байсан. Тэгээд аваад гарах гэтэл ээж зүүн талын хавиргаа дараад ёолоод бараг явж чадахгүй бөхийж яваад байсан. Би ээжийг аваад гарах гэхэд гаднаас хамтран амьдрагч Ц.Л- орж ирээд хамт гарсан. Харих замдаа ээж Ц.Л- ахтай маргалдаад чи намайг зодож орлуу түлхэж унагаалаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч Б.В-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр болоод...С.Ц- ирж хоол унд идээд сууж байтал араас нь Ц.Л- согтуу орж ирээд гэнэт босч ирээд орлуу түлхэх шиг болсон. Тэгтэл С.Ц- босч чадахгүй болчихлоо хавирга хугарчих шиг болчихлоо гээд орилоод уйлаад байсан. Тэгээд би Ц.Л-г хойш нь татаж орон дээр суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 583 дугаартай:
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ц.Л- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1738002500094 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч нь эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Л-г бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц.Л-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ