Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

  М.Пүрэвдоржид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                      Хэргийн индекс 166/2022/0059/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батсүх

Шүүгдэгч М.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Ж.Туяа

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Пүрэвдоржид холбогдох 2118000000403 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Малчин овгийн Мягмарын Пүрэвдорж, 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль судлаач мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 34-4-55 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 440 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3.т зааснаар 03 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.т зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, нийт 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, /РД:ТЖ80102515/

Шүүгдэгч М.Пүрэвдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Жимстэйн ам гэх газарт иргэн Л.Эрдэнэдалайн гэрт Г.Зул-Алдарыг хутгалж, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос М.Пүрэвдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Малчин овогт Мягмарын Пүрэвдоржийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржийг 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржид оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржийн цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.т зааснаар шүүгдэгч М.Пүрэвдоржоос 8.806.364 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2-р баг, Сонинхангайд оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Галсанжав РД:0074030617, утас: 95055562/-д олгож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Nokia” маркийн 2 ширхэг гар утсыг Л.Эрдэнэдалай, М.Пүрэвдорж нарт, “Samsung” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Галсанжавт тус тус буцаан олгож, хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутга, Хараа 0.75 гр, Хараа 0.5 гр, Qualy нэртэй нийт 3 ширхэг архины шил, цэнхэр өнгийн дээл, цар өнгийн бүс, “Оюу-Толгой” гэх бичигтэй цахилгаантай цамц 1 ширхэг, Fila гэх бичигтэй малгайтай хар цамц 1 ширхэг, The north face гэх бичигтэй хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн судалтай цамц 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээтэй хөх өнгийн канттай өмд, хар өнгийн ноосон өмд, хар саарал өнгийн дотоож, хар өнгийн оймс 4 ширхэг, шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг шаргал өнгийн 1 хос гутал зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

-Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Пүрэвдоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Пүрэвдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Пүрэвдорж давж заалдах гомдолдоо:

...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Өндөр настай аав, ээж хоёр маань байдаг бөгөөд бие муутай, алхаж гишгэж чаддаггүй. Хохирогчийн хохирлыг би өөрөө ажил хийж төлөх хүсэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Пүрэвдорж тайлбартаа:

Миний бие өндөр настай аав ээжийн хамт амьдардаг. Хохирогчид төлөх хохирлыг ажил хөдөлмөр эрхэлж төлөх саналтай байгаа. Ээж маань өндөр үнэтэй хагалгаанд орсон тул хохирлыг төлж чадаагүй. Иймд нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч дэглэм өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргасан. Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээдэд шударга ёсны зарчимд нийцсэн ял шийтгэлийг оногдуулдаг. Шүүх бүх насаар нь хорих ял шийтгэлтэй гэмт хэрэгт 20 жилийн ял шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Пүрэвдоржид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Прокуророос шүүгдэгч М.Пүрэвдоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Жимстэйн ам гэх газарт иргэн Л.Эрдэнэдалайн гэрт Г.Зул-Алдарыг хутгалж, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Пүрэвдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Жимстэйн ам гэх газарт иргэн Л.Эрдэнэдалайн гэрт Г.Зул-Алдарыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр цээжний ар хэсэгт баруун далны дотор талд, доод хэсэгт, гадна доод хэсэгт, дал хэсэгт нийт 11 хутгалсан шарх, хүзүү, хоолойнд нийт 7 шарх, баруун бугалга, шилбэ, зүүн бугалга, мөр, сарвуу, гуя өгзгөнд нийт 30 удаа хутгалснаас, биед нь олон тооны гэмтэл, шарх үүсгэж, хохирогчийн биед цээжний ар хэсгээр цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл шархнууд үүсгэсний улмаас хохирогч гэмтлийн шоконд орж нас барж, хүний амь насыг нь хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Галсанжавын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /1-р хх155, 157/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай мөр судлалын шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны 10 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-20/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 21-22/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/22 дугаар магадалгаа /1-р хх 82/, гэрч Л.Эрдэнэдалай, Л.Эрдэнэбилэг, А.Уламбаяр, Ж.Дашвэл, Ж.Дашдорж, Ж.Мягмар нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /1-р хх 53-74/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч М.Пүрэвдоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Зул-Алдарыг хутгалж, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэлбэр, хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч шууд үхэлд хүрч нас барах бөгөөд энэ гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж бусдын амь насыг хохирооход чиглэсэн, санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсан явдлыг тооцдог.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч М.Пүрэвдоржийн гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Пүрэвдоржийн ...шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ болон ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.           .

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.МАНЛАЙБААТАР

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БУЯНЖАРГАЛ

                                                              ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ