Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 52

 


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                       Хэргийн индекс:114/2016/0039/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн ******* тоотод   оршин суух  *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

“Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолын Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                              Н.*******

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч:                                    Л.Оюунсувд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:             И.Алтанцэцэг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:              Б.Саранчимэг  нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан журмын дагуу бие даан нэр дэвшиж бүртгүүлэхээр материалаа Дархан-Уул аймгийн сонгуулийн хороонд өгсөн юм. Гэтэл тус Сонгуулийн хорооноос 2016 оны 5 дугаар сарын 19-ний 08 тоот тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан байна. Аймгийн Сонгуулийн хорооны тогтоолд намайг сонгуулийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.1.4 “а” дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлийг тавьж нэр бүртгэхээс татгалзсан байна.

Сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа хуурамчаар аливаа нэг гарын үсгийг зуруулаагүй, гарын үсэг зурсан гэх хүмүүс бүгд өөрийн хүсэл зоригийн илэрхийллийнхээ дагуу гарын үсэг зурсан байхад ор үндэслэлгүй мэдээллээр, үндэслэлгүй тогтоол гаргаж бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй юм. Э.******* нь манай суманд хоёр Н.******* байдаг, хоёулаа Засаг даргаар ажиллаж байсан учир би Бэгзийн *******г дэмжиж гарын үсгээ зурсан юмуу гэж асууж байна гэж бодоод гарын үсгээ зураагүй гэж Сонгуулийн хорооноос асуухад нь хэлсэн гэдгээ гэрчээр асуусан мэдүүлэгт тодорхой хэлсэн байгаа. Сонгуулийн хороо нь Э.*******ын гарын үсгийг хуурамч гэж үзэж байгаа бол дэмжигч сонгогчдын бүртгэлд 258 хүний дэмжсэн гарын үсэг цугларсан байгаа ба сонгуулийн хуульд 201-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан байхыг шаардсан байх учир хангалттай гарын үсэг цугларсан бүртгэл байгаа. Нэг хүний зураагүй гэж хэлснээс болж бусад хүний хүсэл зоригийг хүлээн авахгүй байх боломжгүй  юм. Иймд Аймгийн сонгуулийн хорооны хууль бус 08 тоот тогтоолын Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч  И.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч *******гийн сонгуулийн хороонд ирүүлсэн Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт дээрх сонгогчдын гарын үсэг зөв эсэхийг нягтлах ажлыг хуулийн 157.8-д заасны дагуу түүвэрлэн тулгах замаар гүйцэтгэсэн ба маягтан дээрх нэг хүний гараар нэг хуудсан дээр нэр доор бичигдсэн *******, Энхбаатарын *******, ******* нарын утас руу залгаж ярихад Ж.Золбоо нь маягтан дээр гарын үсэг зурсан гэж хариу өгсөн. Б.Болдын утас холбогдох боломжгүй байсан, Энхбаатарын *******ын утас руу утасдан нэр дэвшигч *******гийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг зуруулах хуудсан дээр гарын үсэг зурсан уу гэж асуухад би тийм маягт дээр гарын үсэг зураагүй гэж хариулсан. Бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцсэн аймгийн сонгуулийн хорооны хурал дээр *******гийн асуудлыг хэлэлцэх үед нарийн бичгийн дарга Энхбатын утаснаас Э.*******ын 9982-9345 дугаар руу дахин утасдан нэр дэвшигч *******г дэмжиж, сонгогчдын гарын үсэг зуруулах маягт дээр гарын үсэг зурсан уу гэж асуухад би гарын үсэг зураагүй гэж хариулт өгснийг гишүүд сонссон.Тэгээд сонгуулийн хорооны гишүүд нэг хүний гарын үсэг хуурамч байх нь тогтоогдвол зөрчил гэж үзнэ гэсэн учир 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч *******г сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж үзэн бүртгэхээс татгалзан шийдвэрлэсэн гэв.              

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь “Дархан-Уул аймаг дахь Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаартай тогтоолын Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 08 дугаар тогтоолын 1 дэх заалтад  Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.4 “а”-д заасныг тус тус үндэслэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуулийн 20 дугаар тойрогт нэр дэвшигч *******г  бүртгэхээс татгалзсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д бие даан нэр дэвшигч нь “аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байхыг хуульчилсан байх бөгөөд бие даан нэр дэвшигч Н.******* нь дэмжигч-сонгогчийн бүртгэлийн маягтын дагуу 258 сонгогчийн гарын үсгийг зуруулснаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон гарын үсэг зуруулсан маягт, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар 1 хүн нь  гарын үсгийг зураагүй гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

 

 Гэвч 258 сонгогчийн гарын үсгээс зөрчилтэй гэх 1 хүний гарын үсгийг хасахад бие даан нэр дэвшигч Н.******* нь  257  сонгогч дэмжигчийн  дэмжлэгийг авсан байх бөгөөд тэдгээр сонгогч дэмжигчдийн сонгох эрхийг хязгаарласан, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасныг зөрчсөн шийдвэр гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хууль дээдлэх”,  5.1.5-д “ маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

 

 Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Н.*******гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгогдох” эрхийг  сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагч аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, Сонгуулийн тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1-д заасныг  тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 156 дугаар зүйлийн 156.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож,  Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Н.*******г 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг Аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА