Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 195

 

“П и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн

иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Лүн сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    П.Соёл-Эрдэнэ

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал, Төв аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэлийн ”П и” ХХК-д холбогдох хэсгийг, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоолын “П и” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 123/ШШ2017/0036 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0136 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Заантогтох

Нэхэмжлэгч “П и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 123/ШШ2017/0036 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”П и” ХХК-ний Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэл, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 06 ны өдрийн 37 тоот тогтоолын “П и” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0136 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох гомдолдоо: ... Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан бөгөөд түүнийг тайлбарласан УДШ-ийн 2010 оны 9 дугаар тогтоолын 10-д “19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл Засаг дарга зөвхөн хуульд нийцүүлж татгалзах эрхтэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх манай компанийн өргөдөлд дурдсан талбай нь бусдын эзэмшил, ашиглалтад буй газартай давхцалтай тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан шаардлага хангагдаагүй байна гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү заалт нь газар эзэмших хүсэлт гаргаж байгаа тохиолдолд хамаарах заалт. Манай компанийн хувьд газар эзэмших биш, харин газрын хэвлий ашиглах хүсэлтийг гаргасан.

6. Газар гэж Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д газрын хэвлий гэж Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус өөр өөр зүйл болохыг тодорхойлж өгсөн. Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар ашигт малтмалын хайгуул, ашиглалт гэдэг бол газрын хэвлий ашиглах тухай ойлголт юм.

7. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна” гэж заасан. Эндээс газрын хэвлий ашиглагч буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар эзэмшигч, ашиглагчаас зөвшөөрөл авна гэж газрын хэвлий ашиглагч, газар ашиглагчийн эрх зүйн харилцааг зохицуулж өгсөн байна. Энэ нь хэвлий ашиглалт, газар эзэмшил давхардаж болохыг илтгэж байх бөгөөд харин хэн нь хэнээсээ зөвшөөрөл авах харилцааг зохицуулсан байна. Хэрвээ давхцаагүй бол яах гэж хэн нь хэнээсээ зөвшөөрөл авахыг зохицуулах ёстой гэж.

8. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу хэрэглэсэн Ашигт малмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар ИТХ-ийн Тэргүүлэгчдийн шийдвэр нь “тогтоол” хэлбэртэй байх ёстой. Гэтэл хууль зөрчиж зөвхөн тэмдэглэл үйлдэж орхисон нь хууль зөрчсөн байхад хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай.

9. Аливаа төрийн байгууллагын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг нь хууль дээдлэх байдаг, харин шүүхийн үүрэг нь хуулийг дээдлэхийг шахаж, шаардаж, хууль хэрэгжүүлээгүй байгууллага, албан тушаалтны дур зоргыг шийдвэрээрээ таслан зогсоож байх ёстой. Гэтэл хуульд заавал тогтоол байхаар заасан байхад түүнийг буруутгах үндэслэлгүй гэж зөвтгөж буй нь хуулийг битгий дээдэл гэж шүүх уриалж буйтай адил юм. Хэрвээ энэ байдлаар хуульд заасан байх ёстой хэлбэрийн шаардлагыг зөрчсөнийг шүүх нь өмөөрөхөөр бол анхан шатны шүүх шийдвэр гаргалгүй тэмдэглэлээр хэрэг шийдээд явж болно гэсэн үг.

10. Тэгэхээр нэгэнт хуулиар заавал тогтоол байхаар шаардсан бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй бол тухайн шийдвэр хүчингүй болж байх ёстой. Аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн шийдвэр хүчингүй болсноор аймгийн Засаг дарга мөн хууль бус ИТХ-ийн саналд үндэслэж хариу өгсөн тул санал нь хүчингүй болох ёстой.

11. Хуулийг буруу хэрэглэж, 2015 оны захиргааны актад тусгагдаагүй өнөөдрийн нөхцөл байдлыг үндэслэж шийдвэрлэсэн Засаг даргын болон аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчид, сумын ИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоолд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, болон Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-ийг баримталсан байдаг. Гэтэл эдгээр заалтуудад нэг ч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан заалт байхгүй. Гэтэл шүүх хуралдааны явцад хариуцагчид нь байж болох бүхий л шалтаг, шалтгааныг дурдаж, тухайн захиргааны актын үндэслэлд огт тусгагдаагүй, тухайн үед хэлэлцээгүй зүйлийг шүүх хурал дээр “2 жилийн өмнөх захиргааны актын үндэслэл” мэтээр тайлбарлаж, түүнийг нь шүүх үндэслэж буй нь логикийн алдаатай, субъектив дүгнэлт болж байна.

12. Маргааны зүйл болсон захиргааны актууд гарах үед тухайн үндэслэл байсан эсэх, тухайн үндэслэлийг үндэслэж захиргааны акт гарсан эсэхийг баримтлан шүүх шийдвэрлэх ёстой. Харин өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа, өнөөдөр ямар шалтгаан байгаа нь 2015 онд захиргааны акт гаргахад дурдагдаагүй бол тухайн үеийн захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй.

13. Иймд, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            14. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            15. Төв аймгийн Лүн сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны  өдрийн 37 дугаар тогтоолоор  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3 дахь заалтыг үндэслэн “П и” ХХК-ийн тус сумын нутаг дэвсгэр, “Хамар толгой” нэрт талбайд  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд “дэмжихгүй санал уламжлах”-аар, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар мөн асуудлыг хэлэлцээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т заасныг тус тус үндэслэн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй” гэж тус тус шийдвэрлэсэн, Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 33 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын хуудсаар “уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” санал ирүүлжээ. 

            16. Нэхэмжлэгч ”П и” ХХК-иас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “... ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, нөөцөд авсан газарт хамаарахгүй байхад ...  хууль зүйн үндэслэлгүй татгалзсан, ... Тэргүүлэгчдийн тогтоол гарах ёстой байтал “тэмдэглэл”-ээр татгалзсан нь ... /хууль бус/, ... аймгийн Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага хангаагүй” гэх зэргээр маргасан, шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэх ёстой хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            17. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон)-ээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон, уг зүйлийн 19.3-т “... /төрийн захиргааны байгууллага/ тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол  ... энэ талаар тухайн аймаг ...-ийн Засаг даргад бичгээр мэдэгдэх...”-ээр, 19.4-т “... аймаг... –ийн Засаг дарга ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум... /-ын/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ... аймаг...-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...”-өөр тус тус зааснаас үзэхэд, Ашигт малтмалын тухай хуульд заасан аймгийн Засаг даргын “санал авах” зохицуулалт нь тухайн сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах эсэх талаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар дамжуулан тухайн орон нутгийн иргэдийн санал бодлыг харгалзах, үүний үндсэн дээр төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргах агуулгатай байна.

            18. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “...нутгийн өөрөө удирдах ёс нь ... тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн”, 18 дугаар зүйлийн 18.1-д “... сум ... /-ын/ Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй...”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “... /сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь/ нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх /эрхтэй/” гэж тус тус зааснаас үзэхэд, Төв аймгийн Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид нь сумын эдийн засаг, нийгмийн аливаа асуудлыг бие даан хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй, үүний дотор, тус сумын нутаг дэвсгэр, “Хамар толгой” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх мөн багтана.

            19. Иймд, Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт, “Хамар толгой” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэн, “дэмжихгүй” гэх шийдвэр гаргасан Лүн сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн маргаан бүхий актуудыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хариуцагч нарт олгогдсон “... асуудлыг бие даан шийдвэрлэх” бүрэн эрхийн хүрээнд гарсан, хуульд нийцсэн актууд байна гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв гэж үзнэ.  

            20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Тэргүүлэгчдийн шийдвэр нь “тогтоол” хэлбэртэй байх ёстой. Гэтэл хууль зөрчиж зөвхөн тэмдэглэл үйлдэж орхисон нь хууль зөрчсөн” гэх боловч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг “хэлэлцээгүй” гэж талууд маргаагүй, тухайн тохиолдолд, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас нэгэнт гарсан шийдвэрийг “тогтоол” эсхүл “тэмдэглэл” хэлбэртэй албажуулсаны улмаас нэхэмжлэгч “П и” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, түүнчлэн, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа нь зөвхөн газартай холбоотой явагддаг тул уг харилцаа нь Газрын тухай, Газрын хэвлийн тухай хуулийн зохицуулалтад хамаардаг хэдий ч Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулагддаг тул маргааны үйл баримтад холбогдуулан Газрын хэвлийн тухай хуулийг хэрэглэхгүй, энэ үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ашигт малтмалын хайгуул, ашиглалт гэдэг бол газрын хэвлий ашиглах тухай ойлголт /тул/ ... Газрын хэвлийн тухай хуулийг ... /хэрэглэх ёстой/” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

            21. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа нь тухайн газрыг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрэн мэдэлдээ байлгаж, үйл ажиллагаа явуулах үр дагавартай тул бусдын эзэмшил, ашиглалтад нэгэнт олгогдсон газартай давхцсан байдал нь хайгуул, олборлолтйн үйл ажиллагаа явуулахад хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... манай компани газар эзэмших биш газрын хэвлий ашиглах хүсэлт гаргасан /байхад/ ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д ... заасан шаардлага хангаагүй гэж шүүх дүгнэсэн ... нь буруу” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг мөн хүлээж авах боломжгүй байна. 

            22. Монгол Улсын Үндсэн хуулийн Жараннэгдүгээр зүйлийн 1-д “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх...”-ээр, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.в-д “... /Засаг дарга/ хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах”-аар, 29.1.3.г-д “.../Засаг дарга/ газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх...”-ээр тус тус заасан байх тул Засаг даргын шийдвэрийн нэг үндэслэл нь тухайн Хурлын шийдвэр мөн гэж үзнэ, иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон)-ийн 19.5-д заасан “... аймаг...-ийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно” гэсний “...хуульд заасан үндэслэл” нь тухайн Хурлын шийдвэр болох тул Төв аймгийн Лүн сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны  өдрийн хуралдаан, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас “дэмжихгүй” шийдвэр гарсан байхад Төв аймгийн Засаг дарга “дэмжсэн санал” гаргах үндэслэлгүй юм.

            23. Иймд, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 33 дугаартай “уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэх санал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Засаг дарга хуульд нийцүүлж татгалзах эрхтэй..., Хурлын шийдвэрээс хамаарахгүйгээр ... хуульд нийцүүлж татгалзах ёстой” , “... шүүхүүд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг мөн хүлээж авах боломжгүй байна.     

24. Эдгээр үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 123/ШШ2017/0036 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0136 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “П и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтохын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА