Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 184/2024/01501/и |
Дугаар | 184/ШШ2024/03432 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/03432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Батчимэг, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-т холбогдох
гэм хорын хохирол 23,925,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, иргэдийн төлөөлөгч У., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* гэм хорын хохиролд дутуу авсан цалин хөлс, орлого 23,925,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
.... О.******* нь Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг, Баянбүрд "М-Ойл" шатахуун түгээх станцын урд замд 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 50 минутын орчимд улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ба 12.3 заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч явсан намайг мөргөж миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Нийслэлийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Б.ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №912 тоот дүгнэлтэд зүүн гуяны хууларсан том шарх, зүүн зулайн няцарсан шарх, зүүн гарын сарвууны зулгаралт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тогтоосон болно. 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/788 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д Хохирогч Г.******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй гэж тогтоосон. Миний бие Г.******* нь барилгын материалын 100 айл зах дээр өөрийн эзэмшлийн бага оврын ачааны машинаар тээвэр хийж амьжиргаагаа залгуулахын сацуу UBCab ХХК-ийн UBCab Driver болон Грөүв ложистик технологи ХХК-ийн Papa Logistic аппликэйшн ашиглан нэмэлт орлого олдог байсан билээ. Гэвч 2023 онь 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дээрх ослын улмаас машинаа сайн барьж ачаа тээвэрлэх чадваргүй болж, цалин орлого олох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Осолд орохоос өмнө буюу 2023 оны 2 дугаар сараас 2023 оны 8 дугаар cap хүртэл миний дундаж цалин, орлого Хаан банкны дансны хуулгаар 6 сарын орлого 10,316,012 төгрөг ба 1 сарын дундаж орлого 1,124,900 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны хуулгаар 6 сарын орлого 11,644,655 төгрөг ба 1 сарын дундаж орлого 1,940,775 төгрөг, Голомт банкны дансны хуулгаар 6 сарын орлого 6,749,400 төгрөг ба 1 сарын дундаж орлого 1,719,335 төгрөг нийт миний 1 сарын дундаж цалин орлого 4,785,010 төгрөг болж байна. Миний бие Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болох Түлэнхийн төв эмнэлэгт 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 1 cap хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гарсны дараа гэрээр эмчилгээ хийлгэсэн ба Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 7 хоногт 2-3 удаа боолт хийлгэж байсан. Миний зүүн гуяны хууларсан том шарх, шархны үхжилт үрэвсэл, зүүн зулайн няцарсан шарх, зүүн сарвуунд зулгарсан гэмтлээс болж би өнөөдрийг хүртэл хөл хөшдөг, бадайрдаг, сөхөрч унадаг, маш удаан явдаг болсон бөгөөд зүүн гуяны том урт сорви таталдан өвдөж удаан алхах, зогсох болон өөрийн машинаа барих үед маш их өвддөг, зүүн гарын сарвуу гүйцэт атгахгүйгээс барьж байгаа зүйлээ унагаах зэргээс үүдэн ажил хөдөлмөр эрхэлж, орлого олж амьдралаа залгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно.
Би өнөөдрийн хүртэл Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгүүдэд хөл болон гартаа сэргээн засах эмчилгээ хийлгүүлсээр байгаа болно. Иймд О.*******оос ажилгүй байгаа хугацааны цалин, олох байсан орлогод нийт 23,925,050 төгрөгийг гаргуулж өгнө үү ... би одоо хүртэл эмчлүүлж байгаа учир эмчилгээний зардлыг дараа нь жич нэхэмжилнэ, тиймээс энэ талаар одоо нэхэмжлэл гаргахгүй, хариуцагчаас эмчлүүлж байх хугацаанд эмчилгээний төлбөрт зориулж нийт 540,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу сэтгэцийн хохиролд 1,815,000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй ... гэв.
2. Хариуцагч О.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Г.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн ослын хэрэгт холбогдон эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдэж дууссан. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээр шийдвэрлэсний дараа сэтгэл санааны хохиролд 1,815,000 төгрөг, гэмт хэргийн хохиролд 4,000,000 төгрөг зэргээр уг гэмт хэргийн хохирол хор уршигт нийт 5,815,000 төгрөгийг Г.*******ид төлж барагдуулсан болно. Эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдсэн хэрэгт миний зүгээс хохирол төлбөрийг боломжоороо төлж байсан бөгөөд одоо цаашид Г.*******ид ямар нэгэн хохирол төлбөр төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Нэхэмжлэгчийн сарын цалин, орлогыг ирээдүйд олох ёстой байсан орлого гэж тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй гэж заасан байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт буюу ажлын газрын тодорхойлолтыг цалингийн тодорхойлолт гэж үзэх боломжгүй байна. Дансны хуулгаар олох ёстой байсан орлого нотлох нотолгоо гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн нэг сарын олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжлэлээс 660,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
3. Иргэдийн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч эмнэлэгт нэг сар хэвтсэн, 5 сарын орлого нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн хөл гэмтэж, хагалгаанд орсон учраас хохирогч тал 23 сая төгрөгийг олох үндэслэлтэй гэж үзэж байна, хариуцагч гэм буруутай ... гэв.
4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: нэхэмжлэгчийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.06-ны өдрийн №2023/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоол, Грөүв Эс Эс Ложистик Технологи ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, Юбикаб ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, эмчлүүлж байх үеийн гэрэл зураг.
5. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргаагүй.
6. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2024.03.15-ны өдрийн №2/214 тоот албан бичиг, өвчний түүх, Эмчлүүлэгчийн анамнез, Клиникийн урьдчилсан онош, Сэргээн засах эмчилгээний карт, Эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт, Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, Сувилгааны тэмдэглэл, үйлчилгээний төлбөр төлсөн баримт, Яаралтай тусламжийн хуудас, Гэмтлийн эмчийн үзлэг, Дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт, Клиникийн оношны үндэслэл, Үзлэгийн тэмдэглэл, Эмч нарын зөвлөгөөний шийдвэр, Мэс засал /Мэс ажилбар/ хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, Мэс заслын тэмдэглэл, Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэргээх үеийн хяналтын хуудас, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн 2024.03.21-ний өдрийн 74 тоот албан бичиг, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн 2024.03.27-ны өдрийн 181 тоот албан бичиг, Өвчний түүх, Эмчлүүлэгчийн анамнез, Сэргээн засах эмчийн үзлэг, Хөдөлмөр заслын үнэлгээний хуудас, Клиникийн урьдчилсан онош, үндэслэл, Үзлэгийн тэмдэглэл, Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, Өвдөлтийн хянах хуудас, Эмчлүүлэгчийн бие даах чадварыг үнэлэх КАТЗ-ийн үнэлгээ, Насанд хүрэгчдэд хийгдэх унах эрсдэлийн үнэлгээ, Эрт сэрэмжлүүлэх үнэлгээний хуудас, Эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******оос хариуцагч О.*******т холбогдуулж эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас учирсан хохирол буюу дутуу авсан цалин орлого 23,925,050 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэг сарын цалин хөлс 660,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах гэмтэл биш, ирээдүйд олох байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч О.*******ийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Баянбүрд М-ойл шатахуун түгээх станцын урд замд 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Т.акуа маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.3 заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан нэхэмжлэгч Г.*******ийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн гуяны хууларсан том шарх, шархны үхжилт үрэвсэл /шархны үхэжсэн эдийг өөлж авах, арьс нөхөх мэс засал/, зүүн зулайн няцарсан шарх, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул хариуцагч О.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх ба энэ үйл баримтыг дахин нотлохгүй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч О.******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хор, хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
7. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, орлогоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.
8. Шийтгэх тогтоолоор шүүх Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын гуравдугаар зэрэглэлд заасныг үндэслэн 1,815,000 төгрөгийг хариуцагч О.*******оос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, энэ төлбөрийг хариуцагч бүрэн төлсөн талаар талууд маргаагүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас эмчилгээний зардалд 4 сая төгрөг төлсөн гэснийг хариуцагч үгүйсгэж эмчилгээний төлбөрт нийтдээ 540,000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч эмчилгээний зардлын талаар нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар жич нэхэмжлэл гаргана гэжээ.
9. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх үндэслэл нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл хөдөлбөргүй тогтоогдсон байхаас гаднаас нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон байхыг шаарддаг.
Шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагчийн гэм бурууг нэгэнт тогтоосон, нэхэмжлэгч тухайн гэмт үйлдлийн улмаас хэвтэн эмчлүүлсэн, хэвтсэний дараа гэмтлийн шарх бүрэн эдгэрээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эмчилгээ хийлгэж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгээс ирүүлсэн өвчний түүхийн талаар баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул энэ хугацааны олох байсан орлогоо нэхэмжилж байгаа нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
10. Нэхэмжлэгчийн ... би барилгын материалын 100 айл зах дээр өөрийн эзэмшлийн бага оврын ачааны машинаар тээвэр хийж амьжиргаагаа залгуулахын сацуу UBCab ХХК-ийн UBCab driver болон Грөүв ложистик технологи ХХК-ийн Paра Logistic аппликейшн ашиглан нэмэлт орлого олдог байсан ... гэх тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Грөүв Эс Эс Ложистик технологи ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №А24/13 тоот албан бичигт ... ******* нь ... Paра Logistic платформ дээр улсын дугаартай ... автомашинаараа ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нэг сарын 1,500,000 нэмэлт орлого олдог болно ... , Юбикаб ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №24/21 тоот албан бичигт улсын бүртгэлийн дугаартай Субару маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.******* нь Юбикаб ХХК-нд 2022 оны 8 сарын 22-ны өдрөөс хойш одоог хүртэл манай Замын унаа, Дуудлагын жолооч, Седан түрээс үйлчилгээнд хамтын ажиллагааны гэрээтэй явдаг нь үнэн болно ... гэж тодорхойлсон байдал, нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк дахь түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирохоос өмнөх цаг хугацаанд ажил хөдөлмөр хийж цалин орлого тогтмол олж байсан нь нотлогдож, тогтоогдож байна.
11. Тухайлбал нэхэмжлэгч нь осолд орохоос өмнөх 6 сарын хугацаанд Хаан банкны тоот дансаараа 10,316,012 төгрөгийн, Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансаараа 11,644,655 төгрөгийн, Голомт банкны тоот дансаараа 6,749,400 төгрөгийн нийт 28,710,067 төгрөгийн бодит орлоготой байсан нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан арилжааны банкнууд дахь дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ хугацаанд нэхэмжлэгчийн сарын дундаж орлого 4,785,010 төгрөг байжээ.
12. Харин зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдуулж нэхэмжлэгч эмнэлэгт хэвтсэн, эмнэлгийн байгууллагаар тогтсон хугацаанд эмчлүүлж байгаа, мөн бие махбодод учирсан гэмтэлтэй холбоотойгоор урьд эрхэлж байсан ажил, хөдөлмөрөө бүрэн хэмжээнд эрхэлж чадахгүй болсонтой холбогдуулж түүний өдөр тутмын орлого, цалин хөлс буурсан байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны тоот, Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулгаар нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сард 854,000 төгрөг, 10 дугаар сард 1,278,000 төгрөг, 11 дүгээр сард 860,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 2,232,000 төгрөг, 2 дугаар сард 250,636 төгрөг, 3 дугаар сард 1,047,940 төгрөг, 4 дүгээр сард 375,000 төгрөг нийт 6,897,576 төгрөгийн орлого олсон, энэ хугацаанд түүний нэг сарын дундаж орлого 1,149,596 төгрөг болж буурсан болох нь тогтоогдож байна.
13. Тиймээс нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлс, олох байсан орлогыг өдрийн 165,246 төгрөгөөр тооцож /4,785,010-1,149,596/22 ажлын өдөр/ зам тээврийн осолд өртсөн 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 122 хоногийн дутуу авсан цалин хөлс, орлого нийт 20,160,012 төгрөгийг хариуцагч О.*******оос гаргуулж нэхэмжлэгч Г.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,765,038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
14. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм буруутай тул хохирлыг бүрэн хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн хийсэн дээрх дүгнэлттэй агуулгын хувьд нийцэж байгаа боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч О.*******оос нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 258,750 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*******оос 20,160,012 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,765,038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч О.*******оос улсын тэмдэгтийн хураамж 258,750 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Ч.НЯМСҮРЭН