Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00578

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00578

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00389/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***нь шүүхэд Зочид буудалд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ***ийн Х*** аймгийн Х*** хотын Орон сууц нийтийн аж ахуйн төвийн Зочид буудалд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Хүсэлт гаргагч ***ийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч холбогдох өөр баримт, хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай гэж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байцаагч хэлсэн...гэв.

Хүсэлт гаргагч ***нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11/301 дүгээр албан бичиг, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Орон сууц, нийтийн аж ахуйн төвийн даргын 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар Ажилд томилох тухай, 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, 2024 оны 3 дугаар сарын 19, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.Ц*, Ц.Б* нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүсэлт гаргагч ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Хүсэлт гаргагч С.Б*** ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч холбогдох өөр баримт, хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай гэж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байцаагч хэлсэн...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Орон сууц, нийтийн аж ахуйн төвийн даргын 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар: ...2. ОСГ-ны I-р хорооны харъяат С** овогтой Б** 1988 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс зочид буудлын үйлчлэгчээр,...тус тус томилсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай,

1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар: 1.Зочид буудлын үйлчлэгч С.Б** 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон оёдлын үйлдвэрийн мэдэлд шилжүүлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/603 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...С** Б**, ажилладаг байгууллага: оёдлын үйлдвэр, ажилд орсон он: 1988, эрхэлдэг ажил: оёдолчин... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Гэрч Н.Ц*: ...С.Б* 1987 оны 4 билүү 5 дугаар сараас Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ахуй үйлчилгээний төв салж Орон сууц нийтийн аж ахуйн төв болоход тухайн байгууллагын зочид буудлын үйлчлэгч, жижүүрээр ажилладаг байсан... гэх,

Гэрч Ц.Б*: ...С.Б* Хатгал хотын Нийтийн Ахуй үйлчилгээний төвд оёдолчин хийж байгаад дараа нь Хатгал хотын Зочид буудалд үйлчлэгчээр ажилд орохоор явсан. 1988 он хавьд байх... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж, хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Орон сууц нийтийн аж ахуйн төвийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч С.Б** Хөвсгөл аймгийн Хатгал хотын Орон сууц, нийтийн аж ахуйн төвийн зочид буудалд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Орон сууц, нийтийн аж ахуйн төвийн зочид буудалд ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11/301, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11/389 дүгээр: Тус аймгийн Хатгал хотын Орон сууц нийтийн аж ахуйн төвийн даргын 1988 оны тушаал шүүж үзэхэд С.Б** ажилд томилж чөлөөлсөн тушаал байхгүй, тус байгууллагын цалингийн цэс манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэсэн бичвэр бүхий,

Хүсэлт гаргагч С.Б** нь 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 162 дугаар: С** (РХ67121605) нь 1990-2000 оныг дуусталх хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно. гэсэн бичвэр бүхий,

Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргаж байгаагүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2257 дугаар: ... Иргэн-2014 Нэгдсэн системээс 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүж үзэхэд Ц** /рэ69021109/, С* Б* /рх67121605/ нар тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаагүй болохыг үүгээр мэдэгдье. гэсэн бичвэр бүхий албан тоотуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ХААТР21(А), Хаягийн хуудас 7 маягтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** Хөвсгөл аймгийн Хатгал хотын Орон сууц, нийтийн аж ахуйн төвийн зочид буудалд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА