Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0240

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Л.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б*******ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, үүрэгт ажилд зохих ёсоор эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******,   нэхэмжлэгч Э.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н*******, Ц.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Э.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б******* миний бие 2003 оноос хойш газрын харилцааны салбарт ажиллаж, дүүргийн газар зохион байгуулагчаас эхлээд Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны дарга хүртэлх ажлын байранд тавигдах шалгуур, шаардлагыг ханган, төрийн албаны мерит зарчмын дагуу шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн билээ.

Гэтэл “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Газрын албаны нэрийг Газар зохион байгуулалтын алба болгон өөрчилснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжаар албаны бүтэц, орон тоонд ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр нэрийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хэмээн өөрчлөн баталсан бөгөөд албаны нэр өөрчлөгдсөн хэдий ч миний эрхэлж буй албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад Нийслэлийн Засаг даргын 2019 оны Б/47 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар 62.1.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргын албан тушаалаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/91 дүгээр захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төрийн албанаас халсан байна.

Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргаас чөлөөлж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон нь илт хууль бус тухайд:

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/ нь нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага юм. Тус агентлагийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт өөрчлөлт оруулаагүй байхад нэрийг нь Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гэж өөрчилсөн нь уг байгууллагыг өөрчлөн байгуулж буй хэрэг биш бөгөөд гагцхүү хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилж байгаа хэрэг гэж үзэж байна.

Хуульд заасны дагуу Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны үйл ажиллагааг зогсоож, эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон болон өөр бусад хуулийн этгээдэд шилжүүлээгүй, эсхүл үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр зарим эрх, үүрэг, хариуцлагыг нь шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлээгүй, түүнчлэн зохион байгуулалтын төрөл хэлбэр, үндсэн зорилгыг нь өөрчлөөгүй тул тус агентлагийг хууль зүйн хувьд өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б/47 дугаар захирамж гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасныг үндэслэн намайг Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 49.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж, 49.2-т “энэ хуулийн 62.1.2, 62.1,3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж, 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй,  халагдахгүй байх нэмэгдэл баталгааг эдлэхээр хуульчилсныг тус тус зөрчсөн илт хууль бус үйлдэл болно.

Э.Б******* миний биед төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлийн талаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны Б/91 дүгээр захирамжид дурдахдаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтны төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” нийтлэг үүргээ биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр, хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон хэмээсэн нь үндэслэлгүй, бодитой бус байна.

Мөн нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20 дугаар хуралдаанаар хэлэлцэж 92.5 хувьтай буюу “бүрэн хангалттай” гэж үнэлсэн байна.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн акт, шаардлагад дурдсан газрын дуудлага худалдааны анхны суурь үнийн зөрүү нь эрх бүхий дээд албан тушаалтан болох Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр, 2018 оны 15 дугаар тушаалаар баталсан аргачлалын хоорондох зөрүүгээс үүссэн бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М*******гээс ирүүлсэн чиглэлийн дагуу шинэ батлагдсан аргачлалаар тооцон ажиллаж байгаагаас үүссэн зөрүү гэдгийг аудитын явцын үед тайлбарлаж, холбогдох мэдээллийг тус аудитын газарт гаргаж өгсөн болно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын тамгын газарт захирагчийн албаны орон тооны хязгаарыг батлах тухай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 105 тоот тогтоол гарсан. Уг тогтоотой үндэслээд Нийслэлийн газар албыг нэршлийн хувьд Газар зохион зохион байгуулалтын алба болгож өөрчилсөн. Газар зохион байгуулалтын албан болгож өөрчилсөнтэй холбогдуулан 2019 оны Б47 тоот захирамжаар Э.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Газрын албаны даргаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэх ажиллах шийдвэр гаргасан. Хууль зүйн хувьд Төрийн албаны тухай хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт төрийн албан бүтцийн өөрчлөлт хийгдсэн тохиолдолд ашигладаг хууль. Гэтэл нэршлийн хувьд өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуулийг хэрэглэхгүй байгаа.

Нийслэлийн газрын алба бол Газар зохион байгуулалтын алба болохдоо ямар нэгэн хувийн байгууллагатай нэгдээгүй, нэгтгэх, хуваах, тусгаарласан зүйл байхгүй. Зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдөж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт зааснаар татан буугдсан, өөрчлөгдсөн бол хэрэглэгдэх заалтыг барьж газар зохион байгуулалтын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч болгосныг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Энэ захирамжид сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй.

Иргэнд гаргасан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Хэдийгээр шүүхэд ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байгаа боловч 3 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлэгдээд 5 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа халагдсан. Ажлаас халагдсанаас хойш 1 сарын хугацаатай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал өмнөх шүүх хуралдаан дээр 3 дугаар сарын 29-ний өдрийн захирамж дээр надад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үздэг боловч иргэнд гаргасан захиргааны актын хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохгүй гэж үзэж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээс халсан үед эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Тиймээс 5 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халагдаад 30 хоногийн хугацаандаа гомдол гаргасан гэх хоёр үндэслэлийг тайлбарыг гаргасан. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Э.Б*******д сахилгын шийтгэл оногдуулсан Г91 тоот тушаал байгаа. Энэ тушаалын хууль зүйл заалтыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэг, 37.1.15 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж гарсан. Гэвч тушаалын үндэслэлд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж байдаг. Нийслэлийн Засаг дарга, төрийн аудит, газар зохион байгуулалт олборлолт төлбөр хураамжийн байдал түүний урьд хийгдсэн гүйцэтгэлийн аудитын тайлгаар холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Хуулиар хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон гэх үндэслэлүүдийг тушаал дээр дурдсан байдаг. Гэтэл Төрийн аудитын тайлан бол 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гарсан аудитын тайлан. Энэ нь Э.Б******* ажиллаж байсан хугацааны зарим хэсэг нь хамааралтай. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга гэдэг бол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал болон Нийслэлийн Засаг даргаас гарсан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагаагаа биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй. Яг ямар үүрэг даалгавар өгсөн, хэрхэн биелүүлээгүй Э.Б******* ямар үр дагавартай зүйл хийсэн талаар тогтоогдоогүй тушаал гарсан учраас хууль зүйн хувьд үндэслэлгүй тушаал гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Э.Б******* нь Нийслэлийн Засаг даргын 8 дугаар сарын 29-ний өдрийн Г178 дугаартай захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар зохион байгуулалтын албан даргаар томилогдсон. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай Нийслэлийн Засаг даргын тамгын газарт захирагчийн ажлын албаны тогтоолын 6 дугаар хэсгээс Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудал агентлаг Газар зохион байгуулалтын алба бол өөрчлөгдсөн байгаа. Тус тогтоолын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргыг томилох үндэслэлүүдээр Э.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын Б35 тушаалаас даргын ажилд үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажлыг хүлээж аваад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөд ажилласан байдаг. Тухайн захирамжийг хүчингүй болгох талаар маргаан гаргаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн газрын албаны ажлын ажилтан албан хаагчийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиргааны удирдлагын дарга, төрийн захиргааны удирдлагын даргын ажилтан албан хаагчдын албан тушаалыг  гардуулан өгсөн. Уг гардуулсан тушаалын талаар хариу тайлбар өгсөн дээр тодорхой тусгагдсан байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаад байгаа Б47, Б91 дугаартай захиргааны акт нь тус тусдаа захиргааны акт. Б47 дугаартай үүрэг ажилд шилжүүлэхийг тухайн үед хүлээн зөвшөөрөөд хийж байсан. Гэтэл үнэхээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн бол дараагийн захирамж гарахыг хүлээх биш тухайн үед шууд нэхэмжлэлээ гаргаад явах боломжтой байсан. Иймээс уг хүн нь тухайн захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэг нь захиргааны актаар хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байх ёстой гэдэг заалттай. Гэтэл Б47 дугаартай захирамжид нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ хүний эрх ашиг Б91 дугаартай захирамжаар хөндөгдсөн гэж үзсэн. Б91 захирамжтай холбоотойгоор дараах тайлбарыг хэлье. Үүнд үүрэг ажлаа биелүүлээгүй аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор ноцтой зөрчил байгаа. Аудитын дүгнэлттэй холбоотойгоор иргэдээс нэлээдгүй маргаан үүсээд явж байгаа. АТГ-аас 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгч тал Нийслэлийн газар зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотойгоор авах арга хэмжээ гэх мэдэгдэл ирсэн. Иргэдэд газар олгоод байгаа, хянан шийдвэрлэх зөвлөлийн ажилтан. Энэ ажил дээр бүх материал бүрдээд энэ хүнд энэ газрыг олгоно, энэ газрыг дуудлага худалдаанд оруулна гэх талаар зөвлөл дээр шийдэгдээд Нийслэлийн Засаг даргад ороод газар олгогдоод эхэлж байгаа. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Энэ заалттай холбоотойгоор уг этгээд Нийслэлийн Засаг даргад хуульд нийцсэн бодит баримт нотолгоонд тулгуурласан үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй гэдэг талаар тогтоогдож байгаа. Үүрэгт  ажилд эргүүлэн томилуулах гэж нэхэмжлэлийн шаардлагад байгаа. Гэтэл Газрын албаны даргад шууд томилох хууль зүйн боломж байхгүй. Энэ этгээд нь үүрэг гүйцэтгэгч байсан акт дээрээ маргаж байгаа. Газрын албаны үүрэг гүйцэтгэгч байсан этгээдэд Газрын албаны даргад шууд томилох хууль зүйн боломж байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед сонсох ажиллагаа хийгдэж байсан. Маргаан бүхий акт нь 3 дугаар сарын 29-ний өдөр гарсан. 1хх 87-91 дүгээр хуудсан дээр маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөөд ажил албан үүргээ гүйцэтгэж байсан баримт байгаа. Мөн үүрэгт ажилдаа эгүүлэн томилуулах гэсэн шаардлага байгаа. Аудитын дүгнэлт дээр тодорхой шагнал авч байсан талаар хэлж байна. Шагналыг би авч байсан харин зөрчлийн би үйлдээгүй гэж хэлж байгаа нь ёс зүгийн хувьд зохимжгүй сонсогдож байна. Э.Б******* нь ажлын байрны тодорхойлолт дээр дурдсан үүргийг гүйцэтгээгүй.  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Э.Б******* тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б*******ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, үүрэгт ажилд /шүүх хуралдааны явцад Нийслэлийн газрын албаны даргын ажилд гэж тодруулсан болно/ зохих ёсоор эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Нийслэлийн Газрын албыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гэж өөрчилсөн нь зөвхөн оноосон нэрийн хувьд өөрчилсөн болохоос тус байгууллагыг өөрчлөн зохион байгуулж байгаа асуудал биш...байхад Нийслэлийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасныг үндэслэн намайг даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон нь...хууль бус, миний бие Нийслэлийн Газрын албаны даргаар томилогдсон үеэс ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж ирсэн...атал...Нийслэлийн аудитын газраас хийсэн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь...тогтоогдсон” гэх үндэслэлгүй дүгнэлтээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн...” гэж тайлбарлан маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/178 дугаар захирамжаар Э.Б*******ыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Нийслэлийн газрын албаны даргаар жинхлэн томилсон байх ба Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Газрын албыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болгосон үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б*******ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн  62.1.4-д заасныг болон Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудыг шинэчлэн тогтоосны дагуу Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б*******ыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас уг захирамжийг гаргахдаа үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн  62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж заасан ба Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албыг 129 хүртэл орон тоотой байхаар тогтоожээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал шүүхэд мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, сонсох ажиллагааны тэмдэглэл болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/89, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/94,  2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/99, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/100, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/101 дүгээр тушаалуудад нэхэмжлэгч Э.Б******* нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Э.Б*******д гардуулж өгсөн нь тогтоогдов.

Тухайлбал, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нийт албан хаагчдыг оролцуулан сонсох ажиллагааг явуулсан байх бөгөөд тус сонсох ажиллагааны тэмдэглэлд Э.Б*******ыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахыг мэдэгдсэн, энэ баримтад нэхэмжлэгч Э.Б******* өөрөө гарын үсэг зурснаас гадна шүүхэд гэрч Ү.Г*******оос “...Газрын алба нь газар зохион байгуулалтын алба болоод үүний дагуу Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгүүлэхээр Э.Б*******ыг томилсон. Нийт ажилчдыг цуглуулаад хамт олны хурлыг Нийслэлийн иргэний танхимд хийсэн...Би 47 дугаар захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт гардуулсан” гэж, мөн гэрч Д.Б*******гаас “....Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болж өөрчлөгдсөнтэй холбоотой хурал Хангарьд ордны 14 дүгээр давхарт 04 дүгээр сард болсон.”, гэрч А.Г*******ийн “...Хангарьд ордны 14 дүгээр давхарт байрлах хурлын их зааланд Нийслэлийн Газрын албаны даргыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар шилжүүлэн томилж байгаа тушаалыг нийт албан хаагчдад танилцуулж гардуулж өгсөн. Би хурлын тэмдэглэл хөтөлж оролцсон” гэж тус тус мэдүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн захиргааны актын талаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн атлаа 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгч Э.Б******* нь тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны зөвлөлөөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б*******аас гаргасан,  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б*******ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс “...байгууллагыг зөвхөн оноосон нэрийн хувьд өөрчилсөн болохоос тус байгууллагыг өөрчлөн зохион байгуулж байгаа асуудал биш...” гэж маргаж буй нэхэмжлэлийн үндэслэлд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн Газрын албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн аудитын тайлан”-гаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр түүнийг төрийн жинхэнэ албанаас халсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын шалгалтыг 2015-2017 оныг хамруулан хийж, тайланг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргын А/22 дугаар тушаалаар баталгаажуулан улмаар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шалгагдагч байгууллагад хүргүүлсэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04/1885 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Б*******д “...Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэр гаргах ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдэгдлийг хүргүүлсэн, уг мэдэгдлийг хүлээн авах боломжгүй талаар Э.Б******* нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-04/1733 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад мэдэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдов.

Түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 970 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Б*******д Аудитын тайлангийн төслийг хүргүүлж, саналаа Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д заасны дагуу ирүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06/1387 дугаар албан бичгээр тайлбар, саналуудыг тэмдэглэн хүргүүлсэн боловч хугацаа хоцроож ирүүлсэн гэх шалтгаанаар тухайн саналыг тусгалгүйгээр тайланг баталгаажуулсан, уг тайланд Нийслэл, дүүргийн Газрын албаны 2015-2017 оны үйл ажиллагаанд гарсан зөрчлүүдийг дурдаж, үүний дагуу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01/191 “Зөрчил арилгуулах тухай” Албан шаардлагыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн аудитын газрын дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус, уг дүгнэлт нь эцэслэж гараагүй байсан...би зөрчил гаргаагүй, ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Э.Б******* нь зөрчил гаргасан нь төрийн эрх бүхий хяналт шалгалтын байгууллагаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн,...аудитаас өгсөн албан шаардлагын биелэлтийг тайлагнасны дараа ажлаас халах зохицуулалт байхгүй...” гэж тайлбарлан маргажээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримт болох Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01/191 дугаар бүхий  “Зөрчил арилгуулах тухай” Албан шаардлагад “...“Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д нийцлийн аудит хийх явцад дараах зөрчил илэрлээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй 2 ба түүнээс дээш жилээр газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй 8 иргэн, 29 ААНБ-ын газрын төлбөр 663.2 сая төгрөгийг тухайн үед алба хашиж байсан холбогдох албан тушаалтнууд төлүүлээгүй, холбогдох арга хэмжээг аваагүй байна...” гэж дурдан дээрх 8 иргэн, 29 ААНБ-ын газрын төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний дотор төсөвт төвлөрүүлэх, холбогдох бусад арга хэмжээг авахыг шаардаж, албан шаардлагыг хэрэгжүүлж, биелэлтийг НТАГ-т 2019 оны 12 дугаар сарын 05-ны дотор гаргаж, ирүүлэхийг Нийслэлийн ГЗБА-ны дарга А.Энхманлайд даалгасан,

Түүнчлэн “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн Аудитын дүгнэлтэд “...газар олголтын асуудлын зангилаа болох дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын хувьд 2015-2017 онд төсөл сонгон шалгаруулалтаар 1564.5 га, дуудлага худалдаагаар 116.0 га газар олгосны 70.8% нь тухайн, жилийн ГЗБТ-нд тусгагдаагүй, дуудлага . худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 1093.3 га газрыг шууд олгожээ, төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар олгох байдал нийтлэг байгаа нь төлөвлөлтөд ач холбогдол өгдөггүйтэй холбоотой, газар олголтын үр дүнг бүхэлд нь авч үзвэл газар олголтын үндсэн чиглэлүүдээр зөрчил буурахгүй, байнга давтагдаж, сөрөг хандлага өөрчлөгдөх шинжгүй байгаа нь газар зохион байгуулалтад тавих хяналт үндсэндээ байхгүй байна, газрын төлбөр хураамжийн орлогыг үнэн зөв төлөвлөж чаддаггүй, газрын төлбөрийн бүртгэлд хамрагдсан иргэн аж ахуйн нэгжийн төлбөр барагдуулалт дунджаар 74.4%-ийн биелэлттэй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас 113.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломж алдагдсан..., нийт 119.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 22.6 тэрбум төгрөгийн зөрчилд анхны үнэ төлүүлэх, 228.4 сая төгрөгийн суутган тооцож зөрчил арилгах 404 иргэн, ААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах албан шаардлага хүргүүлсэн...” гэж дүгнэсэн нь тус тус тогтоогдов.

Нэхэмжлэгч Э.Б*******аас “...дээр дурдсан зөрчил дутагдлыг .би хариуцахгүй, газрын төлбөрийг тухайн төлбөр хариуцсан нэгж нь хариуцах үүрэгтэй, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг би биш, Нийслэлийн засаг дарга зохион байгуулахаар Газрын тухай хуульд заасан...” гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч нь Нийслэлийн Газрын албаны даргын хувьд  “Нийслэлийн хэмжээнд газрын харилцааны талаарх хууль, тогтоомж, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах” албан тушаалын үндсэн чиг үүрэг бүхий этгээд мөн болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байна.

Үүнээс үзвэл Э.Б******* нь Нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” үүрэгтэй.

Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй болох нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагаас явуулсан шалгалтын явцад тогтоогдсон байх тул Э.Б*******д Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-д төрийн албанаас халах” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Б******* нь Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.13 болон 37.1.15-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, энэ үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий” байх зарчимд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь Нийслэлийн аудитын газрын хийсэн хяналт шалгалтын тайланд үндэслэсэн, уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс тухайн аудитын дүгнэлттэй маргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дүгнэлт хийхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг шүүх хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчээс гаргасан “...Нийслэлийн Газрын албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б*******аас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/91 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд зохих ёсоор эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б*******аас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б*******ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ              Н.ДУЛАМСҮРЭН

                             ШҮҮГЧ                 Л.БАТБААТАР

                   ШҮҮГЧ              Д.ХАЛИУНА