Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 127

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0132/Э

 

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам 

Улсын яллагч                           Я.Сансар 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч Г.О, Г.А, Д.Г, Б.С нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авзай овогт Г.О, Их чоно овогт Г.А, Ашигбазад овогт Д.Г, Их чоно овогт Б.С нарт  холбогдох 1739000260020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1976 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хэнтий аймаг, Батширээт сумын Онон 1 дүгээр баг Арангатай гэх газар нутаглах, Авзай овгийн Г.О 

1973 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хэнтий аймаг, Батширээт сумын Онон 1 дүгээр баг Арангатай гэх газар нутаглах, Их чоно овгийн Г.А 

1976 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хэнтий аймаг, Батширээт сумын Онон 1 дүгээр баг Арангатай гэх газар нутаглах, Ашигбазад овгийн Д.Г 

1964 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Батширээт сумын Норовлин 4 дүгээр багт оршин суух хаягтай, Их чоно овгийн Б.С

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ Яллагдагч Г.О, Г.А, Б.С, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 2 дугаар сард Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр баг  Гутайн байцын ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр 29.3 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Батширээт сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч Мөнх-Очир нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын хяналтын байцаагч Амгаланбаатарын хамт манай Онон 1 дүгээр багийн нутаг Гутайн давааны алтны уурхайнуудаар шалгалтаар явж байгаад манай Онон 1 дүгээр багийн нутаг Гутайн байцын ар гэх газарт 31 ширхэг хуурай шинэс мод унагаан бэлтгээд ачиж авч явсан болохыг мэдээд надад анх энэ талаар хэлж намайг эзэн холбогдогчийг нь олж тогтоо гэж үүрэг өгсөн. Тэгээд би уг газраас мод бэлтгэсэн хүмүүсийг манай Онон 1 дүгээр багийн Арангатай нөхөрлөлийн О гэх залуутай уулзаж ярилцахад О нь надад үнэнээ хэлж, би Ганбат, А, Б.С нарын хамт Онон 1 дүгээр багийн нутаг Гутайн байцын ар гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр түлээний мод бэлтгэчихсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би энэ талаар сумынхаа байгаль орчны улсын хяналтын байцаагч Мөнх-Очирт хэлсэн тэгээд би уг газарт 2017 оны 06 дугаар сарын дундуур яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна ойн ангийн инженер Гансүх гэх залуугийн хамт очиж хэмжилтүүдээ хийгээд явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,

 Иргэний нэхэмжпэгч Г.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... миний төрсөн ах О нь миний эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй чиргүүлтэй пад тракторыг маань унаж яваад зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэчихсэн юм шиг байгаа юм. Миний мэдэх зүйл ийм л байна. Миний хувьд би өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй чиргүүлтэй пад трактороо нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,

 Гэрч Б.Мөнх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг Гутайн байцын ар гэх газарт 31 ширхэг хуурай шинэс мод унаган бэлтгэсэн байсан бөгөөд модны хожуулууд нь үлдсэн байсан би энэ талаар мэдээд манай Батширээт сумын Онон 1 дүгээр багийн байгаль хамгаалагч Эрдэнэбилэгт энэ талаар хэлж мод бэлтгэсэн хүмүүсийг олж тогтоо гэж хэлсэн. Эрдэнэбилэг удалгүй хүмүүсийг олчихлоо гэж надад мэдэгдсэн тэгэхээр нь би ямар хүмүүс байсан болохыг асуухад Арангатай нөхөрлөлийн гишүүд болох Ганбат, О, А, Б.С нарыг мод бэлтгэсэн байна гэж хэлсэн. Тэгээд би О, Б.С, Г, А нарыг “Гутайн байцын ар” гэх газраас мод бэлтгэсэн болохыг нь мэдээд уг хүмүүсийг дуудаж уулзаад та нарын мод бэлтгэх эрхийн бичиг хаана байна гэхэд эрхийн бичиг огт байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 хуудас/,

 Гэрч Ж.Оюунхандын мөрдөн байцаалтанд өгсөн: ... “Гутайн байцын ар” гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй учир уг газраас мод бэлтгэж болохгүй би бодохдоо Б.С, О, А, Г нарын түлээний мод бэлтгэсэн үе 2017 оны 02 дугаар сард цас ихтэй байсан тэгээд л тэд нар манай “Арангатай" нөхөрлөлийн талбай тусгаарласан “Шургадаг” гэх газраасаа түлээний мод бэлтгэж чадалгүй наанаас нь буюу “Гутайн байцын ар” гэх газраас түлээний мод бэлтгэчихсэн юм шиг байгаа юм уг нь бол Б.С, О, А, Г нар нь талбай тусгаарлалт хийгдээгүй “Гутайн байцын ар” гэх газраас мод бэлтгэж болохгүй гэдгийг сайн мэдэх л хүмүүс байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,

 Гэрч Л.Энхтөвшингийн: ... байгаль хамгаалагч Эрдэнэбилэг нь Батширээт сумын Онон багийн нутаг “Гутайн байцын ар” гэх газарт манай сумын Онон 1 дүгээр багийн “Арангатай” нөхөрлөлийн гишүүд болох О, Г, А, Онон 1 дүгээр багт оршин суух Б.С нарыг мод бэлтгэх эрхийн бичиггүй түлээний модыг хууль бусаар бэлтгэсэн байна гэж надад хэлж байсан. ... Б.С, О, А, Г нарын бэлтгэсэн мод нь шинэс мод байсан, уг шинэс мод бэлтгэсэн газар болох “Гутайн байцын ар” гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй гэтэл О, Б.С, Г, А нар нь уг газраас мод бэлтгэчихээд байгаа юм, эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн. ... мод бэлтгэх эрхийн бичгийг би өөрөө олгодог юм, хэрэв би байхгүй эзгүй байх юм бол манай ойн ангийн инженер Гансүх гэх залуу мод бэлтгэх эрхийн бичиг олгодог юм.Мод бэлтгэх эрхийн бичиг авахын тулд нээх материал бүрдүүлээд байх хэрэггүй бөгөөд талбайгаа тусгаарлуулж аваад дараа нь мод бэлтгэх эрхийн бичгээ авчих юм бол тэгээд л модоо бэлтгэж болно гэтэл О, Б.С, Ганбат, А нар нь өөрсдийн “Арангатай” нөхөрлөлийн талбай тусгаарласан “Шаргадаг” гэх газраасаа унасан моднуудыг авалгүй огт өөр газар буюу талбай тусгаарлуулаагүй “Гутайн байцын ар” гэх газраас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл бас байхгүйгээр түлээний мод гэж мод бэлтгэчихээд байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 хуудас/,

 Гэрч Н.Төмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манайх түлээний модгүй болчихоод түлээний мод хэрэг болоод байхаар нь би эхнэрийн төрсөн дүү Ад хандан түлээний мод хэрэг болоод байна авчраад өгөөч гэж хэлэхэд А нь надад хандан би ганцаараа яаж түлээний модонд явж чадах юм гээд байхаар нь От ахдаа түлээний модонд яваад өгөөч чамд А туслана гэхэд О зөвшөөрч тэгье гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын сүүлчээр байх гэж бодож байна цагийг нь тодорхой бол сайн санахгүй байна, О нь өөрийн пад трактор унаж цахилгаан хөрөөгөө авч манай эхнэрийн дүү А манай сумын Б.С, Г нарын хамт мод бэлтгэж 2 удаа түлээний мод манай гэрт буулгаж өгсөн. ... мод бэлтгэх эрхийн бичиг авсан асуудал байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 56-57 хуудас/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт. /хх-ийн 79-80 хуудас/,

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 

Шүүгдэгч нараас төрийн сангийн орлогод хохирол 1.758.000 төгрөг төлсөн тухай баримт зэрэг болно. 

Шүүгдэгч Г.О, Г.А, Б.С, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 2 дугаар сард Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр баг  Гутайн байцын ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр 29.3 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймээс шүүх шүүгдэгч Г.О, Г.А, Б.С, Д.Г нарыг бүлэглэж, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нар нь байгаль экологид учруулсан хохирол 1.758.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох пад трактор нь Г.Гэрэлтуяагийн өмч гэх бөгөөд өмчлөгч нь уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдана гэдгийг мэдээгүй мэдэх боломжгүй байжээ. Иймээс шүүх уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаах олгох нь  зүйтэй болно. 

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                         

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Авзай овогт Г.О, Их чоно овогт Г.А, Ашигбазад овогт Д.Г, Их чоно овогт Б.С нарыг бүлэглэж, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Авзай овогт Б.С, Их чоно овогт Г.А, Ашигбазад овогт Д.Г, Их чоно овогт Б.С нарыг 02 / хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хэрэг зөрчилд холбогдохгүй байж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй пад тракторыг эзэмшигч Г.Гэрэлтуяад буцаан олгосугай. 

4.  Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.О, Г.А, Д.Г, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА