Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2019/00065

 

“Г” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00646 дугаар шийдвэртэй, “Г” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Б.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.А-аас шатахууны үнэ 721,600 төгрөг , алданги 360,800 төгрөг бүгд 1,082,400 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Иргэн Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Г” ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэн Б.А нь “Г” ХХК-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 639,600 төгрөгийн шатахуун, Өлзийт шатахуун түгээх салбараас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 82,000 төгрөгийн шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд шатахууны үнэ 721,600 төгрөгөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.Зээлийн гэрээний 2.2-т худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө, 2.3-т гэрээний 2.2-т заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж тус тус заажээ. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул иргэн Б.А-аас шатахууны үнэ 721,600 төгрөг, алданги 360,800 төгрөг, нийт 1,082,400 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх алдангийг тооцоход алдангийн үнэ үндсэн үнийн дүнтэй сацуу байгаа боловч Иргэний хуульд алдангийн хэмжээ үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан учраас 721,600 төгрөгийн 50 хувиар алданги тооцсон. Гэрээнд алданги төлөх талаар тохиролцсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Би шатахуун авсан минь үнэн учраас үнийг нь төлнө. Гэхдээ хугацаа хэтрүүлсэн гэдэгт гомдолтой байна. Нэхэмжлэгч байгууллага гэрээний хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө над руу утсаар “таны түлшний үнэ төлөх хугацаа болсон, маргааш төл” гэж хэлсэн. Тэр үед би Казахстан улс руу яваад мөнгөө хүүхдэд  үлдээгээд явсан байсан. Тэгэхэд манай хүүхэд миний өгсөн мөнгөөр машиндаа сэлбэг авч тавьсан байсан. Тэрнээс хойш “Г” ХХК надад ямар нэгэн байдлаар  холбогдож хэлээгүй, мэдэгдээгүй. Хэрвээ надад ийм мөнгө төлнө шүү гэж хэлсэн бол би ямар нэгэн аргаар төлөх байсан. Би хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Би шатахууны үнэ 721,000 төгрөгийг хэдэн сарын дотор төлж өгнө. Нэхэмжлэгч байгууллага энэ талаар жилийн дараа мэдэгдэж, нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.”  гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00646 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А-аас шатахууны үнэ 721,600 төгрөг, алданги 360,800 төгрөг, бүгд 1,082,400 (нэг сая наян хоёр мянга дөрвөн зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Би тус компанийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Гэрээ хийсэн нь үнэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал, би амины чухал шаардлагын улмаас Казакстан улс руу явж ирэх үед миний ажлыг орлож байсан хүүхэд кампанийн дансанд хийх ёстой орлогыг хийгээгүй байна. Тухайн үед хүү маань орлогыг хийсэн гэж худал хэлж, бас компаниас мөнгийг нэхэмжлээгүй шалтгаануудаас болж 2 сарын хугацааны зээлийн 721,600 төгрөгийг төлөх болоод байна. Гэхдээ нэхэмжлэгч гэрээнд заасан гэж илүү алданги нэхэмжилж байна. Шүүх 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны хоорондын алдангийг бүтэн төлөх ёстой гэсэн утгаар шийдвэрээ гаргасан нь  хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Шүүх “Г” ХХК-тай миний байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна гэдгийг мэдсээр байж гэрээ дууссанаас хойших хугацааны алдангийг төлүүлэх нь үндэслэлтэй гэж хуулийг мөн буруу тайлбарласан. Нэхэмжилсэн 721,600 төгрөгийг төлөх бөгөөд алданги 360,800 төгрөгийг илүү тооцож нэхэмжилсэн. Надад хэт хохиролтой байгаа тул алдангийн 50 хувийг төлөхийг зөвшөөрснийг шүүх анхаарч үзээгүй. Иймд надаас нэхэмжилсэн тус компанийн зээлийн 360,800 төгрөгийн 50 хувь болох 180,400 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

 

            Худалдагч “Г” ХХК болон худалдан авагч Б.А нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр худалдагч нь гэрээнд заасан хугацаанд худалдан авагчийг стандартын шаардлага хангасан нэр төрөл, үнэ, тоо хэмжээ бүхий шатахуун нийлүүлэх, худалдан авагч өмнөх төлбөрөө төлж тооцоогүй болсон тохиолдолд гэрээг шинээр байгуулан 1 жилийн хугацаанд зээлээр шатахуун худалдан авч, шатахуун хүлээн авсан өдрөөс хуанлийн 15 хоногт үнийг нь төлөх  харилцан үүрэг хүлээсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Дээрх гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон ба хариуцагч Б.А нь “Г” ХХК-ийн ШТМ-ын 2018 оны 6 дугаар сарын  29-ний өдрийн №068038 дугаар зарлагын падаанаар, Цанын баазын Зам зуур шатахуун түгээх салбараас 96-08 БӨТ улсын дугаартай машинд 328 литр шатахууныг нэг литрийг 1950 төгрөгөөр тооцон 639,600 төгрөгийн шатахуун, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №065748 дугаар зарлагын падаанаар Өлзийт шатахуун түгээх салбараас 96-08 БӨТ улсын дугаартай машинд 40 литр шатахууныг нэг литрийг нь 2050 төгрөгөөр 82,000 төгрөгийн шатахуун бүгд 721,600 төгрөгийн шатахууныг тус тус худалдан  авсан болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна.

             

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “алданги 360,800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний төлбөрийг худалдан авагч Б.А нь гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 2.3.-т худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцсэн учраас нэхэмжлэгчийн дээрх шаардлага үндэслэлтэй.

Гэрээний хугацаа дуусгавар болох 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 246 хоног байх бөгөөд худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 721.600 төгрөгийн 0,5 хувийг хугацаа хэтэрсэн 246 хоногоор үржүүлэн тооцоход 887,568 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар алдангийн нийт дүн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагчаас алдангид 360,800 (721,600/2) төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн “алдангийг төлөх боломжгүй, анхан шатны шүүх алдангийг илүү тооцсон нэхэмжилсэн хэт хохиролтой байх тул алдангийн 50 хувийг төлье гэж зөвшөөрснийг анхаарч үзээгүй” гэх давж заалдах гомдол нотлох баримтад тулгуурлаагүй буюу үндэслэлгүй, “Г” ХХК-аас гэрээгээр авсан шатахууны үнийг хугацаандаа төлөөгүй болох нь тогтоогдсон, хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги хасаж тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,528 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,528 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ              

 

Д.КӨБЕШ