| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03313/И |
| Дугаар | 182/ШШ2024/02865 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2024/02865
| 2024 06 21 | 182/ШШ2024/02865 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* -ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч *******, М.Цэгмид нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр No WH-3-304 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 39,000,000 төгрөг гаргуулах, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, The White hill residence хотхон 3 дугаар блок, 100/1 дүгээр байрны 304 тоот 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцандаа нүүж орсон. Тус нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/06187 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мөнхбаатарын Цэгмидийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №WH-3-304 дугаартай Орон сууц захиалгын гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/06187 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ******* нь М.Цэгмэдтэй 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №WH-3-304 дугаартай 263,340,000 төгрөгийн Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
2.2. М.Цэгмэдээс гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/06187 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар М.Цэгмэд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, вайт хилл ресидэнс 3 дугаар блок, 100/1 дүгээр байр 304 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. М.Цэгмэдийн хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 182/ШЗ2024/09676 дугаар нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас М.Цэгмэдийн оршин суугаа газрын лавлагааг шаардсан ба лавлагаанд Баянзүрх дүүрэг 40 дүгээр хороо, 16 дугаар хороолол хд66 байр 35 тоот гэжээ.
Тус хаягаар шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд М.Цэгмид нь Баянзүрх дүүрэг 40 дүгээр хороо, 16 дугаар хороолол хд66 байр 35 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Цэгмэдийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мөнхбаатарын Цэгмид /РД:ПГ89041603/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч М.Мөнхдэлгэрэх /утас:99103852/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА