Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/02903

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 26 182/ШШ2023/02903

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: , Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 723,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай СӨХ-ны ******* тоотын оршин суугч ******* дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй олон жил болоод байна. Иргэний хуулийн 148.2.3-р зүйлээр орон сууц өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцохыг үүрэгжүүлсэн юм. СӨХ-оос удаа дараа төлбөрөө төлөхийг бичгээр, утсаар мэдэгдэж, хариуд нь Баасанхүү төлнө, шүүхэд өгөөд хэрэггүй гээд алга болдог юм. 2013-2015 оны СӨХ-ны төлбөрийг шүүхээр нэхэмжлээд төлүүлж байсан ч энэ хугацаанаас хойш бас л төлбөрөө төлөхгүй байна. Гэтэл энэ байрны СӨХ-ны сарын төлбөр нь маш бага, ердөө л 7460 төгрөг юм. Иймд Иргэний хуулийн 143-149-р зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн түхай хуулийг үндэслэн Баасанхүүгээс 2015.12.01-ээс 2023.12.31-ний хугацааны засвар үйлчилгээний төлбөрт төлөөгүй 723,620 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

******* миний бие Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 723,620 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 261,810 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 261,810 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан 723,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 723,620 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 261,810 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 261,810 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,917 төгрөгийн 50 хувь болох 10,958.5 төгрөгийг улсын орлогоос, 10,958.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, *******д холбогдох 723,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 723,620 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 261,810 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 261,810 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбоос төлсөн 21,917 төгрөгийн 50 хувь болох 10,958.5 төгрөгийг улсын орлогоос, 10,958.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, Хот айл 54 Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА