Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/455

 

Х.Г-д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 308  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Х.Г-д холбогдох 2203 00008 0094 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-ын Г, 2001 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар түвшний оюутан, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22.55 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Э” хүнсний дэлгүүрийн баруун хойд замд өөрийн эзэмшлийн “Мерседес Бенз МЛ-320” загварын хх-хх ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.С-г автомашинаар мөргөж, улмаар амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газар: Х.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Б овгийн Х-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 32.672.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Х.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний 1хххххх дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшин харамсаж, хүний амь насыг хохироосон, талийгаачийн ар гэрийн хүмүүст хүнд хохирол учруулсандаа харамсаж байна. Болсон үйл баримтын талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт эргэлзэх зүйлгүй мэдүүлэг, тайлбар өгч, гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Тийм учраас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 10.050.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулснаас гадна хувийн хашаа байшингаа барьцаалуулан 22.622.000 төгрөгийг зээлж, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Гэсэн ч, миний үйлдсэн хэргийн хор уршиг арилахгүй гэдгийг би гүнээ ойлгож байна. Амь хохирогчийн гэр бүлд цаашид чадлынхаа хэмжээгээр туслалцаа үзүүлнэ гэж бодож байна. ...Би 21 настай, айлын ууган хүүхэд ба хоёр дүүтэй, эцэг, эхийн хамт амьдардаг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар түвшин буюу төгсөх дамжаа руу шилжиж байгаа оюутан. Аав минь зүрх судасны өвчтэй, эмчийн хяналтад байдаг. Ээж минь удмын гаралтай даралт ихэсдэг өвчтэй зэрэг нөхцөл байдлуудаас гадна уг хэргийн талаар цаашдаа миний хувьд том харуусал боллоо гэж би ойлгож байгааг минь анхааран үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Г-н өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Г үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшин харамсаж, өөртөө дүгнэлт хийж гэм буруугийн асуудал дээр хуулийн байгууллагын аль ч шатанд маргаагүй, хохирол төлбөрийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, мөн түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 55 минутын үед өөрийн эзэмшлийн “Мерседес Бенз МЛ-320” загварын хх-х ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 58 настай, эрэгтэй Г.С-г мөргөж, улмаар амь насыг хохироосон болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22:55 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” хүнсний дэлгүүрийн баруун хойд замд өөрийн эзэмшлийн “Мерседес Бенз МЛ-320” загварын хх-хх ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан Г.С-г автомашинаар мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-ийн: “...Эрүүл саруул байсан ахыгаа алдсандаа харамсаж байна. Бодит хохирол болон сэтгэл санаа, цаг хугацааны хохирол нэхэмжилж байна. ...” /хх 42/,

гэрч Н.Х-ын: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн үед гэрээсээ гарч 112-ын эмийн сан орчихоод автобусны буудлын ойролцоо зүүнээс баруун чигт зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар алхаж явтал гэнэт машин юм мөргөх чимээ гарахаар нь хартал нэг жийп зам дээр зогссон, нэг эрэгтэй хүн машинд мөргүүлээд зам дээр унасан байдалтай харагдсан. ...” /хх 100/,

шүүгдэгч Х.Г-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхошууны шинэ эцсээс Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоот гэр рүүгээ харих гээд Баянхошууны хөтлийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт хүн мөргөх шиг болохоор нь би шууд тоормос гишгэхэд тухайн хүн цааш шидэгдээд газар унасан. Би машинтайгаа урагшлаад дөхөж очин машинаасаа буугаад тухайн хүн дээр яваад очтол хөдлөхгүй хэвтэж байхаар нь би өөрөө түргэн тусламжийн дуудлага өгсөн. 4-5 минутын дараа түргэн ирээд араас нь цагдаа ирсэн. Түргэний эмч мөргүүлсэн хүний биеийг үзээд “Нас барсан байна” гэж хэлсэн. ...Би гэмшиж байна. ...” /хх 170, 205/ гэсэн мэдүүлгүүд,

амь хохирогч Г.С-ийн биед аман хүзүүний хугарал, мултрал, аман хүзүүний гадна, арын холбоосны бүрэн урагдал, тасрал, гүрээний гадна тараагуур судасны бүрэн тасрал, цээжний баруун хөндий дэх 1.5 литр цусан хураа, их тархины чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр уушгины эдийн няцрал, элэгний урагдал, гялтан хальсан доорх цус хуралт, бүсэлхийн 3 дугаар нугалмын шахагдсан хугарал, духанд няцарсан шарх, зулгаралт, духны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хамар, баруун хөмсөг, хацар, баруун сарвуу, баруун шагай, зүүн ташаа, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдсон, эдгээр гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд бөгөөд тэрээр үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэггүй, энэхүү гавал тархи, хүзүүний нугалмын хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт /хх 107-110/,

хх-хх ААА улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-320” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа /хх 156-158/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч Х.Г-ийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Г-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний улмаас хүний амь насыг хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Амь хохирогч Г.С-ийн гавал тархи, хүзүүний нугалмын хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барсан нь шүүгдэгч Х.Г-н тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүйгээр явган зорчигчийг мөргөсөн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Х.Г-н гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г-н Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нар нь “...анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч шүүх хуралдаанд “хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж өөрчлөн тайлбарласан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурваас таван жилийн хугацаагаар хасаж, нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцитай буюу мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж буй хандлага чухал бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх зэргээр илэрнэ.

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн буюу хэргийн үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн хууль бус, гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд нийт 32.672.000 төгрөгийг нөхөн төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гомдол саналгүй болгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О нь “...Х.Г-д хуульд заасан хамгийн хөнгөн ял шийтгэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт /хх 201/-ийг анхан шатны шүүхэд бичгээр гаргасан байна.

Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэгдэх үед явган зорчигч, хохирогч нь хүнд зэргийн согтолттой байсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам гарч байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хохирогчийн энэхүү хууль бус үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, сургалтад хамрагдах”, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах бодит боломжгүй боловч Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалт нь тус хуульд заасан бүхий л хөнгөн гэмт хэрэгт хамаарах буюу хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэмт этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хязгаарлах үндэслэл болохгүй, харин хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогчийг гомдол саналгүй болгосон, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг шүүх харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох агуулга бүхий хэм хэмжээ юм.

Иймд, шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Х-ын Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар  хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

3 дахь заалтыг “Шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах сургалтад хамрагдах”, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Г-д мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ