| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00149/И |
| Дугаар | 156/ШШ2024/00248 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2024/00248
2024 05 14 156/ШШ2024/00248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00149/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Галзууд овогт Б.Д нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч. Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1969 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. 1989 10 дугаар сарын 24-ний өдрөөс Батширээт сумын Модны үйлдвэрийн цахилгаан станцад цахилгаанчнаар ажилд орж 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 10 жил тасралтгүй монтёрын ажил хийж байсан. Тус модны үйлдвэрийн захиргаа шатсаны улмаас миний бичиг баримт үрэгдсэн.
Иймд намайг 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Модны үйлдвэрийн цахилгаан станцад цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ...Б.Д нь тус багт оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт /хх-ийн 4-р тал/,
2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны 8/126 дугаартай албан бичиг /хх-ийн 5-р тал/,
3. Галзууд овогт Б.Д /РД:.../-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 11-р тал/,
4. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Б.Д гийн нэр дээрх ХААТР-1(A) маягтын лавлагаа /хх-ийн 14-р тал/,
5. Гэрч С.Б-ны шүүхэд өгсөн ... Би 1988 оны 11 сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн цахилгаан станцад цахилгаанчнаар ажилд орж, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад модны үйлдвэрийн цахилгаан станцын даргаар томилогдож 1991 оны 8 сарын 01-ны өдрийг хүртэл ажилласан. Намайг Модны үйлдвэрийн цахилгаан станцад даргаар ажиллаж байх хугацаанд Б.Д нь цахилгаанчнаар ажиллаж байсан. 1989 оноос эхлэн ажилласан би 1991 оны 8 сар хүртэл ажиллаж байгаад би өөр ажилд шилжсэн. Түүнээс хойш Б.Д цахилгаанчнаараа ажиллаж байсан. Бид 1989-1991 онд хамт ажиллаж байсан нь үнэн. Модны үйлдвэр 1991 оны үед хувьчлагдаж, Батширээт компани нэртэй болсон. Б.Д нь Батширээт компани болсон хойш ажиллаж байсан байхаа би өөр ажилд орсон тул сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
6. Хэнтий аймаг, Батширээт сумын Батширээт ХХК-ийн захирал Ш.Б-ын ын ...Б.Д нь Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрийн цахилгаан станцад дизельчин, цахилгаанчин, мод бэлтгэлийн мастераар 1989 оны 10 дугаар сараас 1999 оныг дуустал ажилласан байсан нь үнэн гэх албан бичиг /хх-ийн 22-р тал/,
7. Батширээтийн модны үйлдвэр байгуулагдсаны 55 жилийн ой номын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 23-27-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Д гийн нь Б.Д-г 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол улс даяар Нийгмийн даатгалын системд шилжсэн ба энэ хугацаанд ажилалж байсан байдлыг шүүх тогтоохгүй, шимтгэл төлж байсан лавлагаагаар шийдвэрлэгдэх тул энэ хэсгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галзууд овогт Б.Д /РД:.../-г 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ