Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00249

 

2024 05 14 156/ШШ2024/00249

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00131/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, ... оршин суух, Тугчин овогт Г.Н нэхэмжлэлтэй, Д.Ж тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2010 оны 1-р сараас Д.Ж тай танилцаж, хамтран амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд Н төрсөн. Охиноо төрүүлээд хамт амьдраад 13 жил болж байхад Д.Ж маань өвчний учир 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Одоо охин маань надаар овоглодог тул хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд охин Н-ын эцэг нь Д.Ж мөн болохыг тогтоож, биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний дүү Г.Н нь Д.Ж тай гэр бүл болж дундаасаа нэг охинтой болсон.Д.Ж нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны шөнө гэртээ унтаж байгаад сэрээгүй нас барсан. Г.Н нь нөхөр Д.Ж тай гэрлэлтээ батлуулаагүй байсан. Анх Хэнтий аймагт ирж охинтой болоход энэ хоёрыг хамт амьдрах эсэх нь эргэлзээтэй байсан учраас бид хүүхдийг нь ээжийнх нь овгоор овоглуулсан.Д.Ж , Г.Н нар нь 13 жил хамт амьдарсан боловч харамсалтайгаар нас барсан. Одоо охинд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж хөөцөлдөх гээд мөн охиныг ааваар нь овоглох гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Н ,Д.Ж нарыг хамт амьдарч байсныг тогтоож, охин Н.Н-ын эцэг нь Д.Ж мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Г.Н нь  Д.Ж-тай хамтын амьдралтай байсан болохыг болон охинН-гийн Н-ын эцэг ньД.Ж болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийг хуульчилсан ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь тус хуулийн 133 дугаар зүйлийн 133.2.7, 133.2.14-д заасан хэрэгт хамаарч байх тул иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Н нь Д.Ж тай 2011 оны 5 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багийн Засаг даргын 2024.03.04-ний өдрийн 41 дугаартай албан бичиг, хамт авхуулсан фото зураг зэргээр тогтоогдож байна.

Тэдний дундаас 2012 оны 5 дугаар сарын 09-ны өдөр охинН-гийн Н төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1866 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэгч Г.Н гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Тугчин овогт Гочоогийн Н- /РД:.../, Цэмбэлтэн овогт Д.Ж /РД:.../ нарыг 2011 оны 5 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охинН-гийн Н-ын эцэг нь Д.Ж мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ОТГОНЖАРГАЛ