Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02115

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02115

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин байрлах, Х ХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Ж овогт М.Б /РД:00/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, М овогт Ц.Б /РД:00/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,902,643.88 төгрөг, нотариатын зардалд 22,000 төгрөг, нийт 14,924,643.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Б, Ц.Б нар нь Х ХК-ийн Баруун хүрээ тооцооны төвтэй 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201843423194 тоот Зээлийн гэрээ /Хэрэглээний зээл, малчны зээл/ болон БГХ201843423194 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж 19,000,000 /Арван есөн сая/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлогыг 36 сарын хугацаагаар барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2024-01-25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 11,900,907 төгрөг, зээлийн хүүгийн 5,861,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 17,762,216 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний Хавсралт 1-т заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байгаа болно. 

Иймд банк талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.2, 2.4.4, Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, 4.3, Тавдугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, Наймдугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.8, 21-р зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч М.Б/РД: 000/, Ц.Б /РД: 00/ нарт холбогдуулан, хамтран хариуцуулахаар 1. 2018.02.15-ны өдрийн ЗГ/201843423194 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024.01.25-ны өдрийн байдлаар А.Үндсэн зээлийн үлдэгдэл 7,099,093.47 төгрөг, Б.Зээлийн хүүгийн төлбөрт 7,127,253.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 676,296.83 төгрөг, нийт 14,902,643.88 төгрөгийг гаргуулах. Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 22,000 төгрөг, бүгд 14,924,643.88 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...зээлдэгч М.Б, Ц.Б нь Х ХК-ийн Баруун хүрээ тооцооны төв дээр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201843423194 тоот зээлийн гэрээ болон ЗГ201843423196-тоот барьцааны гэрээг байгуулж 19,000,000 төгрөгийг жилийн 22.18 %-ийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлогыг бүтэн сарын хугацаагаар барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 11,900,907 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,861,309 төгрөг, нийт 17,762,216 төгрөгийг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байсан. Иймээс банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.2, 2.4.4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.3, 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.2.11, мөн зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.8, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг үндэслээд хариуцагч нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 01 сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,099,093.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,127,353.58 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 676,296.83 төгрөг, нийт 14,902,643.88 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхээр гарсан зардал 22,000 төгрөг, нийт 14,924,643.88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавсаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хны тус шүүхэд М.Б, Ц.Б нарт холбогдуулан 2018 оны 02 сарын 15-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт 14,924,643.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүг 7,127,253.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 676,296.83 төгрөг гэж тус тус нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтойгоор хүү тогтоосон бол зээлдэгчийн хүсэлтээр хүүг багасгаж болохоор анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болохоор хуульд заасан байдаг болон цар тахал түүний улмаас тогтоосон хорио цээр болон иргэн М.Б нь 2018 оны 07 сараас нурууны хүнд хэлбэрийн өвчтэй болж улмаар хөдөлмөрийн чадвараа алдсан нь түүний гэр бүлийн санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн, өвчний улмаас ажилгүй байгаа тухайгаа банкандаа мэдэгдэж хүсэлт гаргаж байсан тус Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.9-д зааснаар Банкны санаачилгаар гэрээ цуцлагдах үндэслэлтэй байна.

Мөн Х нэхэмжлэлийн үндэслэлдээ ... Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байгаа болно... гэсэн нь банк гэрээний шаардах эрхээ мэдсээр байж зээлийн үлдэгдэл болох 7,099,093.47 төгрөгөө 11 хувиар өсгөж мөнгө хүүлэх зарчим баримталж Зээлдэгчийн хөдөлмөрийн чадвараа алдаж төлбөрийн чадваргүй болсон нөхцөл байдлыг бүүр доордуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хүүгийн хэмжээг төлөөгүй үлдсэн үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байлгаж, 3,549,546.5 төгрөг гэж тооцож түүнээс илүү бодогдсон 3,577,707.08 төгрөгийг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.1.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б, Ц.Б нар нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хтай гэрээ байгуулж 19,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Цалингийн зээл аваад хэрэглэж байх явцдаа 2020 онд М.Б нь хөдөлмөрийн чадваргүй болж группт орсон, мөн ажил хийхээ больсон. Тухайн зээлийг М.Б ажиллаж байгаад Хтай цалингийн зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Тухайн салбар дээр очоод өөрөө огт хөдөлмөрлөх боломжгүй орлогогүй болчихсон гэдэг байдлаар тухайн Хны баруун хүрээ салбар дээр өөрийн биеэр очиж зээлийнхээ хугацааг анхаарч үзээч гэдгээ бичгээр болон амаар илэрхийлж Хинд хандсан. Мөн зээлийн хугацаа сунгуулах хүсэлтийг өгч байсан. Тэр хүсэлтийг Хны зээлийн мэргэжилтэн авсан. Зээлийн мэргэжилтэн тухайн үед хэлж байхдаа бид нар таны хүсэлтийг хүлээгээд авлаа. Төв рүүгээ шийдвэр гаргуулах гээд дамжуулаад өгчихлөө, хүлээж байгаарай гэсэн. Сүүлд нь нэмж материал шаардаж утсаар авч байсан. Үүнтэй холбоотойгоор М.Б, Ц.Б нар нь тухайн зээлийн гэрээн дээр асуудал үүссэн гэдгийг Ханд өөрсдөө илэрхийлээд төлөх боломжгүй орлогогүй болсноо бас илэрхийлэхэд, Х энэ тухай хүсэлтийг авч шийдвэрлэсэн талаараа хариу өгөөгүй. Тийм учраас тэр хүмүүс сунгачихсан гэж бодоод ойлгоод явж байсан байна. Одоогийн байдлаар Хнаас нэхэмжилж байгаа зээлийн үндсэн дүн нь 7,099,093.47 төгрөг байгаа. Хүү нь зээлээсээ давчихсан 7,127,253 төгрөг нэхэмжлэгдээд байгаа юм. Зээлийн хүү хэт их байна, үндсэн зээлээсээ давчихсан. Энийг би ойлгохдоо Х энэ хүмүүсийг тухайн үед хандаж байхад нь асуудлыг шийдээгүй, албаар нуун дарагдуулсан аль эсвэл үл тоомсорлосон гэж үзээд байгаа юм. Тэр үед Ковидтой холбоотой бүх хүмүүс ажиллах нь битгий хэл гэрээсээ ч гарахгүй байсан. Нэн ялангуяа ийм өвчтэй хүн бүүр хэцүү байсан. Тийм учраас Хны өөрийнх нь зээлийн гэрээн дээр гэрээгээ цуцлах тухай заалт байгаа. Тухайн зээлдэгч нь өр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, ямар ч орлогогүй болчихсон байх юм бол дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй болсон зээлдэгчид зээлийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах заалт байгаа. Тэр заалтаа Х хэрэгжүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа. 2-рт 3 жил өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ийм учраас нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гүйлгээний баримт, нотариатын баримт, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХК-ийн 2023.06.30-ны өдрийн итгэмжлэл, Х ХК-ийн 2024.02.07-ны өдрийн 34/568 дугаартай итгэмжлэл, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201843423194 дугаар зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн БГХ201843423194 дугаар Барьцааны гэрээ, 2018.02.13-ны өдрийн LOS программ дээр ажиллах журмын хавсралт-8, Зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар, Тансаг Алтай ХХК-ийн 2018.02.13-ны өдрийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч нараас 2024.02.23-ны өдрийн 0155 дугаартай итгэмжлэл, 2024.03.26-ны өдрийн хариу тайлбар, 2020.05.13-ны өдрийн өргөдөл, 2019.01.30-ны өдрийн Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, 2017.03.24-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2024.04.19-ний өдрийн 2024/7 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

5. Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар Х ХК-ийн 2024.04.24-ний өдрийн 34/2281 дугаартай албан бичиг, зээлийн хувийн хэрэг хүлээлцсэн товьёг, тусгай активын газарт зээл шилжүүлэхээс өмнө хийгдсэн ажлын мэдээлэл, 2024.05.07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч М.Б, Ц.Б нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 14,924,643.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Цалингийн зээл авсан бөгөөд зээлдэгч нар нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 11,900,907 төгрөг, зээлийн хүүгийн 5,861,309 төгрөг, нийт 17,762,216 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлж дуусгаагүй байгаа болно. 

Үндсэн зээлийн үлдэгдэл 7,099,093.47 төгрөг, хүүгийн төлбөрт 7,127,253.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 676,296.83 төгрөг, нийт 14,902,643.88 төгрөг, нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 22,000 төгрөг...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ...2020 онд М.Б нь хөдөлмөрийн чадваргүй болж группт орсон, мөн ажил хийхээ больсон, өөрөө огт хөдөлмөрлөх боломжгүй орлогогүй болчихсон гэдэг байдлаар өөрийн биеэр очиж зээлийнхээ хугацааг анхаарч үзээч гэдгээ бичгээр болон амаар илэрхийлж Ханд хандсан.

Мөн зээлийн хугацаа сунгуулах хүсэлтийг өгч байсан. Тэр хүсэлтийг Хны зээлийн мэргэжилтэн авсан. Зээлийн мэргэжилтэн тухайн үед хэлж байхдаа бид нар таны хүсэлтийг хүлээгээд авлаа. Төв рүүгээ шийдвэр гаргуулах гээд дамжуулаад өгчихлөө, хүлээж байгаарай гэсэн. Сүүлд нь нэмж материал шаардаж утсаар авч байсан. Үүнтэй холбоотойгоор М.Б, Ц.Б нар нь тухайн зээлийн гэрээн дээр асуудал үүссэн гэдгийг Ханд өөрсдөө илэрхийлээд төлөх боломжгүй орлогогүй болсноо бас илэрхийлэхэд, Х энэ тухай хүсэлтийг авч шийдвэрлэсэн талаараа хариу өгөөгүй.

Гэрээ сунгачихсан гэж бодоод ойлгоод явж байсан байна. Зээлийн хүү хэт их байна, үндсэн зээлээсээ давчихсан.

Ковидтой холбоотой ажиллах нь битгий хэл гэрээсээ ч гарахгүй байсан, өвчтэй хүнд бүүр хэцүү байсан.

Хны өөрийнх нь зээлийн гэрээн дээр гэрээгээ цуцлах тухай заалт байгаа. Тухайн зээлдэгч нь өр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, ямар ч орлогогүй болчихсон байх юм бол дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй болсон зээлдэгчид зээлийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах заалт байгаа.

Х хэрэгжүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа. 2 дугаарт 3 жил өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Х ХК болон хариуцагч М.Б, Ц.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/201843423194 дугаартай Зээлийн /хэрэглээний зээл, малчин зээл/ гэрээ байгуулагдсан,

уг гэрээгээр хариуцагч М.Б, Ц.Б нар нэхэмжлэгч Х ХК-иас 19,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201843423194 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №БГХ20183423194 дугаар барьцааны гэрээ, М.Баттулгын Х ХК-д гаргасан зээлийн хүсэлт, Хны гүйлгээний баримт, зээлдэгчийн анкетууд зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201843423194 дугаартай Зээлийн гэрээгээр Х ХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, М.Б, Ц.Б нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Х ХК-иас хариуцагч М.Бд шилжсэн болох нь хэрэгт авагдсан Хны гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ Х ХК биелүүлсэн учир зээлдэгч М.Б, Ц.Б нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч болох хариуцагч М.Б, Ц.Б нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 11,900,907 төгрөг, зээлийн хүүд 5,861,309 төгрөг, нийт 17,762,216 төгрөгийг төлсөн болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал хөдөлмөрийн чадваргүй болж группт орсон, орлогогүй болчихсон зээлийнхээ хугацааг сунгуулах хүсэлтийг өгсөн, хүсэлтийг шийдвэрлэсэн талаараа хариу өгөөгүй, гэрээ сунгачихсан гэж ойлгосон, зээлийн хүү хэт их байна, үндсэн зээлээсээ давчихсан, Хны гэрээгээ зээлдэгч нь өр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, ямар ч орлогогүй болчихсон байх юм бол дампуурсан, татан буугдсан, төлбөрийн чадваргүй болсон зээлдэгчид зээлийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах заалтыг хэрэгжүүлэх ёстой байсан, мөн 3 жил өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч М.Б, Ц.Б нар мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 2.1.1.3-т зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Зээлийн гэрээний зээлдэгч тал нь М.Б, Ц.Б нар байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч, хариуцагч М.Б, Ц.Б нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн үлдэх хэсэг, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй.

 

Хариуцагч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, Х ХК нь зээлээ төлөх мэдэгдэл 2022 оны 05 дугаар сарын 22-ний өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл болон шууданд хүлээлгэж өгсөн баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

М.Б, Ц.Б нар нь Х ХК-д зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлт өгсөн гэж тайлбарлах боловч зээлийн гэрээг сунгасан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нар зээлийн хүү хэт өндөр, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байх боловч талуудын зээлийн хүүний талаар харилцан тохиролцсон, мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх үзсэн.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ.

 

Зохигч зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 1.9 хувиар тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна дээрх хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарахгүй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 36 сарын хугацаатай зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байна.

 

Нэхэмжлэгч Х ХК нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч М.Б, Ц.Б нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацаа тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зохицуулжээ.

 

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна.

 

Зохигчид Зээлийн гэрээ-ний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч нар гэрээний хугацаа дууссан үеэс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул М.Б, Ц.Б нар зээлийн гэрээний дагуу төлөөгүй үлдсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

           Иймд хариуцагч М.Б, Ц.Б нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 7,099,093.47 төгрөг, хүүгийн төлбөрт 7,127,253.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 676,296,.83 төгрөг, нийт 14,902,643.88 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нотариатын зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагч М.Б, Ц.Б нараас нотариатын төлбөр 22,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б, Ц.Б нараас 14,924,643.88 төгрөгийг гаргуулж, Х ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,573.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Ц.Б нараас 232,573.22 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС