Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 29-ний өдөр                        2022/ДШМ/26                       Хэрлэн сум

 

Г.А-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0026

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Г.А-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлээр Г.А-т холбогдох эрүүгийн 1939005210016 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Г.А- нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт буюу Чингис хотоос зүүн урагшаа 16 км зайд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Т.Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэсэн заалтуудыг зөрчин “Т.Prius” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас БНХАУ-н иргэн Х-ны амь нас хохирч, БНХАУ-ын иргэн W,  Q нарын эрүүл мэндэд хүнд хохирол,  H-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “T.Prius” маркийн автомашинд зорчиж явсан Х.У-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А-т холбогдох 1939005210016 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 

1. Хэдийгээр хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “Х” ТӨХК-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх шинжээчийн дүгнэлтүүд гарсан боловч осол гарсан шалтгаан нь жолоочийн буюу Г.А-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм/ зөрчсөний улмаас...” гэж хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас...” гэж тус тус хуульчилсан нь ерөнхий агуулгаараа зам засварын ажил явуулахдаа аюулгүй байдлын журам зөрчсөн үйлдлээр илэрнэ гэж үзэж байна.

“Х” ТӨХК-ийн зүгээс тухайн нүхийг засварлах ямар нэгэн ажил хийгдэж эхлээгүй байсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарах үндэслэл болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно.

Тиймээс “Х” ТӨХК-ийн захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татсан. Энэ шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна.

 

2. Хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1 хавтаст хэргийн 108 хуудас/ шүүгдэгч Г.А-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсгийн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж яллагдагч Г.А-т ял сонсгож яллагдагчаар татах тогтоолд Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсгийн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөн гэсэн заалтыг нэмж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А-ыг яллагдагчаар татахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрсөн талаар дүгнэлт хийгээгүй байхад уг заалтаар буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Г.А-т холбогдох хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар эсэргүүцэлдээ бичсэн. Хэргийн материалтай танилцахад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол гаргаагүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн зүйл, заалт, хэсгийг өөрчилж байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахаар заасан.

Г.А-т холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа зүйл заалт хэсгийг өөрчлөөгүй, Г.А-ыг буруутгаж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт болох 11.14 дүгээр заалтыг нэмэлтээр оруулсан учир шүүхийн шатанд магадлалын заалтыг хангасан гэж үзэж байна.

 

3. Хэрэгт хяналтын прокуророос шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах тогтоолыг үйлдсэн, уг тогтоолд шинжээчийн эрх үүрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйл “шинжээч зориуд худал дүгнэлт гаргуулах” гэсэн хуулийн заалтыг сануулж, шинжээчээс эрх үүрэг болон хууль сануулсан тогтоолтой танилцаж гарын үсгээ зурсан нь үнэн зөв дүгнэлт гаргах нэг төрлийн баталгаа юм. Гэтэл шүүхээс хууль сануулсан талаарх баталгаа гаргуулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

4. Гадаад оронд оршуулгын зан үйлийг ямар байдлаар явуулж байгааг тодруулах талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хэмжээнд ойлгогдохоор захирамждаа тусгаж шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Энэ заалтыг биелүүлэх боломжгүй, ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй гэж үзэж байна.

 

Шүүгдэгч Г.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан. Дараагийн нэхэмжлэлийн хувьд өмнөх оршуулгын зардалд тооцогдох зарим зардлууд, мөн буудал, архи зэрэг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохооргүй зардлуудыг нэмж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол гарахад зам анги буруутай гэсэн гурван удаагийн дүгнэлт гарсан тул төлбөрийг хамтран хариуцах саналтай байна” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

1. Анхан шатны шүүх “Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай магадлалаар “...Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүдэд замын эвдрэл нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн талаар нарийвчлан тодорхойлж тусгаагүй байна гэсэн дүгнэлт хийсэн хэрнээ, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсгийн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалтаар шүүгдэгчийг  буруутгажээ. Эдгээрээс дүгнэлт хийхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарахад замын эвдрэл нөлөөлсөн эсэх, тухайн эвдрэлийг засч, цэвэрлэх үүрэг бүхий  “Х” ТӨХК гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна...” гэж дүгнэн буцаасан байхад хагас дутуу шинжээчийн дүгнэлт гаргуулснаас өөр ямар ч ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд  ирүүлсэн нь хангалтгүй байна. Түүнчлэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр замын эвдрэл нь осолд нөлөөлсөн талаар дүгнэсэн байхад уг замыг хариуцагч байгууллага, албан тушаалтан нь Авто замын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто зам, замын байгууламжийн ашиглалт засварын аюулгүй байдлын журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, уг замын эвдрэл гэмтэл хэзээ үүссэн, түүнийг засах талаар болон аюултай нөхцөл байдлыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ хийх үүрэгтэй этгээд байсан эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг гүйцэд шалгах” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Учир Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ДШМ/26 дугаартай магадлалаар “...гэмт хэрэг гарахад замын эвдрэл нөлөөлсөн эсэх, тухайн эвдрэлийг зас, цэвэрлэх үүрэг “Х” ТӨХК гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай...”  гэсэн үндэслэлээр хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн /4 хавтаст хэргийн 11-17 хуудас/ боловч уг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Мөн “Х” ТӨХК-д гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

2. Шүүх “шүүгдэгч Г.А-ыг яллагдагчаар татахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсгийн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчсөн талаар дүгнээгүй байхад уг заалтаар буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байх тул зөрчлийг засах” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1939005210016 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолд /1 хавтаст хэргийн 1-2 хуудас/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг тусгаагүй атлаа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаартай яллах дүгнэлтэд /4 хавтаст хэргийн 48-56 хуудас/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг тусгаж өгсөн нь үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт нь шүүгдэгчийг буруутгаж байгаа гол үндэслэл тул “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолд заавал тусгагдсан байх шаардлагатай ба шүүгдэгч өөрийг нь буруутгаж байгаа зүйл заалтыг мэдсэнээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан эрхээ эдлэх боломжтой юм.

 

3. Анхан шатны шүүх “...шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч Г.А-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсгийн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар дурдаагүй нь өмнөх дүгнэлттэй зөрж байгаа бөгөөд аль дүгнэлт үндэслэлтэй болох нь тодорхой бус эргэлзээтэй...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Учир нь хэрэгт Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 100-101 хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1 хавтаст хэргийн 107-108/ хоорондоо зөрүүтэй, аль нь үндэслэлтэй болох нь тодорхой бус эргэлзээтэй, сүүлд гарсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/13 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтээр /4 хавтаст хэргийн 37-38 хуудас/ шүүгдэгч Г.А-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсгийн “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоогоогүй байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ.

 

Харин шүүхийн “...прокурор дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж дүгнэлт гаргуулахдаа шинжээч нарт үнэн зөв дүгнэлт гаргах талаар баталгаа гаргуулсан эсэх нь тодорхойгүй, дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогч нарт бүрэн танилцуулаагүй, прокурор шүүхийн шатанд танилцана гэсэн, утсаар танилцуулсан гэх зэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь хуульд нийцээгүй...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.   

 

4. Шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоох...” талаар тусгасан бөгөөд энэ хэргийн улмаас БНХАУ-ын иргэдэд учирсан гэм хорын хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан шалгах, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн өгсөн нотлох баримттай холбогдуулан нэмэлт шалгалт хийх, тэдэнд хийгдсэн эмчилгээ нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тодруулах, мөн тухайн улсын оршуулгын зан үйл, ёс заншил, хугацаа, онцлог зэргийг тодруулах, нэхэмжилж буй зарим зүйлийн тухайн үеийн улс орон нутгийн үнэлгээг гаргуулах” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь хохирогч нэхэмжлэлээ гаргаж холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын хэмжээг тогтоож нэхэмжлэлийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.

 

      Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

      1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/103 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.  

 

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

      Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА