Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2016/0376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:ё/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т*******ийн ногдуулсан 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 000035824 дүгээр шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө*******, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаар захиргааны зөрчлийн тэмдэглэлийг хүлээн авч танилцаад зохих тайлбарыг хүргүүлсэн боловч 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 9/4134 дүгээр албан бичгийн хамт 000035824 дүгээр шийтгэврийн хуудсыг ирүүлж 9.600.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд захиргааны шийдвэрийн гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулах хүсэлт гаргаж 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 34273 дугаар захирамж гаргуулсан болно.

Бид дараах үндэслэлээр тус шийтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно.

******* ХХК нь Бест рөүд групп ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр авто 22 дугаар санхүүгийн түрээсийн гэрээг 17 сарын хугацаатай, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Авто 33 дугаар санхүүгийн түрээсийн гэрээг 24 сарын хугацаатай тус тус байгуулсан.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасан бөгөөд энэхүү заалтыг 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар Улсын Дээд шүүхийн тайлбар тогтоолд Санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой гэрээ гэдэгт ...Ханшийн өсөлт бууралтаас үнэ нь хамаардаг опицион буюу ирээдүйд худалдах худалдан авах гэрээг .... хамруулан ойлгоно гэж заасан байдаг. Энэхүү заалтын хүрээнд уг санхүүгийн түрээсийн гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Бест рөүд групп ХХК нь ******* ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Авто 22 дугаар, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Авто 33 дугаар санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үүргийг ноцтой зөрчиж манай компанид 367.252.638,32 төгрөгийн хохирол учруулсан үүнтэй холбоотой нэхэмжлэлийг холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байгаа бөгөөд Бест рөүд групп ХХК-ийн шүүх ажиллагаанд саад учруулж удаашруулах, бодит бус нотлох баримт бий болгох зорилгоор дээрх өргөдөл гаргасан гэж үзэж байна.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ гэж заасан байхад ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хуулийн этгээдэд хяналт шалгалт явуулах ингэхдээ үйл ажиллагаанд бус гагцхүү гэрээ болон харилцах дансны хуулгыг үндэслэн хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дах хэсэгт зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж, зөрчлийг арилгаагүй бол торгох арга хэмжээ авахаар заасан байтал 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаар захиргааны зөрчлийн тэмдэглэлд шууд торгох шийтгэл ногдуулсан нь уг хуулийн заалтыг зөрчсөн мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хороо үйл ажиллагаандаа бие даасан, бусдын нөлөөнд үл автах зарчмыг удирдлага болгоно гэсэн зарчим зөрчигдөж байна гэж бид үзэж байна.

Бест рөүд групп ХХК болон ******* ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээ харилцан тохиролцож байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Бест рөүд групп ХХК төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэсэн байхад зөвхөн ******* ХХК-д шийтгэвэр ногдуулсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх... гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх гэдэг заалт зөрчигдсөн гэж бид үзэж байна.

Бест рөүд групп ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Бест рөүд групп ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ямар ч төлбөр гүйцэтгээгүй /энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны байцаагч Б.Т*******ийн гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа хэргийн материалын 58 дугаар хуудасны ар тал/ Бест рөүд групп ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн тул ******* ХХК нь тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т ...түрээслэгч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй хуанлийн 60-аас дээш хоног хэтэрсэн бол түрээслэгчийн санаачилгаар гэрээг цуцална... гэж заасныг үндэслэн гэрээ цуцлах мэдэгдлийг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. /энэ нь Монгол шуудан компанийн баримт болон ******* ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа/ Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны байцаагч шийтгэвэр ногдуулсан нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дэх хэсэгт Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гаргасан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно гэх заалт мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д Зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нөхцөл байдлыг тогтооно гэдэг заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын нөхцөлд гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байна.

Иймд дээрх үндэслэлийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 000035824 дүгээр шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагч Б.Т*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Бест рөүд групп ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчин санхүүгийн түрээсийн гэрээ байгуулахдаа үнийн дүнг гадаад валютаар илэрхийлсэн, гэрээний төлбөрийг тооцох нэгж буюу ам.доллараар гүйцэтгэн, эргэн төлөлтийг Худалдаа хөгжлийн банкны тухайн өдрийн валютын ханшаар тооцож төлүүлж байгаа тухай өргөдлийг хороонд ирүүлсэн.

Бест рөүд групп ХХК-ийн өргөдөл болон хавсралтаар ирүүлсэн баримт бичгийг хянаж үзэхэд ******* ХХК нь Бест рөүд групп ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар санхүүгийн түрээсийн гэрээг байгуулахдаа гэрээний төлбөрийг гадаад валютаар илэрхийлэн, эргэн төлөлтийг Худалдаа хөгжлийн банкны тухайн өдрийн валютын ханшаар тооцож төлүүлнэ гэж хийсэн байсан тул Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Валютын зохицуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны даргын баталсан шалгалтын удирдамжийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсгийн ахлагч, Хорооны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, валютын хяналтын улсын байцаагч Л.Батзориг, хянан шалгагч Н.Мөнх-Эрдэнэ нар ******* ХХК-ийн байранд очиж Бест рөүд групп ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга болон холбогдох бусад баримт бичиг, Бест рөүд групп ХХК ямар дансаар төлбөрөө шилжүүлж байсан талаар дансны хуулга, баримт бичиг зэргийг шалгуулах талаар мэдэгдэж, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр газар дээр ирж шалгана гэж танилцуулсан.

Үүний дагуу ******* ХХК-ийн санхүү эрхэлсэн газрын захирал Г.Гансүх болон хуулийн зөвлөх Д.Өэлүн-Үжин нар шаардлагатай материалуудыг гаргаж бэлэн болгоё гэж хэлсэн байна.

Шалгалтын ажлын хэсгийн ахлагч Хорооны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, валютын хяналтын улсын байцаагч Л.Батзориг, хянан шалгагч С.Батсүх нар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагт ******* ХХК-ийн байранд очиж тус компанийн санхүү эрхэлсэн газрын захирал Г.Гансүхтэй уулзахад манай компанийн ерөнхий захирал болон хуулийн зөвлөх нар манай компани танай хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулаагүй учраас та нарт шалгуулах шаардлагагүй, эргэж хариу тайлбар өгье гэж мэдэгдэн шалгалтыг хийлгүүлээгүй тухай шалгалтын ажлын хэсэг уулзалтын тэмдэглэл үйлдсэн байна.

Шалгалтын ажлын хэсэг Бест рөүд групп ХХК-иас хороонд ирүүлсэн албан бичгийг шалгаж үзэхэд санхүүгийн түрээсийн төлбөр, хүүгийн төлбөрийг ******* ХХК-ийн Голомт банкин дах 1705029801 дүгээр дансанд шилжүүлж байсныг тодруулах үүднээс Хорооны 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 9/3799 дүгээр албан бичгийг Голомт банкинд хүргүүлсэнд тус банкны 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 09.01/1997 дугаар албан бичгээр ******* ХХК-ийн валютын дансны хуулгыг ирүүлсэн бөгөөд уг хуулгаас харахад Бест рөүд групп ХХК нь түрээсийн болон хүүгийн төлбөрөө гадаад валютаар буюу ам.доллараар төлж байсан байна.

******* ХХК нь Бест рөүд групп ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 22 дугаар санхүүгийг түрээсийн гэрээг байгуулахдаа гэрээний төлбөрийг гадаад валютаар тооцсон, эргэн төлөлтийг гадаад валютаар төлж байсан, зарим үед тухайн өдрийн валютын ханшаар тооцож төлүүлсэн байсан нь Бест рөүд групп ХХК-иас ирүүлсэн баримт бичиг болон Голомт банкнаас ирүүлсэн дансны хуулга зэргээр нотлогдсон.

Энэ үйлдэл нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх... гэж заасныг зөрчсөн байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1.2 дах заалтыг тус тус үндэслэн ******* ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын Бичил санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, валютын хяналтын улсын байцаагч Б.Т******* 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаар захиргааны зөрчлийн тэмдэглэл, 000035824 дүгээр шийтгэврийн хуудсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.600.000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулсан болно.

Захиргааны зөрчлийн тэмдэглэл, шийтгэврийн хуудсыг танилцуулсан, гарын үсэг зуруулж баталгаажуулах зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын хянан шалгагч С.Батсүх, Н.Мөнх-Эрдэнэ нар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Сөүл бизнес центр 403 тоотод байрлах ******* ХХК-ийн өөрийн ажлын байранд очиж тус компанийн санхүү эрхэлсэн газрын захирал Г.Гансүхтэй уулзахад Манай компанийн хуулийн хэлтсийнхэн уг шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа, уг асуудалтай холбоотойгоор танай хороонд очиж уулзана гэж мэдэгдэн захиргааны зөрчлийн тэмдэглэлийг авч үлдэн удирдлагадаа болон хуулийн хэлтэстээ танилцуулъя, шийтгэврийн хуудсыг авч үлдэх боломжгүй гэсэн байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулсан зөрчлийн тэмдэглэл, шийтгэврийн хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор давж заалдах эрхтэйг сануулсан бөгөөд ******* ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/50 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооноос захиргааны тавьсан захиргааны шийтгэврийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тухай тайлбарыг ирүүлсэн.

Уг тайлбарыг хүлээн авч, хянаж үзээд валютын хяналтын улсын байцаагчийн ногдуулсан захиргааны шийтгэврийг хэрэгжүүлэх, зөрчил арилгах үүрэг өгөх тухай Хорооны 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 9/4134 дүгээр албан бичгийг ******* ХХК-нд хүргүүлсэн.

******* ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаар захиргааны зөрчлийн тэмдэглэл, 000035824 дүгээр шийтгэврийн хуудсаар ногдуулсан захиргааны шийтгэврийг хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрмийн 13.4-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх, захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан захиргааны шийтгэлд гомдол гаргах хугацаа хэтэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1-д заасны дагуу уг захиргааны шийтгэврийг баталгаажуулахаар Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4334 албан бичгийг харьяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 34273 дугаар Захиргааны шийтгэврийн гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулах тухай захирамж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3952 дугаар гүйцэтгэх хуудсыг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлснийг тус хорооны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/4759 дүгээр албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн болно.

Нэхэмжлэлд ******* ХХК-ийн Бест рөүд групп ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 22, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 33 дугаар санхүүгийн түрээсийн гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчөөгүй, мөн хуулийн 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасан талаар бичжээ.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан байдаг.

Харин Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасан байдаг ба энэ нь зөвхөн Банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарагдах заалт юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ гэж заасан байхад ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хуулийн этгээдэд шалгалт явуулж, ингэхдээ үйл ажиллагаанд бус гагцхүү гэрээ болон харилцах дансны хуулгыг үндэслэн хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх заалтуудыг зөрчсөн байна гэжээ.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Банкинд Монголбанкны хянан шалгагч, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хяналт тавина, Валютын зохицуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд Монгол Улс дахь аж ахуйн нэгж, байгууллагын валютын гүйлгээнд Засгийн газар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрсдийн бүрэн эрхийн дагуу хяналт тавина гэж тус тус заасан байдаг.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан бөгөөд уг хуультай холбоотой асуудлаар хуулийн этгээд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийх нь Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн асуудал юм.

Бест рөүд групп ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн өргөдлийн хүрээнд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны даргын баталсан шалгалтын удирдамжийн дагуу шалгалтыг хийх байсан боловч Хера автомотив ХХК-ийн байранд очиж тус компанийн санхүү эрхэлсэн газрын захирал Г.Гансүхтэй уулзахад манай компанийн ерөнхий захирал болон хуулийн зөвлөх нар манай компани танай хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулаагүй учраас та нарт шалгуулах шаардлагагүй гэж мэдэгдэн шалгалтыг хийлгүүлээгүй тул Бест рөүд групп ХХК-ийн өргөдөл болон хавсралтаар ирүүлсэн баримт бичиг, шалгалттай холбогдуулж Голомт банкнаас гаргуулан авсан ******* ХХК-ийн 1705029801 дүгээр валютын дансны хуулга зэрэгт тулгуурлан шалгалтыг хийсэн болно.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т энэ хуулийн 6.1.1-д заасан зөрчлийг арилгаагүй бол зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1030 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн арга хэмжээг авахаар заасан байна. Мөн хуулийн 6.1.1-д зааснаар эрх бүхий этгээд энэ хуулийг зөрчсөн зөрчлийг арилгуулахаар шаардлага тавиад биелүүлээгүй бол 6.1.2 дах хэсэгт заасан захиргааны арга хэмжээ авахаар заасан байтал шууд торгох шийтгэл ногдуулсан нь уг хуулийн заалтыг зөрчсөн, мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан Хорооны үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно гэсэн зарчмыг зөрчсөн байна гэжээ.

******* ХХК-ийн Бест рөүд групп ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 22, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 33 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний дүнг гадаад валютаар буюу ам.доллараар илэрхийлж, холбогдох гүйлгээнүүдийг ам.доллараар хийсэнд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан захиргааны шийтгэлд ногдуулах бол зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж тухайн үйл ажиллагаанаас олсон орлого буюу ******* ХХК-ийн иргэд, аж ахуйн нэгжтэй гадаад валютаар илэрхийлж байгуулсан санхүүгийн түрээсийн үйл ажиллагаанаас олсон орлогыг бүхэлд нь хурааж улсын орлого болгох байсныг харгалзан үзэж Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан захиргааны шийтгэл ногдуулсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т*******т холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 000035824 дүгээр шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай 8935 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, ******* ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1727 дугаар захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэсэн байна.

******* ХХК нь Бест рөүд групп ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 33 дугаар түрээсийн гэрээнүүдийг байгуулан ажиллаж байгаад Бест рөүд групп ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хүсэлт гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга хүлээн авч, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-нд хийх шалгалтын удирдамжийг баталжээ.

Уг удирдамжийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, Валютын хяналтын улсын байцаагч Л.Батзориг, тус хорооны хяналт шалгалтын газрын хянан шалгагч С.Батсүх нар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-ийн шалгах өдрийн байдлаар хүчинтэй байгаа холбогдох гэрээ, зар сурталчилгааны үнэ, үнийн санал, бусад төрийн ажил, үйлчилгээний хөлс болон ажилтан албан хаагчдад олгож буй цалин, урамшуулал түүнтэй адилтгах хөлс олголтод үндэслэн шалгалт хийх талаар Хера автомотив ХХК-ийн санхүү хариуцсан захирал Г.Гансүхтэй уулзаж мэдэгдсэн байна.

Шалгалтын ажлын хэсгийнхэн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн санхүү хариуцсан захирал Г.Гансүхтэй уулзахад Манай компанийн ерөнхий захирал болон хуулийн зөвлөх нар Санхүүгийн зохицуулах хорооноос манай компани тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаггүй учраас та нарт шалгуулах шаардлагагүй. Мөн Бест рөүд групп ХХК-ийг шүүхэд өгч байгаа өөрсдөө анх гэрээг хүлээн зөвшөөрч хийчхээд мөнгөө төлж чадахааргүй болоод ирэхээрээ ийм үйлдэл гаргаад байгааг гайхаад байгаа. Ийм учраас бид шаардлагатай материалыг бэлдээгүй хэмээн шалгалт хийлгэхээс татгалзсан байх бөгөөд үүнийг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 001 дугаар тэмдэглэлд тусгажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 9/3799 дүгээр албан бичгээр ... ******* ХХК /регистрийн дугаар-5620031/-д бүртгэлтэй, 1705029801 тоот харилцах, хадгаламжийн дансны талаарх дэлгэрэнгүй хуулга /2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацааны/, тодорхойлолтыг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор гарган өгнө үү хэмээн Голомт банкнаас Хера автомотив ХХК-ийн 1705029801 дугаартай дансны хуулгыг авахаар албан бичиг явуулсныг Голомт банк хүлээн авч 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 09.01/1997 дугаар албан бичгээр уг дансны хуулгыг ирүүлсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаартай захиргааны зөрчлийн тэмдэглэлээр санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн тул Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Банкинд Монголбанкны хянан шалгагч, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хяналт тавина гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18.3, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6.1.2 дах заалтын тус тус үндэслэн ******* ХХК-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.600.000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

Үүнийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны валютын хяналтын улсын байцаагч Б.Т******* 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 000035824 дүгээр шийтгэврийн хуудсаар Херав-Автомотив ХХК-нд торгууль ногдуулсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын хянан шалгагч С.Батсүх, Н.Мөнх-Эрдэнэ нар захиргааны зөрчлийн тэмдэглэл, шийтгэврийн хуудсыг өгөх зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ******* ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Г.Гансүхтэй уулзалт хийн зөрчлийн тэмдэглэлийг гардуулж, 002 дугаар тэмдэглэлийг үйлджээ.

******* ХХК 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/50 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд ...Санхүүгийн зохицуулах хорооны 2015 ны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаар захиргааны зөрчлийн тэмдэглэлд бичигдсэн дүгнэлт, ногдуулж буй шийтгэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа болно хэмээн хандсаны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 9/4134 дүгээр албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаартай захиргааны зөрчлийн тэмдэглэл, 000035824 дугаартай шийтгэврийн хуудас нь үндэслэлтэй байх бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нөхцөлд захиргааны шийтгэврийн хуудсыг шүүхийн байгууллагаар баталгаажуулж албадан гүйцэтгүүлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах болно гэдгийг давхар мэдэгдсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4334 дүгээр албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд захиргааны шийтгэврийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Захиргааны шийтгэврийн гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулах тухай 34273 дугаар захирамж, тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3952 дугаар гүйцэтгэх хуудсыг гаргажээ.

Нэхэмжлэгч манай компани Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаггүй учраас манай үйл ажиллагаанд хяналт тавьж, торгууль ногдуулж байгаа нь үндэслэлгүй хэмээн маргаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Санхүүгийн зохицуулах хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, мөн хуулийн 6.1-д Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 6.1.1-д Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих гэж заасан эрхийнхээ хүрээнд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно, 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо ******* ХХК-нд шийтгэвэр ногдуулжээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг ойлгохоор зааснаар Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан нөхцөл нь ******* ХХК-нд хамаарахгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаггүй учраас манай үйл ажиллагаанд шалгалт хийж, хяналт тавьж байна хэмээн нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэгэнт хуулиар төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг зохицуулсан байхад нэхэмжлэгч холбогдох төлбөрийг гадаад валютын дансаар хүлээн авч, гэрээ байгуулсан зэрэг нь тогтоогдсон байх тул өөрийн эрх хэмжээний хүрээнд улсын байцаагч шийтгэвэр ногдуулсан нь зүйтэй гэж үзэв.

Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлээр энэхүү хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээг зохицуулсан байх бөгөөд зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж, зөрчлийг арилгаагүй бол торгох арга хэмжээ авах байтал шаардлага хүргүүлээгүй шууд торгосон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хуулийн зүйл, заалтыг өөрт ашигтайгаар хэсэгчлэн тайлбарлан, маргаж байна гэж үзэхээр байна.

Учир нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох, 6.1.2-т энэ хуулийн 6.1.1-д заасан зөрчлийг арилгаагүй бол зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд ... хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох... гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч үйл ажиллагаанаас олсон орлогыг хураалгүй, торгох арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанид захиргааны хариуцлага хүлээлгэхдээ арай хөнгөн буюу торгох шийтгэлийг сонгосон байх тул аж ахуйн нэгжийн тухайн гэрээнээс олсон орлогыг хураан улсын орлого болгох, зөрчлийг арилгах шаардлага хүргүүлэх зохицуулалтыг хэрэглээгүй хэмээн шүүх буруутгах боломжгүй, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу уг хуулийн хэрэгжилтэд банкнаас бусад хуулийн этгээдэд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хяналт тависан байна.

Иймд ******* ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т*******т холбогдуулан гаргасан ...Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т*******ийн ногдуулсан 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 000035824 дүгээр шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.3-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэлийг ... шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна гэж заасны дагуу ******* ХХК-д ногдуулсан 9.600.000 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.       Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан ...Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т*******ийн ногдуулсан 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 000035824 дүгээр шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2.       Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т*******ийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 000035824 дүгээр шийтгэврийн хуудсаар 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн төлбөр ногдуулсныг өршөөн хэлтрүүлсүгэй.

3.       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА