Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2019/00067

 

Ш.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00607 дугаар шийдвэртэй, Ш.Т-ийн нэхэмжлэлтэй, Т.Б-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Ш.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Т.Б нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 700 м.кв газрыг, эсхүл Т.Б-ын байшин байгаа газраас бусад газрыг гэрээний дагуу шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай.

 

Нэхэмжлэлд: “Ш.Т миний бие 2018 оны 3 дугаар сард Т.Б-ын Өлгий сумын 5 дугаар багт байршилтай газраас 250 м.кв газрыг 34 сая төгрөгөөр худалдан авч 2 давхар барилгын материалын дэлгүүр барьж ашиглалтад оруулж байсан. Энэ оны 5 дугаар сарын 28-ны өдөр Т.Б-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж дэлгүүрийнхээ хойд талын 700 м.кв газрыг 73 сая төгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож нийт үнийн дүнгийн 50 хувь болох 36.500.000.00 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 36.500.000.00 төгрөгийг газраа шилжүүлж өгсний дараа авахаар харилцан тохиролцож байсан. Гэтэл Т.Б нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр над руу залгаж гэрээнээсээ татгалзахаар болсон, чамд газраа зарахаас татгалзаж байна, С тэр газрыг 160 сая төгрөгөөр авах гэж байна. Авбал 160 сая төгрөгөөр ав, авахгүй бол чамд зарахгүй гэж хэлсэн. Би тийм зүйл байхгүй, нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учраас надад газраа шилжүүлж өг гэдгээ хэлсэн. Гэтэл Т.Б надаас авсан урьдчилгаа 36.500.000.00 төгрөгийг зөвшөөрөл авахгүйгээр миний ХААН банк дахь дансанд буцаан шилжүүлсэн. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай миний барилгын материалын дэлгүүрийн хойд талын 700 м.кв газрыг, эсхүл байшин байгаа газраас бусад газрыг гэрээний дагуу миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Ш.Т нь анх 2019 оны 5 дугаар сарын сүүлээр надад ирж газраа худалдахыг хүссэний дагуу тохироод 5 дугаар сарын 28-ны өдөр 36.500.000.00 төгрөгийг өөрийн дансанд хүлээж авсан талаар тодорхойлолт үйлдэж нотариатаар батлуулсан. Тэр өдрөөс эхлээд би болон манай хүүхдүүд цахим орчинд зар тавьж 7 хоногийн туршид амьдрах хашаа байшин хайсан боловч төвд ойрхон боломжийн газраас, боломжийн үнэтэй, сэтгэлд тохирсон хашаа байшин олдоогүй ба түүнээс гадна гэр бүлийн гишүүд зөвшөөрөөгүй тул татгалзсан. Тэр хооронд миний бие өвдсөн тул уламжлалт эмчилгээ хийлгэхээр Цэнгэл сум руу явсан, тэнд байхдаа би Ш.Т-ийн 99423699 дугаарын утас руу нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр утсаар яриад “би орон байр олохгүй байна, чи ямар ч байсан хашаан дотор битгий юм хийгээрэй, би зарахаас татгалзаж байна” гэж хэлсэн. Энд ирээд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бие сайжрахгүй байсан тул өөрийн хүүгээ Т рүү явуулсан ба хүү “бид газар зарахаа больсон, орон байр олсонгүй, аавын бие тааруу байна, таны шилжүүлсэн урьдчилгааг буцааж өгье, дансаа өгөөрэй” гэж хэлэхэд тэрээр зөвшөөрч ХААН банкин дахь данс болон мөнгөн дүн, нэр хаягаа жижигхэн цасан дээр түүнд өөрийн гараар бичиж өгөөд явуулсан байсан. Түүний бичиж өгсөн дансанд нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 36.500.000.00 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би газрын наймааны асуудал дахиж яригдахгүй гэж ойлгосон ба 2 дахь удаагаа татгалзаж байгаагаа илэрхийлснээр гэрээ цуцлагдсан гэж ойлгосон. Би анхандаа ойрхон газраас гайгүй хашаа байшин олдчих байх гэж найдаад түүнтэй яаруу тохирсон юм байна гэдгийг хожим ойлгосон ба үнэхээр түүний өгөх мөнгөнд нь боломжийн хашаа, байшин олдоогүй болохоор худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, өмчлөх эрх шилжүүлэхээс өмнө татгалзсан нь үнэн. Хамгийн сүүлд гэхэд Ш.Т нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр над дээр ирээд /даваа гариг/ “та газраа өгөх үү, үгүй үү” гэж хэлэхэд би “зарахгүй, таны өгөх мөнгөөр боломжийн үнэтэй хашаа байшин олдохгүй байна” гэж хэлсэн. Ш.Т “тэгвэл шүүхэд өгнө” гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан. Мөн тэр 700 м.кв газарт миний 2018 онд шинээр барьж ашиглалтад оруулсан 10,5x13,5 харьцаатай улаан тоосгоор барьсан, шувуу нуруутай 8 өрөө бүхий өвлийн сууц байгаа ба харин тус үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч амжаагүй байсан. Түүнээс гадна хашаанд 2 ширхэг гарааж, 2 ширхэг амбаар, хашаа зэрэг бусад объектууд байгаа. Газар худалдах тодорхойлолтод байшингийн талаар яригдаагүй.Тэр байшинг зарж борлуулах, захиран зарцуулах эрх нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүдийн зөвшөөрснөөр шийдэгдэх учиртай ба харин би дур мэдэн ганцаараа захиран зарцуулах эрх байхгүй. Би Ш.Т-ийн надад шилжүүлсэн 36.500.000.00 төгрөгийг нь тун удалгүй өөрийнх нь зөвшөөрснөөр бүрэн буцаан шилжүүлж өгсөн ба өөр ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байхад газрыг нэр дээр шилжүүлж өгөх талаар шүүхэд хандаж байгааг нь ойлгохгүй байна. Иймд Ш.Тийн “...700 м/кв газрыг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Гуравдагч этгээдийн тайлбарт: “Миний нөхөр болох Т.Б нь Ш.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан. Шалтгаан нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр иргэн Ш.Т гэх хүнтэй нууцаар өөрөө ганцаараа ажлын өрөөндөө хэлэлцэн тохиролцож, бидний амьдарч байгаа газрыг зарахаар болж баримт бичиж өгсөн. Түүнээс урьдчилгааг авсны дараа төвд ойрхон газраас шинээр барьсан хашаа байшин олж өгнө гэсэн тул түүнд итгэж хэдэн хоног хүлээсэн боловч олдоогүй. Тэгэхээр түүний ганцаараа хууль зөрчиж гэр бүлийн гишүүд бидний эрх ашиг, сонирхлыг хохироож гаргасан шийдвэрийг нь эсэргүүцсэний дараа өөрөө хийсэн хэлцлээсээ татгалзаж буйгаа Ш.Т-д мэдэгдэж улмаар авсан урьдчилгааг нь өөрийнх нь зөвшөөрснөөр буцааж өгөөд гэрээгээ цуцалсан байсан. Гэтэл Ш.Т нөгөө тал гэрээнээсээ татгалзсаныг хүлээн зөвшөөрч өгсөн мөнгөө буцааж авчихсан атлаа өөрийн хувийн ашиг сонирхол, шунал нь хөдөлж бидний газар, хашаа байшинг хямдхан үнээр авчих санаатай ямар ч үндэслэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэр бүлийн бусад гишүүд болон 3 хүүхдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдалд хүрсэн тул Е.Г би тус шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулахыг хүсэж бичгээр хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч 7 дугаар сарын 18-ны өдөр захирамж гаргасан тул би өнөөдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.

Бид хоёр 31 жилийн өмнө гэр бүл болсон ба энэ хугацаанд 5 хүүхэдтэй болсон, одоо ам бүл 5-уулаа амьдарч байна. 1991 онд Дархан хотоос шилжин ирээд одоо байгаа 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 өрөө байшин худалдаж аваад амьдарч эхэлсэн. Тэр газарт 1998 онд 5 өрөө байшин, 2018 онд 8 өрөө тоосгон байшинг орчин цагийн загвараар барьж дөнгөж дуусгаад одоо амьдарч байна. Гэтэл манай нөхөр гэр бүлийн гишүүд болох бидэнтэй ярьж тохирч зөвшөөрөл авалгүй, дур мэдэн газар зарна гэсэн нь гэр бүлийн гишүүн бидний эрх ашгийг ноцтой зөрчихөд хүргэж болзошгүй байна. Ш.Т гэрээнээс татгалзсанаас болж ямар нэгэн байдлаар хохирол амсаагүй бөгөөд түүний эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй гэдгийг хэлмээр байна. Уг 8 өрөө бүхий өвлийн сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч амжаагүй байсан ба харин сүүлд шинээр гэрчилгээ авсан юм. Тухайн өвлийн байшин нь гэр бүлийн гишүүд бидний хөрөнгө, хүч хөдөлмөр шингэсэн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө мөн тул өмчлөлийн газартай нь хамт худалдахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр байшинг зарж борлуулах, захиран зарцуулах нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүдийн зөвшөөрснөөр шийдэгдэх учиртай ба харин хэн нэгэн хүн дур мэдэн ганцаараа захиран зарцуулах эрх байхгүй гэдгийг хууль, журам судалж байж ойлгосон юм.

2018 онд бидний өмчлөлийн хотын А бүсэд байршилтай, хар замын дагуу байршилтай өмчлөлийн газрын мөн зам руу харсан хэсгийн 250 м.кв газрыг мөн Ш.Т-д зах зээлийн ханшаас хямдхан үнээр зарсан, тухайн үед тэр газар үл хөдлөх хөрөнгө байхгүй тул янз бүрийн зүйл хэлээгүй дуугүй өнгөрсөн юм. Харин тэгсэн чинь энэ удаа бас Ш.Т нь манай нөхрийн ажлын газар дээр ганцаараа очиж, тархи толгойг нь эргүүлж газрыг зарахаар урьдчилан тохирч, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахыг завдах болсон явдал нь гэр бүлийн гишүүд бидний зөвшөөрөлгүй хийгдсэн тул одоо биднийг амьдрах орон байргүй болгож, гэр бүлээрээ хохироход хүргэн шахсан. Тухайн үед Ш.Т нь Т.Б-ын ажлын байран дээр өдөр болгон шахуу очиж нууцаар ярилцаж байсан болохыг нь сүүлд сонсож мэдсэн. Харин гэр бүлийн эзэн хүн газар зарахаар тохирох үед дээр нь байгаа хашаа байшин бусад барилга байгууламжаа яах талаар огт бодолцоогүй байсан юм байна. Биднийг аргадаж байгаад зарна гэж бодсон санаа нь ингээд бүтэлгүйтсэн тул гэрээнээсээ татгалзсанаар дуусгавар болж байсан. Тэгэхээр тэдний хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл мөн учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн гэж үзэж байна.

Тэгээд гэр бүлийн гишүүд нь амьдарч байгаа хашаа байшингаа хэнд ч худалдахгүй гэж шийдвэрлэснээр би гуравдагч этгээдийн төлөөлөл болж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг дэмжин оролцож байна. Бидний хоёрын эрэгтэй хүүхэд гэр бүл болж тусдаа амьдарч байгаа боловч үлдсэн гурван хүүхэд бид нартай хамт нэгэн гэр бүлд амьдарч байна. Бид дан ганц байшинд амьдрахаас гадна орон сууц биш учраас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх учиртай тул бидэнд бие засах газар, бохироо асгадаг цооног, илүү бараа, хүнсний зүйлээ хадгалах өрөө, түлээний амбаар, машины гарааж, эсгий гэрээ барих газар, зуны байр, хашаа хүн машин орох хашааны хаалга зэрэг нэн шаардлагатай байр орон газар байх ёстой. Тэгж байж л бид амьдрах ёстой болох нь хэнд ч гэсэн ойлгомжтой зүйл юм.

Бид 2018 онд байшингаа шинээр сэргээн орчин цагийн загвараар барих гэж 6 сарын турш хөлсөөр ажил гүйцэтгэх хүмүүстэй гэрээ хийж бариулах гэж гэр бүлээрээ олон жилийн туршид хуримтлуулан цуглуулсан хөрөнгөө зарцуулж, өөрсдөө жилийн турш хөдөлмөрлөж, хөлсөө урсган барьсан байшингаа хэн нэгэнд зүгээр өгөхийг хүсэхгүй байна. Байшинг хамгийн үнэтэйд тооцогдох чанартай барилгын материалаар барьж босгосон, насныхаа эцэст гайгүй байранд амьдаръя гэж бодоод л хөрөнгө мөнгө, хөдөлмөрөө харамгүй зарцуулсан. Тэгсэн чинь эцэс сүүлдээ хүнд булаалгах дөхөөд байна. Манай аймгийн төвийн хүн ам жил ирэх тусам нэмэгдэн нягтарч хэт төвлөрөл бий болсон энэ үед жирийн иргэд байшин барилга барих газаргүй болж байгаа тул бидэнд газар ч, байшин ч олдох боломжгүй болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд “Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй” гэж тус тус заасан нь эд хөрөнгө өмчилж, ая тухтай орчинд амьдрах боломжийг хуулиар ханган баталгаажуулж өгсөн байгааг харуулж байна. Нэгэнт хийсэн гэрээ хэлцлээсээ нэг тал татгалзаж, өгсөн авснаа харилцан буцааж өгсөн байхад нь түүнийг хүлээн зөвшөөрсөн атлаа хэсэг хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бидэнд ойлгомжгүй байна.

Иймд гэр бүлийн гишүүд бид амьдарч байгаа хашаа байшин болон газрыг бусдад худалдахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба үл хөдлөх хөрөнгө бол бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул гэрийн эзэн урьд хийсэн хэлцлээсээ татгалзсанаар хүчингүй болсон бөгөөд мөн урьд хийсэн хэлцэл нь хууль зөрчиж хийгдсэн учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Ш.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00607 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 84 дүгээр зүйлийн 84.3, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Т-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай миний барилгын материалын дэлгүүрийн хойд талын 700 м.кв газрыг эсхүл байшин байгаа газраас бусад газрыг гэрээний дагуу нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Т.Б-д даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, маргааны нөхцөл байдлыг зөв ойлгохгүйгээр буруу шийдвэрлэсэн гэж үзээд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь "Хариуцагч Т.Б нь өмчлөлийн 978 м.кв газраас нэхэмжлэгч Ш.Тэд 250 м.кв газрыг 2018 оны 3 дугаар сард худалдсан байх бөгөөд түүнд талууд маргаагүй ба харин үлдсэн 728 м.кв газраас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн "харилцан гэрээ"-ний дагуу 700 м.кв газрыг нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Т.Б-д даалгахыг хүсжээ" гэж маргааныг буруу тодорхойлсон. Т.Б нь 1228 м.кв газартай байсан бөгөөд 2018 онд 250 м.кв газрыг надад худалдаж байсан бөгөөд 978 м.кв газар үлдсэн байсан. Үүний 700 м.кв-ыг 75 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө шилжүүлж авч, үлдсэн мөнгийг газрыг нэр дээрээ шилжүүлж өгөхөөр болж гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж байсан. Гэтэл Т.Б нь "ойрхон газраас байшин олдоогүй" гэж гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзсан. Тэгэхэд би "байшингаа байгаа газраа үлдээж бусад газраа надад өгөөрэй" гэж шаардлагаа өөрчилсөн боловч мөн хүлээн зөвшөөрөөгүй. Т.Б-д 978 м.кв газар байсан бөгөөд байшингаа болон шаардлагатай газраа үлдээсний дараа надад үлдсэн газраа шилжүүлэх боломжтой байсан боловч түүний цаад санаа нь өөр байсан. Т.Б нь надад зарсан газрыг иргэн С өндөр үнээр авах талаар санал гаргасан учраас надтай байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа. Иргэн С-ыг гэрчээр асуулгах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр хүлээж аваагүй. Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй ч гэсэн С-аас гэрчээр мэдүүлэг авах талаар нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахаас татгалзахдаа шалтгааныг нь тодорхой заагаагүй, ямар учраас хамааралгүй гэж үзсэн нь тодорхойгүй болсон. Т.Б нь 140 м.кв өвлийн сууцны үл хөдлөх гэрчилгээг газраа надад зарсны дараа, шүүхэд маргаан үүссэний дараа авсан. Тэгээд ч надад худалдсан газарт багтахгүй байсан. 700 м.кв газрыг надад шилжүүлж өгсөн ч түүнд 278 м.кв газар үлдэх байсан. Энэ газар нь хүрэлцэхгүй гэвэл хөрөнгө байгаа газрыг мөн хасаж, үлдсэн газрыг шилжүүлэхийг шаардсан. Хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн байна. Хариуцагч Т.Б-тай 2018 онд яг ийм "харилцан гэрээ" гэсэн гарчигтай гэрээний дагуу 250 м.кв газрыг худалдан авч нэр дээрээ шилжүүлэн авч байсан. Яг энэ гэрээний загварыг ашиглан 2019 онд дахиад 700 м.кв газрыг худалдан авахаар гэрээ байгуулж байсан. Энэхүү гэрээг бичгээр байгуулж талууд тохиролцож баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулснаас гадна өмнөх тогтсон заншил ёсоор гэрээ хийсэн. Үүнтэй холбоотой нотлох баримт болох 2018 онд байгуулсан "харилцан гэрээ"-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон худалдаж авсан газрын өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгч байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг буруу тодорхойлж, хэт нэг талыг баримтлан, буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт зөвхөн хариуцагч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчдийн хэлсэн үг, үсгийг тэр чигээр нь бичиж, тэдний хэлснээр нь шийдвэр гаргасан байна. Миний гаргаж өгсөн нотлох баримтуудын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүйгээс гадна өмгөөлөгчийн хэлсэн үг, тайлбарт няцаалт хийгээгүй байна. Харилцан үүрэг хүлээхээр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүргийг биелүүлж, газраа нэр дээрээ шилжүүлэхийг шаардсан. Энэхүү үүргээс хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзаж байгаагаа Т.Б нотолж чадаагүй байсан тул миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр зарим өөрчлөлтийг оруулах нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Т.Б-д холбогдуулан худалдаж авсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 700 м.кв талбайтай газрыг гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “дэлгүүрийн хойд талд байрлах 700 м.кв талбайтай газрыг, эсхүл Т.Б-ын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох байшин байгаа газраас бусад газрыг гэрээний дагуу нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” гэж өөрчилж[1] тодруулсныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар талууд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр[2] Т.Б-ын өмчлөлийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний 700 орчим м.кв газрыг Ш.Т-д 75.000.000.00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, газрын үнийн 50 хувь буюу 36.500.000.00 төгрөгийг худалдагчид төлсөн, харин үлдэх 36.500.000.00 төгрөгийг газрыг худалдан авагчийн нэр дээр шилжүүлсний дараа төлөхөөр талууд тохиролцон, гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн,

- 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2 удаагийн банкны бэлэн бус шилжүүлгээр[3] газрын үнийн урьдчилгаа  36.500.000.00 төгрөгийг хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч  Ш.Т-д буцаан шилжүүлсэн,

- Т.Б-ын өмчлөлийн 733 м.кв талбайтай газарт түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 1 давхар, 140 м.кв талбайтай найман өрөө, хувийн өвлийн сууц болон бусад 2 гарааш байгаа нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл[4], 0000477695 дугаартай газар өмчлөх эрхийн[5] болон 000563362 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн[6] улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр тус тус тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээг үндэслэсэн бөгөөд тус хэлцлийн талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 43.2.3 дахь заалтыг үндэслэн үндэслэлтэй, хууль ёсны дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Т нь хуульд заасан үндэслэл журмын дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг үндэслэн худалдаж авсан эд хөрөнгийг худалдагчаас шаардах эрхтэй, харин худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна. Гэвч үл хөдлөх хөрөнгө болох газар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт хуульчилжээ.

 

Талуудын хоорондын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг нотариатчаар гэрчлүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хуульд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр нэг этгээдээс нөгөөд шилжихээр хуульчилсан учраас Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.1 дэх заалтын дагуу талуудын хооронд газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй байна.

 

Дээрх хэлцэл нь үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгэгдээгүй, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.8 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах учраас уг хэлцлийг үндэслэн худалдаж авсан гэх газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө болох газрын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг зохигч талуудын хэн нь ч гаргах эрхтэй боловч энэ эрхээ хэн аль нь хэрэгжүүлээгүй.

 

Иймээс нэхэмжлэгч нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг үндэслэн хариуцагч Т.Б-ын газар өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд тухайн маргааны хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгад хамааралгүй /газар нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах талаар зохицуулсан/ Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, /өмчлөгчийн шаардах эрхийг тогтоосон/ 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг тус тус баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Нэхэмжлэгч нь “иргэн С-аас гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлтийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, урьд нь ийм төрлийн гэрээ байгуулж хариуцагчаас 250 м.кв талбайтай газар худалдаж авч байсан, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг тусгаагүй, хариуцагч Т.Б нь гэрээнээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан, энэ нь иргэн С надад худалдсан газрыг илүү өндөр үнээр авах санал гаргасантай холбоотойг шүүх анхаараагүй” гэсэн агуулгатай гомдол гаргаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн иргэн С-аас гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШЗ2019/01859 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[7], уг шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянаж, тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШТ2019/0029 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн[8] байна. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлээр хэлэлцэн тохиролцсон агуулгын талаар зохигч маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа...” хүнийг гэрч гэж тогтоосон тул анхан шатны шүүхийн  дээрх шийдвэрүүд хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарын агуулгыг тусгасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулгыг тусгаагүй байна гэх гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ[9], Ш.Т-ийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000450863 дугаар гэрчилгээ[10] зэрэг нотлох баримтууд хэрэгт хамааралгүй тул тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүх шийдвэртээ үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00607 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “84 дүгээр зүйлийн 84.3, 101 дүгээр зүйлийн 101.1-д” гэснийг “110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Тийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 112 дугаар тал.

[2] Хэргийн 2 дугаар тал.

[3] Хэргийн 4 дүгээр тал.

[4] Хэргийн 42 дугаар тал.

[5] Хэргийн 117 дугаар тал.

[6] Хэргийн 118 дугаар тал.

[7] Хэргийн 76 дугаар тал.

[8] Хэргийн 102-107 дугаар тал.

[9] Хэргийн 68 дугаар тал.

[10] Хэргийн 69 дүгээр тал.