| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/01515/и |
| Дугаар | 184/ШШ2024/03378 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/03378
2024 06 13 184/ШШ2024/03378
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Залуу Монгол оффис * давхар * тоотод байрлах, **** ББСБ ХХК /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, * байр, * тоотод оршин суух, М.М /рд:****/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,829,723.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М.М нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 092415 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 2,429,910 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. М.М нь 092415 дугаартай зээлийн гэрээний 2,429,910 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч М.М удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч М.М зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр 804 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу “...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд зээлдэгч М.М 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 2,017,240.18 төгрөг, зээлийн хүү 1,485,327.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 314,156.32 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарган нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 3,829,723.84 төгрөгийг М.М гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.М хариуцагч би зээлийн гэрээний үүрэгт заасан 3,829,723.84 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,629,723 төгрөгөөр 3 хуваан төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч М.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,829,723.84 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага 3,829,723.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,629,723 төгрөгөөр 3 хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбартай танилцаад түүний тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,829,723.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,829,723.84 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,629,723 төгрөгөөр 3 хуваан төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 76,225 төгрөгөөс 38,113 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 38,113 төгрөгийг, хариуцагчаас 38,113 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН