Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2024/00475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Батзаяа даргалж, шүүгч Б.Мөнхбат, Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирлын 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ньд холбогдуулан хохирлын 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2024 оны 03 сарын 18-ны өдөр 15 цаг 00 минутад цагийн орчимд доод зах Анурад төвийн үүдэнд 19-90 БНА улсын дугаартай Passo нэртэй шар өнгийн машин ухарч миний Prius-41 маркийн саарал өнгийн машиныг хүчтэй мөргөж хохирол учруулсан. Улмаар цагдаад дуудлага өгч Энх нахиа ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн боловч зах зээлийн дундаж үнэлгээ 610,000 төгрөг, тухайн үед миний дансанд хийсэн. Би өөрийн шинэ машинаа *******т машины будаг засвар муу, чанаргүй хийдэг тул Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн вьетнам авто засварт хийлгэх хүсэлтэй бөгөөд засварын зардал 1,000,000 төгрөг ба засварлах хугацаа 4 хоног болно. Миний машин 2019 онд үйлдвэрлэсэн Монголд орж ирээд 2 сар явж байгаа хамгийн залуу онтой 44 сая төгрөгийн үнэтэй. Өөрийн унаа тэрэг, эд хөрөнгөөрөө хохирсондоо гомдолтой байна. Улаанбаатар хот руу явж засуулах зардал 1,500,000 төгрөг гарч байгаа бөгөөд үүнийгээс нэхэмжилж байна. Хоёр талын зардал 300,000/А92 бензин/, Вьетнам засварын зардлын зөрүү 390,000 төгрөг, хотод 4 хонох буудлын үнэ 4х150,000 буюу 600,000 төгрөг, хот доторх такси, унааны төлбөр 80,000, хоол унд 130,000 төгрөг нийт 1,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

1.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 03 дугаар сарын 18-нд доод зах дээр түгжрээнд явж байхад ирж мөргөсөн. Дуут дохио өгсөн боловч тухайн өдөр салхи шуургатай байсан болохоор сонсоогүй байх. Тэгээд үнэлгээний байгууллагаар ороод үнэлгээгээр 610,000 төгрөг болсон. Тухайн өдөр тэр мөнгийг нь авсан. Улаанбаатар хотод очоод янзлуулахаар болоход 1,000,000 төгрөгийн засварын зардал гарсан. Би машинаа шинээр нь аваад 2, 3 сар л болж байсан. Шинэ машинаа мөргүүлж хохирол амссан. Засварын зардлын зөрүү ороод Улаанбаатар хот руу ирж очих түлш, хол унд, буудлын мөнгө нийлээд 1,500,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед бид хоёр Д.Энхжаргал гэх үнэлгээчин дээр очиж гаргуулахад машины эвдрэлийг 530,000 төгрөгөөр үнэлсэн энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гээд цагдаагийн 2 давхар дээр байдаг Энх нахиа ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Шинжээч машины нийт засвар үйлчилгээг 610,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээ өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа болно.

Миний бие тухайн үед надаас нэхэмжилсэн 610,000 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн хувьд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч тухайн зөрчилдөө шийтгэлээ хүлээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Энх нахиа ХХК-ийг шинжээчээр томилж 610,000 төгрөгийн бодит хохирол гэж гарсан бөгөөд тухайн хохирлоо нөхөн төлсөн байгаа. Нэхэмжлэгч нь тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж болох байсан. Гэтэл нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй. Бодит хохирлыг бүхэлд нь төлсөн болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч нь ухарч байгаад Баттөрийн машиныг мөргөж хохирол учруулсан боловч хохирол болох 610,000 төгрөг төлж хохирлыг нь барагдуулсан байна. Хариуцагч Түмэндэмбэрэл гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Энх нахиа ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, вьетнам авто засвар үйлчилгээний хуудас, нөат-ын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан хохирлын 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь Энх нахиа ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Шинжээч машины нийт засвар үйлчилгээг 610,000 төгрөгөөр үнэлсэн. Уг мөнгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

4. 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр*******анд байрлах Анурад худалдааны төвийн үүдэнд осол гарч, улмаар зохигч нь Энх нахиа ХХК-иар үнэлгээний тайлан гаргуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанд тайлбарласан.

5. Улмаар Энх нахиа ХХК-иар үнэлгээний тайланд автомашины баруун хойд крыло чихэгдэн үрчийсэн, хойд буфер сэвтсэн зэрэг байдалтай, сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 3-р зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтлан 610,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдож, уг үнэлгээнд нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргаагүй, хариуцагч нь 610,000 төгрөгийн нэхэмжлэгчид 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлжээ.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

 7. Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол байх бөгөөд уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.

 8. Дээрх автын ослоос нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг хариуцагч нь хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд үнэлгээгээр тогтоосон 610,000 төгрөгийг төлж барагдуулсан ч дараа нь автомашиныг засварлуулах явцад гарсан илүү зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 9. Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

 10. Нэхэмжлэгч нь би өөрийн шинэ машинаа *******т машины будаг засвар муу, чанаргүй хийдэг тул Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн вьетнам авто засварт хийлгэх хүсэлтэй бөгөөд засварын зардал 1,000,000 төгрөг ба засварлах хугацаа 4 хоног болно. гэж тайлбарлан, шүүх хуралдаан дээр нотлох баримтаар вьетнам авто засвар үйлчилгээний хуудас, нөат-ын баримтуудыг гаргаж өгсөн.

11. Өөрөөр хэлбэл өөрт учирсан хохирлоо өөрийн зардлаар төлсөн тул хариуцагчаас уг төгрөгийг гаргуулахаар нотлох баримтаа бүрдүүлсэн гэж тайлбарладаг ч Улаанбаатар хот руу хэзээ явсан, хэзээ ирсэн, автомашинаа засварлуулахад хэдий хугацаа зарцуулсан нь тодорхойгүй, вьетнам авто засвар үйлчилгээний хуудас гэх баримт нь үйлчилгээ авсан он, сар, өдөргүй, ямар үйлчилгээ хийлгэсэн нь ойлгомжгүй, төлбөр 1,000,000 төгрөгийг хэрхэн төлсөн нь тодорхойгүй, мөн түүнчлэн бусад нөатын баримтууд нь уг автомашиныг засварлуулахтай холбогдон гарсан зардал болох нь тогтоогдохгүй буюу хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх хоол идсэн, дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авсан тухай, мөн шатахууны баримтууд нь хаанаас, хаана хүрэхдээ авсан нь тогтоогдохгүй байх тул вьетнам авто засвар үйлчилгээний хуудас гэх баримт болон бусад нөат-ын баримтуудыг шүүх үнэлээгүй болно.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчээс автомашинд учирсан хохирлын 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч нь ухарч байгаад Баттөрийн машиныг мөргөж хохирол учруулсан боловч хохирол болох 610,000 төгрөг төлж хохирлыг нь барагдуулсан байна. Гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтланээс хохирлын 1,500,000 төгрөг гаргуулахийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ