Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2024/00410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, Баянхонгор сум, 2 дугаар баг, 6-620 тоотод оршин суух, Донсом овогт Хавчуурын Мөнхбаярт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, угаалгын ванны ажлын хөлс 3,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* нь*******т холбогдуулан тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, угаалгын ванны ажлын хөлс 3,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 2022 оны 08-р сард Улаанбаатар хот гэрээний дагуу хийж байсан хүүхдийн талбайн тоног төхөөрөмжийг авахаар очсон. Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний С.Мөнхцогт нь нэмж 28,000,000 төгрөг төлж ав гэсэн шаардлага шаардлага тавьсан Мөнхбатын 3 багц, Цэнд-Аюушийн 1 багц, Мөнхбаярын 2 багц, Гансүхийн 1 багц нийт 4 хүний 7 багц тоглоом байсан учир 1 багц тоглоом бүр дээр 4,000,000 төгрөг болж таарсан Мөнхбаяр, Гансүх. Цэнд-Аюуш, Мөнхбат бид 4 хүлээн зөвшөөрч Мөнхцогтой тохиролцон мөнгөний 50 хувь буюу 1 багц тоглоомын 2,000,000 төгрөг урьдчилж төлөөд авахаар болж Цэнд-Аюуш, Мөнхбат миний бие 2 тус бүр өөрсдийн тоглоомоо авах гээд байж байтал Мөнхбаяр, миний тоглоомыг аваад ирээч миний тоглоом 8,000,000 сая төгрөг болж байна урьдчилж 4,000,000 төгрөг төлөөд ажлаа хийж дуусаад үлдэгдлийг нь төлье гэсэн юм. Тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа С.Мөнхцогттой 2022.08.13-ны өдөр гэрээ хийж 28 сая төгрөг өгөхөөр тохирч энэ байдлыг Мөнхбаяр, Гансүх нар хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Цэнд-Аюуш 2,000,000, Гансүх 2,000,000, Мөнхбаяр 4,000,000 би 5,000,000 төгрөг гаргаж нийт 13,000,000 төгрөгийг бэлэн өгч 15,000,000 төгрөгийг дараа нь өгөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл Мөнхбаяр нь өгөхөөр тохирсон өгөөгүйгээс С.Мөнхцогт шүүхэд надтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан 16,500,000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Энэ мөнгөнд Мөнхбаяраас гарах гарах ёстой тоног төхөөрөмжийн зардал болох 4,000,000 алданги болох 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд энэ мөнгөө өг гэхээр өгнө гэсээр өгөөгүй иймд 6,000,000 нэхэмжилж байна.

Мөнхбаяр нь*******ын Шаргалжуут 8-р багт 2023 оны 10-р сард мал угаалгын ванни хийлгэх ажлын санал тавьсан ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг өгөхөөр тохирсон тэгээд би өөрийн ажилчдаа аваачиж ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие нь ажилчдын цалин, хоол хүнс болон бусад зардлуудаа өөрөө хариуцсан тохиролцсон 3,500,000 төгрөгөөс надад нэг ч төгрөг ирээгүй. Иймд 3,500,000 төгрөг нэхэмжилж байна ... гэжээ.

1.2. Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамтарч Хятад улсаас хүүхдийн тоглоом захиалсан. Ковид цар тахал гарсантай холбоотойгоор 28,000,000 төгрөгийн тээврийн зардал нэмэгдэж, үүнийгээ 7 хувааж, 4,000,000 төгрөг гаргахаар болсон.******* 2,000,000, би 2,000,000, н.Цэнд-Аюуш 1,000,000, н.Нямхүү 1,000,0000, нэг хүн 1,000,000 төгрөг гээд 7,000,000 төгрөг өгч 50 хувийг нь ажлаа гүйцэтгэчихээд өгөхөөр болсон. Намайг очиж тоглоомоо авлаа гэхэд******* 4,000,000 төгрөгийг нь өгчихье, 4,000,000 төгрөгийг нь хийж дуусгаад авъя, миний өмнөөс гэрээ хийгээд тоглоомууд аваад ир гэсэн. Үүнээс хойш нөгөө хүн тээврийн зардлаа нэхээд шүүхэд хандсан. Надаас 16,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч 50 хувийн хүү бодогдсон.*******аас авах 4,000,000 төгрөг нь 6,000,000 төгрөг болсон.*******ын өмнөөс гэрээг нь хийж тоглоомыг нь авчирснаараа миний буруу болсон. 3,500,000 төгрөгөөс мал угаалгын ванны 550,000 төгрөгийг хасаж болно.******* намайг очоод цутгах ажлыг нь хийчих гэхээр нь би хийсэн. Тендерийн үлдэгдэл 7,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг нь өгье гэхээр нь хийсэн. Би багийн даргатай ярилцсан хэмжээгээр нь хийсэн,******* хүлээж авахдаа нэмэлт зүйл хийлгэх шаардлага тавихад өөр хүнээр хийлгээд өөрт оногдох мөнгөнөөсөө хасуулахаар болсон гэв.

2. Хариуцагч******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бие нь******* гэх иргэнд ямар нэгэн өр төлбөр байхгүй. 1 нь тоглоомын тоног төхөөрөмжийн үнэ болох мөнгийг******* руу шилжүүлсэн. Ковидтой холбогдолтой ачаа тээвэр үнэ өссөн шалтгаанаар 1 багийн тоглоом дээр 4 сая төгрөг буюу зардал нэмэгдсэн. Миний бие 5 дугаар багийн тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэсэн. 5 дугаар баг дээр гарсан зардлыг******* руу шилжүүлсэн. 7 дугаар багийн тоглоомын ажил дээр миний найз болох М.Насанбат ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие ажил гүйцэтгэх ажлыг гардаж хийсэн. 7 дугаар баг дээр нэмэгдсэн зардлыг М.Насанбат гэж найзаас нэхэмжлэх нь зүйтэй байх. Иймд миний бие******* гэх хүнд өгөх ёстой 4 сая төгрөгийг шилжүүлсэн.

2 нь Шаргалжуут 8 дугаар багт хийсэн мал угаалгын ванн хийж гүйцэтгэх ажил дээр миний бие өөрийн багийн найз болох Б.С найзтайгаа хамтарч энэ ажлыг авсан. Энэ ажлыг малын хашаа гагнуур тоног төхөөрөмж бүх зүйлээр хангаж өгөөд энэ ажлыг гүйцэтгэх гэж санал болгоод тохироод орсон юм. Энэ ажил дээр******* нь ажил гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүй ажил гүйцэтгээд надтай хамтарсан Б.С найзтай тохирсон мөнгө төгрөгийг бас л надаас нэхсэн байх юм. Энэ хүний хийж гүйцэтгэсэн асуудалгүй ажлыг сум орон нутаг нь хүлээн аваагүй, чанарыг шаардлага ажлыг миний найз болох Б.С найз өөрийн биеэр очиж энэ ажлыг гүйцэтгэж хийж хүлээлгэж өгсөн. Найдвартай чанаргүй ажил хийж гүйцэтгээд ажил хийсэн гээд мөнгө нэхээд энэ асуудал надад ямар ч хамаагүй болчихсон юмыг над руу хамааруулж нэхэмжилсэн асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй болно. Миний бие*******ад ямар ч өр төлбөр байхгүй гэжээ.

2.1. Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мал угаалгын ванн найзтайгаа хамтарч хийх гэж байгаад би Улаанбаатар хот руу явсан.******* нь 16,000,000 төгрөгийн өртэй болчихлоо гээд хүрээд ирэхээр нь энэ ажлыг хийчих, үлдэгдэл 6,000,000 төгрөг байгаа гээд бүх шаардлагатай зүйлийг нь хангаж өгсөн. Өөрийн хамаатны ахдаа бензин хийж өгөөд ажиллуулахаар болж хоолны мөнгө 200,000 төгрөг, 300,000 төгрөг, 250,000 төгрөг өгсөн байхад нэхэмжлэлдээ би өөрөө хоолны асуудлыг шийдсэн гэж бичсэн байсан. Мал угаалгын ванны тойрсон хашааг нь хүртэл гагнуулаад бэлэн болгож явуулсан байхад ажлаа хийж чадаагүй. 8 дугаар багийн засаг даргатай яриад хийсэн ажлыг нь*******ын Тамгын газар хүлээж аваагүй. Хүүхдийн тоглоомын талбайгаас гарсан ашгийг нь найз руугаа шилжүүлсэн. Тээврийн зардал гарсан гэхээр нь 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. А.Мөнхбаяр нь өөрөө асуудлаа шийдэж чадахгүй надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.******* нь анхнаасаа н.Нямхүү гэх хүний нэрийг ч гэрээндээ дурдаагүй өөрөө өрөнд орчихсон гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийн хуулбар, бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар, ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2023/00782 дугаартай захирамжийн хуулбар, гэрэл зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас болон шүүхээс зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтгүй болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******т холбогдуулан тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, мал угаалгын ванны ажлын хөлс 3,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 550,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 8,950,000 төгрөг болгожээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хариуцагч******* нь*******ад өгөх өр төлбөр байхгүй, бусад хүмүүсээс нэхэмжлэх мөнгийг надаас нэхэж байна гэж маргажээ.

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Учир нь: Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6. Мөнхбаяр, Гансүх, Цэнд-Аюуш, Мөнхбат бид 4 хүлээн зөвшөөрч Мөнхцогттой тохиролцон мөнгөний 50 хувь буюу 1 багц тоглоомын 2,000,000 төгрөг урьдчилж төлөөд авахаар болсон. Мөнхбаяр, миний тоглоомыг аваад ирээч миний тоглоом 8,000,000 сая төгрөг болж байна урьдчилж 4,000,000 төгрөг төлөөд ажлаа хийж дуусаад үлдэгдлийг нь төлье гэсэн юм. Гэтэл Мөнхбаяр нь өгөхөөр тохирсон өгөөгүйгээс С.Мөнхцогт шүүхэд надтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан 16,500,000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Энэ мөнгөнд Мөнхбаяраас гарах ёстой тоног төхөөрөмжийн зардал болох 4,000,000 алданги болох 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд энэ мөнгөө өг гэхээр өгнө гэсээр өгөөгүй иймд 6,000,000 нэхэмжилж байна. Мөнхбаяр нь*******ын Шаргалжуут 8-р багт 2023 оны 10-р сард мал угаалгын ванн хийлгэх ажлын санал тавьсан ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг өгөхөөр тохирсон тэгээд би өөрийн ажилчдаа аваачиж ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие нь ажилчдын цалин, хоол хүнс болон бусад зардлуудаа өөрөө хариуцсан тохиролцсон 3,500,000 төгрөгөөс надад нэг ч төгрөг ирээгүй. Иймд 3,500,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

7. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.

8. Нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбаруудаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулагдсан байх үндэслэлтэй хэдий ч даалгавар өгөгч буюу хариуцагч******* нь өөрийнхөө багийн толоомны үнэ болох 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх мөнгийг өөр этгээд төлөх ёстой гэж, даалгавар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч******* нь 4,000,000 төгрөг авсан, үлдэгдэл 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 авна гэж тус тус тайлбарладаг.

9. Гэвч нэхэмжлэгч******* нь өөрийн шаардлага буюу тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг авах ёстойг нотлох нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж өгөөгүй байна.

10. Хэрэгт нотлох баримтаар өгсөн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийн хуулбараас үзэхэд нэг талаас С.Мөнхцогт, нөгөө талаас Б.Цэнд-Аюуш,******* гэх этгээдүүдийн хооронд хийгдсэн байх бөгөөд хариуцагч*******т эрх, үүрэг үүсгэсэн байдал уг хэлцэлд дурдаагүй байна.

11. Мөн нэхэмжлэгч нь Шаргалжуут 8 дугаар багт мал угаалгын ванн хийх ажлыг хариуцагч*******аас авч, ажлыг зохих ёсоор хийсэн боловч ажлын хөлс 2,950,000 төгрөг өгөөгүй гэж, хариуцагч******* нь уг ажлыг Б.Соронзонболд бид хоёр хамт ажил гүйцэтгэхээр авсан,******* зохих ёсоор гүйцэтгээгүй учраас өөрсдөө хийж дуусгасан гэж тус тус тайлбарладаг.

12. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 347 дугаар зүйлийн 347.1-д Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж тус тус зааснаар туслан гүйцэтгэгчээр ажиллаж болохоор байна.

13. Гэвч нэхэмжлэгч******* нь мал угаалгын ванн хийх ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж бүрэн гүйцэтгэсэн эсэх, хариуцагч нь******* нь мал угаалгын ванн хийх ажлын захиалагч, эсхүл ерөнхий ажил гүйцэтгэгчээр ажилласан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

14. Нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан гэрэл зургийн хуулбарууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч******* нь хариуцагч*******аас тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, мал угаалгын ванн хийх ажлын хөлс 2,950,000 төгрөг, нийт 8,950,000 төгрөг авах эсэх талаар бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч*******ын хариуцагч*******т холбогдуулан гаргасан тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, угаалгын ванны ажлын хөлс 2,950,000 төгрөг, нийт 8,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА