Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 212/МА2019/00068

 

В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00659 дүгээр шийдвэртэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын /цаашид “БНХАУ” гэх/ иргэн В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ны нэхэмжлэлтэй, Х.Х-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан,  нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 141.480.000.00 төгрөг, алданги 30.984.120.00 төгрөг, нийт 172.464.120.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Иргэн Х.Х 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын иргэн В-аас 141.480.000.00 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан бөгөөд 10 хоногийн дараа буцааж төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл Х.Х нь одоог хүртэл иргэн В-д буцааж өгөөгүй. Зээлийн гэрээгээр Х.Х мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,1 хувь алданги төлөх ёстой. Иймд Х.Х-аас зээлсэн мөнгө 141.480.000.00 /нэг зуун дөчин нэгэн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг, алданги 30.984.120.00 /гучин сая есөн зуун наян дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөг, нийт 172.464.120.00 /нэг зуун далан хоёр сая, дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Х.Х нь БНХАУ-ын иргэн В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцлаа. Би БНХАУ-ын иргэн В-ээс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 141.480.000.00 төгрөгийн зээлийг 10 хоногийн хугацаагаар зээлээр аваагүй. Харин 2018 оны 10, 11 саруудад хоорондоо хамтран ажиллахаар харилцан тохиролцож миний эгчийн данс руу 250.000 юань шилжүүлсэн нь үнэн. Мөн надад махны үйлдвэрт зориулан малын толгой чанах төхөөрөмж 2 ширхэг, цахилгаан тогоо 2 ширхэг, цахилгааны кабель утас 850 метрийг тус тус өгсөн.Толгой чанах төхөөрөмжийн нэг нь 20.000 юань, нөгөө нь 11.000 юань, цахилгаан тогоо тус бүр нь 13.000 юань, кабель утасны үнэ 17.000 юань /850 х 20 =17.000/, бүгд нийлээд 74.000 юаны бараа өгсөн. Би түүнээс бэлэн 250.000 юань, 74.000 юаны тоног төхөөрөмж, бараа авсан, бүгд 324.000 юань авсан нь үнэн.Тухайн үед юаны төгрөгтэй харьцах ханш 394 төгрөг байсан. Авсан бэлэн юань, барааг монгол төгрөгт шилжүүлбэл 127.656.000.00 төгрөг болно. В нь 31.000 юаны үнэтэй малын толгой чанах төхөөрөмжийг өөрөө Өлгийд махны үйлдвэр ажиллуулж байгаа Хан гэдэг хятад хүнд өгүүлсэн. Мөн 30.000 юаныг Л гэдэг хятад иргэний данс руу шилжүүлж өг гэсний дагуу би Л-гийн дансанд шилжүүлсэн. Дээрх 61.000 юаныг би хариуцахгүй бөгөөд энэ талаар В сайн мэдэж байгаа. Мөн 2019 оны 8 дугаар сард В Өлгийд ирэх үед би зочид буудалд нь очиж уулзаж 30.000 юань бэлэн өгсөн. Үлдсэн 233.000 юань буюу 91.802.000.00 төгрөгийг би төлж барагдуулна. Нэхэмжлэлд хавсаргасан гэрээ нь бодит гэрээ биш зөвхөн миний авсан юань, барааны үнийг баталгаажуулах зорилгоор тухайн үед хийж байсан учир миний хувьд ямар нэгэн алданги төлөх ёсгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг миний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00659 дүгээр шийдвэрээр  Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан Х.Х-аас зээлээр авсан 141.480.000.00 төгрөг, алданги 30.984.120.00 төгрөг, бүгд 172.464.120.00 /нэг зуун далан хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун хорин/ төгрөг гаргуулан В-д олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Миний бие БНХАУ-ын иргэн В-ээс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 141.480.000.00 төгрөгийн зээлийг 10 хоногийн хугацаагаар зээлээр аваагүй. Энэ гэрээ нь бидний хоорондын тооцоог дуусгах зорилгоор хийгдсэн гэрээ юм. Бид 2018 оны 10, 11 саруудад хоорондоо хамтран ажиллахаар харилцан тохиролцож В нь миний эгчийн данс руу 250.000 юань шилжүүлсэн нь үнэн. Мөн надад махны үйлдвэрт зориулан малын толгой чанах төхөөрөмж 2 ширхэг, цахилгаан тогоо 2 ширхэг, цахилгааны кабель утас 850 метрийг тус тус өгсөн.Толгой чанах төхөөрөмжийн нэг нь 20.000 юань, нөгөө нь 11.000 юань, цахилгаан тогоо тус бүр нь 13.000 юань, кабель утасны үнэ 17.000 юань /850 х 20 =17.000/, бүгд нийлээд 74.000 юаны бараа өгсөн. Би түүнээс бэлэн 250.000 юань, 74.000 юаны тоног төхөөрөмж, бараа авсан, бүгд 324.000 юань авсан нь үнэн.Тухайн үед юаны төгрөгтэй харьцах ханш 394 төгрөг байсан. Авсан бэлэн юань, барааг монгол төгрөгт шилжүүлбэл 127.656.000.00 төгрөг болно. В нь 31.000 юаны үнэтэй малын толгой чанах төхөөрөмжийг өөрөө Өлгийд махны үйлдвэр ажиллуулж байгаа Хан гэдэг хятад хүнд өгүүлсэн. Мөн 30.000 юаныг Л гэдэг хятад иргэний данс руу шилжүүлж өг гэсний дагуу би Л-ийн дансанд шилжүүлсэн. Дээрх 61.000 юаныг би хариуцахгүй бөгөөд энэ талаар В сайн мэдэж байгаа. Мөн 2019 оны 8 дугаар сард В Өлгийд ирэх үед би зочид буудалд нь очиж уулзаж 30.000 юань бэлэн өгсөн. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх миний гаргасан тайлбарын дагуу дурдагдсан асуудлуудыг тодруулахгүйгээр зөвхөн энэ талаар тодорхой мэдээлэлгүй В-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ын аман тайлбар, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 121 дугаартай хувь хүний зээлийн гэрээг үндэслэн зээлээр авсан 141.480.000.00 төгрөг, алданги 30.984.120.00 төгрөг, бүгд 172.464.120.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт дотор В-ээс надад 141.480.000 төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний юань, бусад гадаад валют албан ёсоор хүлээлгэж өгсөн, банк болон банк бус бусад байгууллагын төлбөрийн хэрэгслээр бэлэн бусаар шилжүүлсэн талаарх ямар ч нотлох баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 141.480.000.00 төгрөгийг надад яаж хүлээлгэж өгсөн, зээлдүүлсэн нь үнэн эсэх, зарим хэсэгт нь бараа, эд зүйл өгсөн нь үнэн эсэхийг тодруулахгүйгээр зөвхөн хувь хүний зээлийн гэрээг үндэслэн үндсэн төлбөр, алданги гаргуулсан нь үндэслэлгүй байна. Миний үзэж байгаагаар авсан барааны үнийн дүнд ямар нэгэн алданги тооцох ёсгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Х.Х надаас хугацаа хэтрүүлсний алданги 30.984.120.00 төгрөг гаргуулан БНХАУ-ын иргэн В-д олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

            Хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл болгож нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнээс үзвэл, Монгол Улсын иргэн Х.Х, БНХАУ-ын иргэн В нарын хооронд олон улсын хувийн эрх зүйн шинжтэй иргэний эрх зүйн харилцаа үүсжээ.

 

            Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн VI хэсэгт заасан олон улсын иргэний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж маргааныг хянан шийдвэрлэх ба хэрэг авагдсан зээлийн гэрээнд “гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг чухам аль улсын хуулиар /Монгол Улсын эсхүл, БНХАУ-ын/ зохицуулахаа” гэрээ байгуулагч талууд Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож тогтоогоогүй байна.

 

            Үүнээс дүгнэвэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.4 дэх хэсгийн зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд 549.4.8 дахь заалтад талууд тус хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол зээлийн гэрээнд зээлдэгчийн талын оршин суугаа улсын /БНХАУ/ хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэхээр хуульчилжээ.

 

            Анхан шатны шүүх БНХАУ-ын иргэн В /В/-ийн Монгол Улсын иргэн Х.Х-д холбогдуулан гаргасан зээл, алдангийн хамт 172.464.120.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн олон улсын хувийн эрх зүйг зохицуулсан хэм хэмжээнүүдийг хэрэглээгүй буюу мөн хуулийн 540 дүгээр зүйлд заасан гадаад улсын хэм хэмжээг хэрэглэх журам, 549 дүгээр зүйлийн 549.2 дахь хэсэгт “Тухайн гэрээний харилцааг аль улсын хуулиар зохицуулах талаар талууд гэрээ байгуулсныхаа дараа харилцан тохиролцож өөрчилж болно.” гэж заасныг анхаараагүй байна.

 

            Хэрвээ талууд гэрээ байгуулсныхаа дараа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргаантай харилцаанд Монгол Улсын хуулийг хэрэглэж шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан, эсхүл шүүхээс энэ талаар тодруулсны эцэст зохигч харилцан тохиролцсон бол Монгол Улсын Иргэний хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэх нь хууль ёсны байх зарчимд нийцэх байжээ. Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч биечлэн оролцоогүй тул энэ талаар тодруулах боломжгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Түүнчлэн, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, харилцан ямар үүрэг хүлээж тохиролцож байсныг үндэслэлтэй, бодитой тогтоох шаардлагатай байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

 

Нэгэнт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбоотой гомдолд давж заалдах шатны шүүх урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй ба түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.871.00 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00659 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.871.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Х.Хад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК