Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 29-ний өдөр                        2022/ДШМ/27                       Хэрлэн сум

 

Ц.Б-,Г.Э-- нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0027/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Ц.Б-, Г.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э--ын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдол, Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганзоригийн бичсэн эсэргүүцлээр Ц.Б-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн 2039000000164 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны Э.Л-тэй “малгайн  дээгүүр гарсан”  гэх шалтгааны  улмаас  маргалдаж түүний хоолойн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал, бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см цусан хураа бүхий хүнд  хохирол санаатай учруулсан,

 

Г.Э-- нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №б/223 дугаартай тушаалаар “мэдээгүйжүүлэлт, эрчимт   эмчилгээний эмчээр” томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт бусдад хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлсний улмаас гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн Э.Л-д яаралтай тусламжийн үйлчилгээ  үзүүлэхдээ “...архины хурц хордлого, комын  байдалтай...”  гэж буруу онош  тавьж, улмаар нарийн мэргэжлийн  эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандах, оношлуулах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх  шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн Э.Л- нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын  ерөнхий прокурорын орлогч Б.Ганзоригоос   Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан, Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан, Г.Э-ыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э--ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Э--од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Г.Э--од Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас  2 жилийг  тус тус  өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 181 /нэг зуун наян нэг/  хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Б- 17.600.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Э-- 2.160.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-т төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл, хяналтын прокурор Ж.Батбаатар нарт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл”, мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай” тусгахаар тус тус хуульчилсан.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Ц.Б-ын биеийн байцаалтын талаарх мэдээлэл тусгасан боловч Г.Э--ын мэдээллийг тусгаагүй.

2. Хохирол, хор уршгийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ээс оршуулгын болон бусад зардалд 19.600.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, нийт 22.100.000 нэхэмжилсэн ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тулгаж шалгахад оршуулгын болон бусад зардалд 15.552.117  төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, нийт 18.052.117 төгрөгийн зардал нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нар уг зардлыг төлж барагдуулсан” гэж дүгнэсэн.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохоор хуульчилсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Э--ын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл тусгана гэж заасан байхад шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Э--ын талаарх мэдээллийг орхигдуулсан нь уг тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй юм.

2. Шүүх Г.Э--ыг “Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч”-ээр ажиллаж байхдаа буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлсний улмаас эмнэлгийн тусламж авахаар ирсэн иргэн Э.Л-д яаралтай тусламж үзүүлэхдээ “...архины хурц хордлого, комын байдалтай” гэсэн “буруу онош” тавьж, улмаар нарийн мэргэжлийн мөгөөрсөн хоолойг дурандах, оношлуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс Э.Л- нас барсан” гэх яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэйг ялгаж салгаагүй үйлдэл /эс үйлдэхгүй/-ийг хууль зүйн үндэслэлтэй, хуульд заасан шинжийг эргэлзээгүй ялгаж салгаж тогтоолгүй Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй хууль зүйн нэр томьёо ойлголтыг хэрэглэж гэм буруутайд тооцсон /тогтоолын 21 дүгээр тал/ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл шүүх “Г.Э-- нь тухайн үед хохирогчийн хоолойд гэмтэл учирсан болон амь насанд аюул учирч болох эсэхийг асуулга болон амин үзүүлэлтийг хянах, багажийн шинжилгээ хийж, оношлох, эмчлэх боломжтой байхад уг үүргээ биелүүлэлгүй, албан ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас хохирогч амь насаа алдсан” гэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаараагүй шинжийг үндэслэн гэм буруутай тооцжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “...эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүй биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөнд хор уршиг учрах” явдал байна гэж заасан. Гэтэл Г.Э-- эмчийн хувьд хохирогч Э.Л-г бусдад хүзүү хоолойд өшиглүүлсэн талаар баттай мэдээлэл байгаагүй, хохирогч юм ярих чадваргүй, согтуурсан байдалтай байсан, хүзүү хоолойд ил гэмтэл /хөхрөлт, шалбархай, шарх гэх мэт/ үүсээгүй байсан нь хоолой төвөнхийн доторх гэмтэлтэй гэж шууд мэдэх боломжгүйд хүргэсэн. Урьдчилсан оношийг “архины хурц хордлого, комын байдал” гэж тавьж эмийн эмчилгээ хийх хянах явцад өвчтөн нас барсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй эсэхийг тогтоохдоо Оношилгоо, эмчилгээний стандарт, удирдамж, технологийг зөрчсөн эсэх, уг зөрчсөн үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой эсэхийг эргэлзээгүй нотолж тогтоох ёстой. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1103 дугаартай дүгнэлтийн 1 дэх хэсэгт “мэргэжлийн тусламж үзүүлэх ямар стандарт, удирдамжийн ямар заалтыг зөрчсөн гэдгийг тогтоогоогүй байна. Хэрэв мэс заслын тусламж, үйлчилгээг, ялангуяа цагаан мөгөөрсөн хоолойн /бөгс мөгөөрс/ кольцо хугарсан бол ямар мэргэжлийн тусламж үзүүлэх байсан эсэхийг шинжээчээр тогтоолгоогүй. Цагаан мөгөөрсөн хоолойн мөгөөрс гэмтсэнийг оношлоход ямар цаг хугацаа шаардагдах байсныг тогтоолгоогүй. Түүнчлэн мөгөөрсөн хоолойн мөгөөрс гэмтсэн үед “мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” гэснийг үндэслэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нөхцөлд дээрх мэс заслыг хийхэд хэдэн цагийн хугацаа шаардагдах байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Уг 1103 дугаартай дүгнэлтэд дурдсан Эрүүл мэндийн сайдын тушаал /2019.06.21-ний өдрийн А/294/-аар батлагдсан журам нь “Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах тухай” харилцааг зохицуулсан болохоос Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх тухай журам биш юм. Уг дүгнэлтэд дурдагдсан А/294 дүгээр тушаалын “тав” дугаар хэсэгт заасан зохицуулалт нь түргэн тусламжийн дуудлагын төрөл, уг дуудлагыг зохицуулагч субъектэд хамаарах заалт болохоос Г.Э-- эмчийн үйлдлийг зохицуулсан /нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт/ заалт биш юм. Иймд уг А/294 дугаартай тушаалаар батлагдсан журмыг үндэслэн Г.Э-- эмчийг үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг тогтоосон нь үндэслэлгүй юм.

3. Хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан “Яаралтай тусламжийн хуудас /№3080 тоот/-нд өвчтөн асуултад хариулах боломжгүй, ухаангүй ил харагдах шарх, шалбархайгүй ирсэн нь тэмдэглэгдсэн. Ийм тохиолдолд амин үзүүлэлтийг үзэхэд:

Амьсгал: 29-44

Зүрхний цохилт: 128-146

Артерийн даралт: 185/114-196/134 болсон байсан нь амь насыг аврах боломжтой байсан гэхэд эргэлзээ төрүүлэх үзүүлэлт бөгөөд үүнийг шинжээч нараар дүгнэлт гаргуулах замаар шалгаж үнэлүүлээгүй.

Г.Э-- эмч нь яаралтай тусламжийн /хүлээн авах/ тасагт 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 30 минутад О.А, 12 цаг 40 минутад Н.Б гэх мэс заслын өвчинтэй хоёр үйлчлүүлэгчид үзлэг хийж тусламж үйлчилгээ үзүүлсэн нь нотлогдсон /хх 56-57/. Өөрөөр хэлбэл Э.Л-д эмийн эмчилгээ хийж, хянах явцад 2 үйлчлүүлэгч ирж тэдэнд үзлэг хийж шийдвэрлэсэн. Энэ явцад Э.Л-гийн биед шинжилгээ хийх үйл явц /цусны шинжилгээ, зүрхний бичлэг, хэвлийн ЭХО/ явагдсаар байжээ.

Танин мэдэхүйн хувьд хоолойд далд ямар гэмтэл буйн мэдэх, сэжиглэх үндэслэл бүхий шинж илрээгүй “ухаангүй” дуу авиа гаргахгүй, архи үнэртсэн байсан нь “зөв оношлох” боломжгүй байдлыг үүсгэсэн нь гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэл болохгүй.

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээчийн 66 дугаартай цогцост хийсэн шинжилгээ, дүгнэлт /хх 96-99/-ээр гадна үзлэгээр хүзүү хоолойд ил гэмтэл тогтоогдоогүй нь нотлогдсон. Харин төвөнх мөгөөрсний үүдэвч хэсэг, төвөнх залгиур, мөгөөрсөн хоолойн хажуу, ар хэсгийн зөөлөн эдэд цус хуралттай байсан нь нотлогдсон /дээрх цус хуралтуудын хэмжээ, мөгөөрсөн хоолойн хөндийн нарийслийг хэмжээгүй дутагдалтай/.

Хавтаст хэргийн 93 дугаарт талд авагдсан задлан шинжилгээний явцад авсан фото зургийн үзүүлэлтийн №12 дугаартай зурганд хүзүүний зүүн талын жолоо булчинд их хэмжээний цус хурсан, залгиур мөгөөрсний цус хуралт, төвөнхийн зүүн амсар хэсэгт овойн тагласан цус хуралт /хаван, хавдар/ №16 дугаартай зурганд бамбай мөгөөрс /төвөнх/-ний үүдэвч хэсэг буюу амьсгалахад агаар орох хэсгийг тагласан том хэмжээний цусан хураа үүссэн нь нотлогдсон нь “богино хугацаанд нарийн мэргэжлийн мэс заслын тусламж үзүүлэхэд ч амь насыг аврах боломжтой байсан” гэж үзэх үндэсгүйг харуулж байна. Энэ асуултыг гагцхүү чих, хамар, хоолой, уушигны мэс заслын болон амь тэнссэн үеийн нарийн мэргэжлийн мэргэжилтэнг шинжээчээр томилж тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж, шүүгдэгч Г.Э--од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.   

Шүүгдэгч Г.Э--, Ц.Б- нар давж заалдах шатны шүүх хуралдаан гаргах тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Э--ын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдол, Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганзоригийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт  шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээллийг тусгана”  гэж тус тус заасан байхад  анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Г.Э--ын хувийн мэдээллийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй  байна.

         -Шүүгдэгч Г.Э--ыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Г.Э-- нь Э.Л-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ оношилгоо, эмчилгээний ямар стандарт, удирдамжийн заалтыг зөрчсөн болох,  мэргэжлийн ямар тусламж үзүүлэх байсан болох,  уг зөрчсөн үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй, Эрүүл мэндийн сайдын А/294 дугаартай тушаалаар батлагдсан журмыг үндэслэн эмчийг үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй тул  нарийн мэргэжлийн мэргэжилтнээр дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн  өмгөөлөгч Э.Ганбатын  гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг ирсэн Э.Л-д үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг “Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах тухай” харилцааг зохицуулсан журмаар буруутгасан шинжээчийн дүгнэлт  эргэлзээтэй байдал үүсгэж байх тул  нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Хэрэгт нотолбол зохих байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  гэмт хэрэг гарсан байдлыг  гүйцэд шалгаж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгох  шаардлагатай гэж үзлээ.

 

- Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан талаар бичсэн прокурорын эсэргүүцэл  үндэслэлтэй  байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдол, прокурорын №02 дугаартай эсэргүүцлийг тус тус хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Б-, Г.Э-- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдол, прокурорын №02 дугаартай эсэргүүцлийг тус тус хангаж шийдвэрлэснийг дурдсугай.

 

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА