Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00052/И |
Дугаар | 147/ШШ2024/00088 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 147/ШШ2024/00088
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ...-р багт оршин суух Г.Т-ны,
“Б.Б-ийг эрэн сурвалжлах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие .... сумаас ... сумын чиглэлд Пронтер машинтай явж байсан бөгөөд Жарын овооноос урагш 10 км газарт замд ... улсын дугаартай Пронтер маркийн машин урдаас ирж мөргөсөн. Тухайн үед машины жолооч буруугаа хүлээж, цагдаа дуудахгүйгээр тохирно гээд тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй. Б.Б-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нь өөрийн оршин сууж байгаа газрын хаягийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т нь “Б.Б-ийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нь өөрийн оршин сууж байгаа газрын хаягийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Т-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Т-ны “Б.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Т-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА