| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2113000000145 |
| Дугаар | 2022/ДШМ/14 |
| Огноо | 2022-03-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Дорждэрэм |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ДШМ/14
А.Х-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолтой,
шүүгдэгч А.Х-т холбогдох эрүүгийн 2113000000145 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч А.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ***өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай А.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хамаатан болох талийгаач А.А-ийн ажил явдалд оролцож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, А.А-ийн хашаанд байрлах гражид мах чанах ажилд тусалж байх явцдаа 21.00 цагийн үед тухайн гражид хамт байсан хохирогч А.А-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаар яллах дүгнэлтээр А.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолоор:
1. Шүүгдэгч А.Х-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т 480 (дөрвөн зуун ная)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт 8-аас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч А.А-аас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга)-н төгрөгөөс 3.000.000 (гурван сая) төгрөгийг шүүгдэгч А.Х- нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсныг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч А.Х-аас 70.991 (далан мянга есөн зуун ерэн нэг) төгрөг гаргуулж, хохирогч А.А-т олгож, хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2500.000 (хоёр сая таван зуун мянга)-н төгрөг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Би 2021 оны 9 дүгээр сарын 22-ын өдөр А.А-тай маргалдаж, өөрийн амь биеэ хамгаалах явцад санамсаргүй байдлаар хөлийг нь хугалсан. Тухайн үед А.А-ын эмчилгээнд шаардагдах 3 сая төгрөгийг төлж өгч, гомдолгүй байгаа талаар тодорхойлолтыг бичүүлж авсан.
2. Гэвч А.А- нь эмчилгээнд явж ирсний дараа үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхсэн учраас бид уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхийн шатанд миний бие гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үед болсон явдлыг бодитоор нь хэлсэн.
3. Цаашид анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчийн цаашдын эмчилгээнд шаардагдах бодит хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн.
4. Би анх удаа санамсаргүй тохиолдлоор гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөлөх нөхцөлүүд байсаар байхад надад хамгийн хүнд ялын оногдуулсанд гомдолтой байна. Тухайн ялыг эдлэхэд миний нэр хүнд ихээхэн хохирох нөхцөл байдал үүсээд байна. Иймд надад оногдуулсан ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.
Хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
1. Шүүгдэгч А.Х- нь миний хөлийг хугалсан талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа эргэлзээтэй байдлаар худлаа мэдүүлсээр ирсэн. Харин 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
2. Шүүх хурлын хэлэлцүүлгийн үед надад учруулсан хохирлыг бүрэн төлж өгсөн гэж мэтгэлцсэн ба миний бие өөрт учирсан бодит хохирлыг тодорхой баримтаар гаргаж өгсөн. Би нийт гэмт хэргийн хохирол хор уршигт 5.400.000 төгрөгийг шүүгдэгч А.Х-аас нэхэмжилсэн ба 3.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан талаарх баримтыг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүхэд гарган өгсөн.
3. Одоогийн байдлаар 2.500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй ба энэ асуудлыг шүүхээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
4. Шүүгдэгчийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шийдвэрлэснийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна.
Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
1. Шүүгдэгч А.Х- нь анхан шатны шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба энэ хэрэгт хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй.
2. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн ба цаашид тухайн гэмт хэрэгтэй холбоотой хохирогчид учрах хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Үүнтэй холбоотой шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон гэж дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч А.Х-ын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад, шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
3. Шүүгдэгч А.Х- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хамаатан, талийгаач А.А-ийн ажил явдалд оролцож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А.А-ийн хашаанд, гражид мах чанах ажилд туслах явцдаа оройн 21.00 цагийн үед тухайн гражид хамт байсан хохирогч А.А-тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүний зүүн хөл рүү санаатай өшиглөж “хохирогчийн биед зүүн шилбэ ясны шаант болон тахилзуур ясны далд хугарал, зүүн гарын тохойнд зулгаралттай” хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.
4. А.Х-ын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчмуудад тус тус нийцсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүх А.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохируулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг бүрэн хангасан байна.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго орших бөгөөд мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна.
6. Шүүгдэгч А.Х-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хууль тогтоогч торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон, харин шүүх уг эрүүгийн хариуцлагын төрлүүдээс сонгож, А.Х-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул шүүгдэгчид хуульд зааснаар оногдуулсан дөрвөн зуун найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжийг агуулсан гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иймээс шүүгдэгч А.Х-ын “ял шийтгэлийг хөнгөрүүлж торгох ял шийтгэж өгнө үү, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхэд миний нэр хүнд ихээхэн хохирох нөхцөл байдал үүсээд байна” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Х-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК