Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 212/МА2019/00069

 

    Х.Т-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00636 дугаар шийдвэртэй, Х.Т-гийн нэхэмжлэлтэй, тус аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч З.М, орчуулагч А.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ны өдрийн “Үйлчлэгч Х.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Х.Т би “М” эмнэлэгт 2002 оноос хойш үйлчлэгчээр /цэвэрлэгчээр/  ажиллаж байгаа, эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан ахмад ажилтан. Манай өрхийн эмнэлэгт тус Эрүүл мэндийн газраас Ховд аймагт болох эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтний семинар, зөвлөгөөнд хүмүүсээ сонгон явуулж оролцуулах тухай албан бичиг ирснээр тус өрхийн эмнэлгийг түр орлон даргаар ажиллаж байсан дотоод хяналтын их эмч Х.Е нь очихыг хүссэн сувилагч З бид хоёрыг очоод уг зөвлөгөөнд оролцох зөвшөөрөл өгснөөр З бид хоёр 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр аймгаас Ховд аймагт болох семинар, зөвлөгөөнд оролцох нийт 20 гаруй хүмүүсийн хамт нэг автобусаар гарсан. Би 6 дугаар сарын 06-ны өглөө 07:00 цагт ажлын газартаа очоод 10:00 цаг хүртэл 2 давхар эмнэлгийн цэвэрлэх бүх газрыг цэвэрлээд дуусахад их эмч Е “Цэвэрлэгээ хийгдлээ. Өнөөдөр таныг ажилласанд тооцож байна. Одоо автобус явах гэж байгаа тул хурдан яв” гэсэн тул би даруй явж автобусны буудал хүрч тэндээс З бид хоёр манай өрхөөс бүгд 6 ажилтан хамт сууж Ховд аймагт 15 цагт очсон. Семинар, зөвлөгөөн 6 дугаар сарын 06-нд болж байхад амжиж сууж бүтэн 3 хоног семинар зөвлөгөөнд оролцоод 6 дугаар сарын 8-ны 18:00 цагт семинарыг дуусангуут бүгдээрээ автобусаар Баян-Өлгий рүү буцсан. Нэг дэх өдөр буюу даваа гарагт 6 дугаар сарын 10-нд ажилдаа ирж ажлаа хийсэн. Гэтэл тус “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.Маржангүл нь намайг үндэслэлгүй ажил тасалсан гэж надад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл оногдуулсан. Тус эрүүл мэндийн төвийн дарга З.Маржангүл нь 6 дугаар сарын 4,5,6-ны өдрүүдэд өвчтэй гэж чөлөө аваад гэртээ байсан бөгөөд ажлыг нь төвийн дотоод хяналтын багийн их эмч ажилтай Х.Е орлон гүйцэтгэж байх үедээ семинар зөвлөгөөнд оролцох зөвшөөрлийг А.Е ахлах сувилагч А.Р нарын хамт бидэнд мөн надад өгсөн. Би үндэслэлгүйгээр ажил тасалж яваагүй. Бусад ажилтнуудтай хамт систем, албаас зохиогдсон арга хэмжээнд оролцож ирсэн тул тус төвийн даргын Б/22 тоот тушаалаар арга хэмжээ тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьдчилан шийдвэрлүүлэхээр эрүүл мэндийн газарт хандахад шүүхэд ханд гэж зөвлөснөөр гомдлоо гаргаж байна. Иймд надад үндэслэлгүйгээр сануулах арга хэмжээ авсан “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хянаж хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Хэдийгээр үйлчлэгч Х.Т олон жил ажилласан боловч даргаас зөвшөөрөл авч удирдлагыг хүндэтгэх хэрэгтэй байсан ба байнга өөрийгөө би ахмад ажилтан, залуучууд ахмад ажилтны үгээр явах ёстой гэж байнга хамт олон дотор хэрүүл маргаан гаргаж өөрийн буруу зан заншлыг жишээ болгон сургаж байдаг. Энэ удаа ч танхайрсан заншлаар сургалтад зөвшөөрөгдсөн 4 хүний /их эмч Э.Н, их эмч П.Б, НЭМА Ж.С, Сувилагч Х.А/ жагсаалтад өөрийнхөө нэрийг ороогүй байхыг мэдсэн байж дур мэдэн ажил таслаад явсан. Ганцхан сургалтын өдөр биш Х.Т ажлын өдрүүдэд ч сайн дураараа өөрийнхөө хувийн ажлаар даргын зөвшөөрөлгүйгээр хүссэн газруудаар яваад байдаг нь хуульд нийцэхгүй. Харин ажил олгогчийн зүгээс Х.Т-гийн насыг хүндэтгэн ажиллаагүй өдрүүдийн цалинг хасаагүй ба дээрх гаргасан алдааг дахин давтагдахгүйгээр удирдлагыг хүндэтгэж, зөвшөөрөлгүйгээр ажил таслахгүй байхыг сануулж Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Дотоод журмын 8.3.4.2 заалтын гадаад болон дотоод сургалт явахдаа эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтэн явах өдрөөс 7-10 хоногийн өмнө даргад мэдэгдэж албан ёсоор чөлөө аваагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулна гэсэн заалттай ба 14.1 дэх заалтын дагуу намайг өвдөж байсан үед даргыг орлож байсан эмч нарын аль аль нь томилох, зөвшөөрөл олгох эрх байхгүй зөвхөн эмчилгээ үйлчилгээ тайлан мэдээг хариуцах ёстой. Цаашид хамт олон дотроо хагарал үүсгэхгүйгээр, ажлаа таслахгүйгээр хэвийн хийж гүйцэтгэвэл ажил олгогчийн зүгээс түүнд өс хонзон санасан болон арга хэмжээ авах сонирхол байхгүй. Ажлаа хэвийн хийвэл төрийн ажилд ч саад болохгүйг X.Т ч ухамсарлах ёстой. Иймд нэхэмжлэгч Х.Т-гийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00636 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Т-д Баян-Өлгий аймгийн “М” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн “Үйлчлэгч Х.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

           

            Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Х.Т нь Ховд аймагт зохион байгуулагдсан сургалтад оролцох албан тушаалтан биш. Тус сургалтад зөвхөн сувилагч, эмч нар оролцох эрхтэй бөгөөд тэд сургалтад хамрагдаж багц цаг хангадаг. Түүнээс биш үйлчлэгчид зориулагдсан сургалт гэж байхгүй. Х.Т нь өөрт нь зориулагдаагүй сургалтад “Ховд аймгийг очиж үзээд ирье” гээд дураараа явчихсан. Тэрээр байнга ажлаа өөрийнхөө дураар орхиод яваад сурсан бөгөөд даргаас огт зөвшөөрөл авдаггүй. Дуртай цагтаа ажлаа хаяад явчихдаг. Ховд аймагт зохион байгуулагдсан сургалтад оролцсон сувилагч, эмч нарт “сургалтын гэрчилгээ" олгогдсон. Харин үйлчлэгч Х.Т-д уг сургалтад оролцох эрх байхгүй байсан тул түүнд сургалтад хамрагдсаны төлөө сургалтад хамрагдсан талаар гэрчилгээ олгогдоогүй. Гэтэл шүүхээс ажилтнуудад дотоод журмыг танилцуулаагүй гэж буруутгасан. Тус төвийн дотоод журмыг ажилтнуудын саналыг үндэслэн баталсан бөгөөд түүнтэй танилцаж Ж.Т гарын үсэг зурсан. Үүнийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Х.Т нь зөвхөн Ховд аймагт зохион байгуулагдсан сургалтад биш түүнээс хойш ч гэсэн ажлаа таслаад дураараа яваад өгсөн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. “М” төвийн дотоод журмыг хамт олны хурлаар баталсан байхад шүүхээс уг дотоод журмыг амьдралд нийцэхгүй гэж бидний дотоод ажилд хөндлөнгөөс оролцсон. Уг журмыг ганцаараа би батлаагүй, хамт олны саналыг үндэслэн бүгд баталж, гарын үсэг зурсан болно. Намайг орлож байсан Е ч гэрчийн мэдүүлэг өгөхдөө “надад даргыг орлох эрх байгаа болохоос биш чөлөө олгох эрх хэмжээ байхгүй. Би даргын бүрэн эрхийг эдлэхгүй, тодорхой эрхийг хязгаартай эдэлнэ” гэдгийг тодорхой хэлсэн. Мөн СД дискийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Тухайн үед болсон үйлдлийг СД-нд хуулж өгсөн. Иймд өөрт нь хамааралгүй, түүнд зориулагдаагүй сургалтад зөвшөөрөлгүй оролцсон, дураараа ажил хаяад явчихдаг Х.Т-д оногдуулсан сахилгын шийтгэл хуульд нийцсэн эсэхийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            1. Шүүх процессын эрх зүйн хэм хэмжээг чанд сахиж, тэдгээрийг агуулга, зорилгод нь нийцүүлэн зөв хэрэгжүүлсэн тохиолдолд шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.

Анхан шатны шүүх маргааны зүйл болсон Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 дугаар тушаалын хуулбарыг хэрэгт хавсаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан журмыг хэрэгжүүлээгүй байна.

            Хуулийн дээрх зохицуулалтаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, хавсаргах ба хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг хариуцагчаас шаардан авах эрхтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг хэргийн оролцогчоос болон бусад этгээдээс шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. Тус хэргийг хянан шийдвэрлэх явцад дурдаж буй нотлох баримтыг хариуцагчаас шаардан авахад бэрхшээлтэй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдоогүй. Түүнчлэн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар маргааны зүйл болсон уг баримтын эх хувийг, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хувийг, эсхүл зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь үзлэг явуулах замаар (шүүх хуралдаанаар) шинжлэн судлаагүй байна.

 

            2. Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан баримтаар маргааны үйл баримтыг тогтоож, түүний хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэсэн шийдвэрийг үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

            Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ны өдрийн “Үйлчлэгч Х.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан бөгөөд шүүх маргааны зүйл болсон уг тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан журамд нийцээгүй. Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т зааснаар шийдвэрийг хэрэгт авагдсан буюу анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах ба хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасныг “шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

Иймээс дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулсны эцэст маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлэх тул маргааны үйл баримттай холбоотой, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдолд урьдчилан дүгнэлт хийх боломжгүй. Хариуцагч нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

  •  

Д.КӨБЕШ