Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2024/00250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух, регистрийн дугаар ..........., Ш ургийн овогт З-ийн Б-ын,

 

Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 54 настай. Би 1988 онд Улаанбаатар хотын Нийгмийг аюулаас хамгаалах яамны 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд цэргийн алба хаасан боловч Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас лавлагаа шүүлгэхэд Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын 0119 дүгээр ангид алба хаасан талаархи лавлагаа гараагүй тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 13557 дугаартай цэргийн батлахын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1084 дүгээр лавлагаа, гэрч Т.Д, Ж.Ж нарын иргэний үнэмлэх болон цэргийн батлах, цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Д, Ж.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Б-ын цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч З.Бын цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1084 дүгээр лавлагаанд: Зундуйгийн Б нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул З-ийн Б-ын цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Б-ын 13557 дугаартай цэргийн батлахын хуулбарт: Цэргийн жинхэнэ албанд татаж 0119 дүгээр ангид хуваарилав /1988.10.18/. Халагдсан талаарх тэмдэглэл хийгдээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Д, Ж.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Т.Д З.Б бид хоёр 1988 оны 10 дугаар сард хамт цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард халагдаж ирсэн. Бид Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа 0119 дүгээр ангид нэг салаанд хуваарилагдан цэргийн албаа хаасан. Тухайн үед Увс аймгийн Тариалан сумаас нийтдээ 30 гаруй цэрэг татагдсан ба З.Б бид хоёр Баянхошуу руу хуваарилагдаж байсан. З.Б бид нэг анги, нэг салаанд хамт цэргийн алба хаасан тул З.Б-ыг сайн мэднэ. Тухайн үед манай 0119 дүгээр ангийн захирагчаар хошууч, генерал н.С, штабын даргаар хурандаа н.Б, салаан захирагчаар ахлах дэслэгч н.Ц гэх хүмүүс байсан гэж, гэрч Ж.Ж З.Б бид хоёр 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирж байсан. Бид Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа 0119-р ангид цэргийн алба хаасан. Баянхошууны 0119 дүгээр цэргийн анги нь Барилга болон Хил дээр үүрэг гүйцэтгүүлдэг байсан. Бидний алба хаасан Баянхошууны 0119 дүгээр цэргийн ангийн захирагчаар хурандаа н.С, штабын даргаар хошууч н.Б, салааны захирагчаар ахмад н.Ц гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг нь тэдний цэргийн батлах, цэргийн алба хаасан архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1084 дүгээр лавлагаагаар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

 

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1084 дүгээр лавлагаа болон З.Б-ын 13557 дугаартай цэргийн батлахад нэхэмжлэгчийн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдсан талаарх мэдээлэл тусгагдсан байх боловч цэргээс халагдсан талаарх мэдээлэл тусгагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Т.Д, Ж.Ж бид хамт цэргийн алба хаасан. Би 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэх боловч гэрч Т.Д-гийн цэргийн батлахын хуулбарт 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халав гэсэн бичилт хийгдсэн байх тул нэхэмжлэгч З.Б-ыг энэхүү өдөр халагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч З.Б нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1084 дүгээр лавлагаа, 13557 дугаартай цэргийн батлахын хуулбар, гэрч Т.Д, Ж.Ж нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт З-ийн Б-ын 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт З-ийн Б-ын 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ