Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2024/00251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ... дүгээр хороо,, Б........., А к .... тоотод байрлах, улсын бүртгэлийн..........., регистрийн ........... дугаартай, Г ХЗХ-ны,

 

Б.И-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Бүргээ овогтой И /ОА75022819/ нь Гялс төгрөг ХЗХ-той 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/02463 тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээл сарын 2.9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, Туруун нарлаг 3 гудамж, 4 тоотод хууль ёсны бүртгэлтэй оршин суудаг байсан. Зээлдэгч нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлөх буюу 5 дахь сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин одоог хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Бүртгэлтэй хаягтаа амьдрахгүй байгаа. Зээлдэгчийн 88024818 дугаар луу залгахад дуудаж байгаа боловч авдаггүй, хариу өгдөггүй. Зээлийн анкет дээр байгаа гэр бүлийн болон шаардлагатай үед холбоо барих хүмүүсийн дугаар луу ярьж тодруулахад гэр бүл салсан, гэртээ амьдардаггүй, холбоогүй байгаа гэх хариу өгдөг. Мөн шүүхээс Б.И-төй холбогдсон боловч хаягаа өгөөгүй байна. Одоо түүний оршин суух бүртгэлтэй хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, салбарын гэрчилгээ, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/02463 дугаартай зээлийн гэрээ, БГ/02463 дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/052 дугаар тодорхойлолт, Б.Иийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Б.И-тэй утсаар ярьсан тэмдэглэл, Б.И-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны Б.И-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/02463 дугаартай зээлийн гэрээ, БГ/02463 дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/052 дугаар тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2.1. Б.И нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь түүний Гялс төгрөг ХЗХ-той 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/02463 дугаартай зээлийн гэрээ, БГ/02463 дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

2.2. Улмаар Гялс төгрөг ХЗХ нь Б.И-ийн оршин суух бүртгэлтэй хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа гэж тайлбарлан түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтаас харахад Б.И зээл авах үедээ Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Туруун нарлаг 3 гудамж, 4 тоотод хаягт оршин сууж байсан ба тус багийн Засаг даргаас Б.И нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хаана байгаа нь тодорхойгүй, хаягандаа амьдрахгүй байгаа болно гэх тодорхойлолтыг ирүүлсэн байна. Тус шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.И-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад дээрх хаягт оршин суудаг гэх хариуг ирүүлсэн байна. Улмаар нэхэмжлэлд дурдсан утасны дугаараар Б.И-тэй удаа дараа холбогдоход Би Гялс төгрөг ХЗХ-оос авсан зээлээ төлнө, хаягаа мэдэхгүй байна гэх хариуг өгчээ.

 

2.4. Б.И нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх бөгөөд байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй болох нь Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/052 дугаар тодорхойлолт, Б.И-тэй утсаар ярьсан тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

3. Иймд 1975 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ..........., Увс аймгийн Баруунтуруун сумын ... дүгээр баг, Туруун нарлаг ... гудамж, ... тоот хаягт оршин сууж байсан, Ц ургийн овогт Б-ийн И-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1975 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ..........., Увс аймгийн Баруунтуруун сумын ... дүгээр баг, Туруун нарлаг ... гудамж, ... тоот хаягт оршин сууж байсан, Ц ургийн овогт Б-гийн И-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.И-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ