| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00225/и |
| Дугаар | 152/ШШ2024/00252 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00252
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ....., З ургийн овогт Ч-ийн Ц-гийн,
Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын ... дугаар багт байрлах, Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ц, хариуцагч К.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1981 онд төрсөн. 43 настай. Би 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орсон. Би тухайн ажид орсноос хойш ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Миний бие нь ажил үүргийн дагуу Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлан байнга хичээлүүлдэг бөгөөд 2023 оны 10 дугаар сард Өмнөговь суманд зохиогдсон Алтан цом наадамд оролцож алтан медаль авч амжилтай оролцож байсан. Мөн байгууллагын зохион байгуулсан ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж байсан. Би бага хугацаанд ажилласан гэсэн ч хамт олондоо эвтэй найртай, ёс зүйтэй ажилдаа хичээл зүтгэлтэй ямар нэг ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд Соёлын төвийн дарга надаас мэргэжлийн түвшингийн талаар шалгалт авч байгаагүй бөгөөд надад ажил мэргэжлийн талаар ямар нэг заавар зөвлөгөө өгч байгаагүй. Гэтэл намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн түвшин, ажлын гүйцэтгэлийн хувьд тэнцэхгүй болсон тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуулий зөрчсөн гэж үзэж байна. Би мэргэжлийн түвшинд ажил үүргээ хангалттай биелүүлж байсныг хамт ажиллаж буй ажилчид гэрчилнэ. Гэтэл намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Өмнөговь сумын Соёлын төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлсэн байсан бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч К.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа Миний бие Өмнөговь сумын Соёлын төвийн даргын ажилд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр томилогдсон. Намайг ажилд томилогдох үед Ч.Ц ажлаас чөлөөлөгдсөн байсан ба тушаалыг н.Ундармаа дарга байхад гарсан. Ч.Ц ажиллаж байх хугацаандаа ямар үр бүтээлтэй ажиллаж байсан тухай би мэдэхгүй тул Ч.Цгийн нэхэмжлэлийг шүүхийн шийдвэр гарсны дагуу шийдвэрлэх болно гэжээ.
Хариуцагч К.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц надтай мэргэжлийн түвшинд хамтарч ажиллаж чадна гэвэл ажилд нь эгүүлэн авахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Г даргатай хамтарч ажиллаж чадна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвд холбогдуулан тус төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанд хариуцагч К.Г нэхэмжлэгч Ч.Ц-гийн Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Цгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, шүүх хуралдаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцахаар заасан тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ц-гийн Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцагч К.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ