| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00237/и |
| Дугаар | 152/ШШ2024/00255 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00255
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 01 дүгээр багт байрлах, .... регистрийн дугаартай Таван толгой түлш ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Н ургийн овогт Н-ын Э-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 644,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тавантолгой түлш ХХК нь Н.Этой 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ТТТ/2019/530-2 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-аас нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас өр төлбөрийн асуудал үүссэн. Үүссэн өрийн асуудлаар тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байсан тээврийн хэрэгслийн мэргэжилтнүүд жолооч нартай гэрээнд тусгасан утсаар холбогдож ирж тооцоогоо нийлж, илүү төлсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардаж эхэлсэн. Энэ асуудал тухайн жолооч нарын гэрээ дуусч тооцоо бодсоноор эхэлсэн бөгөөд ихэнх жолооч нар ирэхгүй, сүүлдээ утсаа авахгүй байсны улмаас 108 ойл ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өр төлбөр нэхэмжилсэн. Тавантолгой түлш ХХК нь Зууннайман ойл ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж, уртын тээврийн жолооч нарын шатахуун түлшний асуудлыг хариуцаж байсан болно. Зууннайман ойл ХХК-ийн нэг салбар манай компанийн дэргэд байгуулагдсаэн бөгөөд түгээгч ажилтан нар нь манайхтай хамтарч өр төлбөртэй жолооч натай холбогдож өр төлбөрөө өгөхийг шаардаж байсан. Тооцоогоо дуусгахгүй, ирэхгүй, холбогдохгүй болсон жолооч нарын асуудлаас болж Зууннайман ойл ХХК шатахуун нийлүүлэх гэрээний дагуу Тавантолгой түлш ХХК-г шүүхэд өгсөн. Зууннайман ойл ХХК-с шүүхэд нэхэмжлэл гарсантай уялдуулж, хариуцагч компанийг төлөөлж шүүхийн шатанд ажиллж байсан итгэмжлэгдсэн Даваасүрэн өр төлбөртэй жолооч нартай нэг бүрчлэн ярьж дахин өр төлбөрийн тооцоогоо хийхийг шаардсан боловч ирсэн жолооч байхгүй, зарим нь утас холбогдох боломжгүй, мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн зэргээс болоод шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Ингэснээр Тавантолгой түлш ХХК-иас жолооч нарын бичүүлж авсан шатахуун зардлыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэгч тал нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээний дагуу шатахууны өр төлбөрийг нэхэмжилж, шүүхэд хандаж байна. Гэрээний 3 дахь заалтаар шатахууны төлбөрийг өгсөн байтал Зууннайман ойл ХХК-аас зээлсэн шатахууны төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагчаас 310 литр түлшний төлбөр 644,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Таван толгой түлш ХХК-ийн нэхэмжилсэн 644,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие өндөр настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэврээс өөр орлогогүй. Би өөрөө нойр булчирхай өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр ирж одоогоор эмчилгээ хийлгээд хотод түр амьдарч байна. Би Таван толгой түлш ХХК-ийн нэхэмжилсэн 644,800 төгрөгийг нэг дор төлөх боломжгүй байх ба уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 322,400 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 322,400 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Таван толгой түлш ХХК-ийн нэхэмжлэтэй Н.Эт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн тайлбартай танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрч, 644,800 төгрөгийг хоёр хувааж төлнө гэсэн тайлбартай танилцлаа. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК нь хариуцагч Н.Эт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 644,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 644,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2 хувааж 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 322,400 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 322,400 төгрөгийг төлж барагдуулахаа хариуцагч Н.Э илэрхийлсэн ба тухайн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,994 төгрөгийн тал хувь болох 9,997 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 9,997 төгрөг, хариуцагч Н.Эоос 9,997 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 644,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2 хувааж 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 322,400 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 322,400 төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Н.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 9,997 төгрөг, хариуцагч Н.Э-оос 9,997 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-д олгож, 9,997 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ