Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 297

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Ч.Н- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ч-ийн Ч.Н-т холбогдох эрүүгийн 1710000000162 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 07-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Монгол Солонгосын политехник коллежид мод боловсруулагч дизайнерын багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г овогт Ч-ийн Н

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт Сүлд” амралтын газарт 2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Ц.И-ыг зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт Сүлд” амралтын газарт 2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Ц.И-ыг зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ч.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...Би хохирогчид хохирол 130.000 төгрөг дансаар шилжүүлсэн...Би хохирогчтой нэг байгууллагад ажиллаж байгаа. Хохирогч бид хоёр одоо сайн харилцаатай байгаа...Би маш их гэмшиж байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн 500.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ц.И-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай ажлын газрынхан амралтанд явсан ба унтаж амрахаар №16 тоот өрөөнд орон дээр хэвтэж байхад Ч.Н- багш орж ирээд Ц.И- хаана байна гээд яасан бэ гэхэд чи муу тэгэхгүй шүү...миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12, 13/

            3. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...№16 тоот гэрт маргаан болоод байна гэхээр очиход Ц.И-, Ч.Н- багш хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдсон байдалтай зогсож байхаар нь Ч.Н-ыг авч явж гэрт нь аваачиж унтуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            4. Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Гэнэт Ч.Н- багш Ц.И-ын нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохиод авсан. Тэгээд тэр 2 барилцаад авахаар нь би гарч сургалтын менежер Б багшыг дуудсан. Тухайн үед Ц.И-ын зүүн хөмсөгний дээд талд шалбарсан, 2 нүд нь хавдсан, зүүн чихнээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

                        5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12456/-ний дүгнэлт:

                        -Ц.И-ын биед зүүн нүдний дээд зовхины гадна хэсгийн  язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний дотор хэсгийн язарсан шарх, дагзны хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25/

            6. Яллагдагч Ч.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Караокед орохоос өмнө Ц.И- надад томроод хэл амаар доромжлоод байсан учраас түүнийг дуудаж сэрээгээд намайг уучлаарай гэж хэлээд нүүрэн тус газарт нь 1-2 удаа гараараа цохьсон. Түүний духных нь дунд болон нүд хэсэг нь хавдсан байсан, цохих үед нүдний шил нь хагарч зүүн хөмсөгний дээд талд зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Н- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12456/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Н-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 130.000 төгрөгийг нөхөн төлсөн /хх-ийн 57/, хохирогч Ц.И-тай эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Ч.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Н-ын шүүхэд гаргасан “...Улсын яллагчийн 500.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байна...” гэсэн хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Н-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г овогт Ч-ийн Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Ч-ийн Ч.Н-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Н-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Ч.Н- нь хохиролд 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг төлсөн бөгөөд шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР