Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

   Б.М-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Б.М-т холбогдох эрүүгийн 2113001710190  дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Б.М-,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ***  түр оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Б.М-  /РД:**********/ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Б-г Баян-Өлгий аймгийн А сумын 2 дугаар багийн нутаг Р гэх газарт 2021 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө зодсон, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, мөн эхнэр Т.Б-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 148 дугаар яллах дүгнэлтээр Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  2022/ШЦТ/05 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

2. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

3. Шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.           

 

Прокурорын эсэргүүцэлд:  

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо зөвхөн уг зүйлд заасан аль нэг үйлдлийг нь 3 удаа хийхийг ойлгох биш уг зүйлд заасан үйлдлүүдээс 3 ба түүнээс дээш удаа хийсэн байхыг хамааруулан ойлгоно гэж үзэж байна.

2. Дээрх байдлаас дүгнэвэл шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх шинжийг бүрэн агуулж байна.

3. Ямар ч хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хуулийн дагуу эцэслэн шийтгэсэн буюу цагаатгасан тохиолдолд тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэхийг хориглодог Double jeopardy /Ne bis in idem/  гэсэн Эрүүгийн эрх зүйн онолын зарчмыг НҮБ-аас баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Ромын дүрмийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тогтоож, нийтээр хүлээн зөвшөөрч хэм хэмжээ тогтоосон бөгөөд Монгол Улс уг зарчмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангидаа тухайлан хуульчилж, тусгажээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улс уг зарчмыг Эрүүгийн хуульдаа “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тусгасан нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин шийтгэхийг хориглосон агуулгыг илэрхийлсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй энэхүү гэмт хэргийн хувьд тухайн зарчимд хамааралгүй гэж үзнэ.

4. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Бийг Баян-Өлгий аймгийн А сумын 2 дугаар багийн нутаг Р гэх газарт 2021 оны 7 сарын 24-өөс 25-нд шилжих шөнө зодсон, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 9 сарын 25-ны өдөр зодсон, 2021 оны 10 сарын 10-аас 11-нд шилжих шөнө зодож үргэлжилсэн үйлдлээр 3 удаа зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ 3 дахь удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй үйл баримт нотлогдсон.

5. Шүүдэгч Б.М-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Бийг 3 удаа зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” гэмт хэргийн шинжийг, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

6. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс хамааран Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-ийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.

8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

 

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тайлбар  байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

           

   2. Шүүгдэгч Б.М-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Бийг Баян-Өлгий аймгийн А сумын 2 дугаар багийн нутаг Р гэх газарт 2021 оны 7 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө зодсон, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зодсон, 2021 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө зодож гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн, мөн 2021 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэл холбогдлыг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг зүйчлэлийн хувьд хууль ёсны байх зарчмыг зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Харин анхан шатны шүүх Б.М-ын зарим үйлдэл холбогдлыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэхдээ “Б.М- нь эхнэр Т.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийг хэргийн үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин гэм буруутай этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс нь хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэхээр заажээ.  

 

6. Иймд шүүх шүүгдэгч Б.М-ын нэг үйлдэл эс үйлдэхүйд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх 2 зүйл ангиар давхар хүндрүүлж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

7. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                   ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ