Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2024/00260

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,                                  

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, ......... улсын бүртгэлийн дугаартай, ...... регистрийн дугаартай, Увс аймгийн Прокурорын газрын,

Хариуцагч: Увс аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Т ургийн овогт Ж-ын Ч-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн иргэн Ж-ын Ч нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2.000.000(хоёр сая) төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Ж.Ч нь гэрээний хугацаанд 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийн эргэн төлөлтхийж, 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийгтөлөхгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэнд”..иргэн Ж.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжпэл гаргаж өгнө үү” гэжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.18 зүйл, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь Сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иргэн Ж.Ч нь ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд иргэн Ж.Ч нь талуудын байгуулсан ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээнд заасан эргэн төлөлт хийх хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийгээгүй буюу 600.000 (зургаан зуун мянга) төлөөгүй байх тул гэрээний 1.3, 3.5 дахь хэсэгт зааснаар 600.000 (зургаан зуун мянга) гаргуулж Увс аймгийн Хөдөрмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно” гэсэн зохицуулалтын дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжпэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн Ж.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийгхязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ж.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулаж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 600,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хариуагч Ж.Ч-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Ж.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нь хариуцагч Ж.Ч-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ