Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 212/МА2019/00070

 

  А.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00630 дугаар шийдвэртэй, А.Т-ийн нэхэмжлэлтэй, Ш.С-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, хариуцагч Ш.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй С.А, С.Ай нарыг миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие А.Т нөхөр болох Ш.С-тай 2009 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 191 дүгээрт бүртгэж албан ёсны гэрчилгээ авч гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүү С.А, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин С.Ай нар төрсөн. Анх гэр бүл болсноос хойш нөхөр маань архи ууж ирж намайг зодож, хутга авч өөрийгөө хутгалж, хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд түүнээс хойш байнга хүчирхийлж ирсэн. Хүүхдүүд байнга түгшүүртэй амьдардаг болсон, хүү С.А айснаас болоод одоо хүртэл сайн ярьж чадахгүй, айсан үед гацаж түгжирдэг. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй, байнгын айдас түгшүүртэй амьдралд амьдрах хэцүү байна. Ийм байдалтай байгаа нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Хамгийн сүүлд намайг өшиглөж зодсоноор нуруу толгойгоор гэмтэл авч одоо Цагдаагийн байгууллагаар шалгагдаж эрүү үүсгэн, шүүх рүү шилжих шатанд байна. Архинаас гаргуулахаар Турк улс хүртэл архины эмчилгээнд явуулж сүүлд хоёр удаа спираль тавиулсан боловч одоо дахин архи уусан бөгөөд одоо ухаан санаагаа алдаж хаана байгаагаа мэдэхгүй орчингоо мэдэхгүй, ухаангүй агсам тавьдаг боллоо. Би амиа хорлоно гэж архины шилийг хагалан өөрийн биеийг зүсэж айлган сүрдүүлдэг. Миний хувьд аль болох архинаас гаргаж гэр бүлээ цаашид авч үлдэх гэж 10 жил өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийсэн боловч амжилтгүй болсон. Сүүлд шүүхээс 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2019/ШЦТ/110 тоот шүүхийн тогтоол гарч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нөхөр Ш.С-ыг 450.000.00 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан болно. Шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандан 2019 оны 9 дүгээр сарын эхээр эвлэрэх боломжгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал бас байгаа юм байна, шийдэх боломжгүй эвлэрэхгүй гэснээр дууссан. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдүүд болох С.А, С.Ай нарыг миний асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалж, Ш.С-аас хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “А.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Бид хоёр гэр бүл болж хамтран амьдарсан хугацаанд 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү И, 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүү С.А, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин С.Ай нар төрсөн бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ш.И-ийг эцэг Ш, эх Б нарт үрчлүүлсэн тул эхнэр А.Т бид нарын асрамжид хүү С.А, охин С.Ай нар өсөн торниж байгаа. Ш.С миний бие гэр бүл болсон мөчөөс эхэлж одоо хүртэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан байнгын архи ууж, согтууран түүнийг зодож, бие махбодод болон сэтгэл санаанд дарамт үзүүлж хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүй зүйлийг бичиж, хэтрүүлсэн гүтгэсэн шинжтэй зүйл бичсэн байна. Ш.С миний бие хүү С.А, охин С.Ай нарыг эцгийн хайраар энхрийлэн хайрлаж, тэжээн тэтгэж, сургууль цэцэрлэгээр нь байнга эргэн тойрч, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох, хэвийн өсөж бойжих, зөв боловсон хүмүүжил, төлөвшил олоход нь байнга анхаарч ирсэн бөгөөд цааш нь эцэг эхийн хамтын халамж, ивээл доор хүмүүжихэд нь өөрийн бүх бололцоо, анхаарал, халамжийг хандуулах болно. Ш.С миний хувьд байнга архи дарс уудаг, архинаас хамааралтай болсон хүн биш бөгөөд эхнэр А.Т нь шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд миний нэр төр, алдар хүндийг хэт доройтуулж, миний ажил хэргийн нэр хүндэд хүртэл сэв суулгаж, нотлох баримтгүй гүтгэсэн явдалд гомдож байна. Ш.С миний бие дээд боловсролтой, багш, сурган хүмүүжүүлэгч хүн бөгөөд 2010 оноос эхлэн эдүгээ 9 жил багшаар ажиллаж, олон аавын хүүхдэд эрдэм боловсрол олгож байгаа, сурган хүмүүжүүлэгч хүн. Гэтэл өөрийнхөө хүүхдүүдийн хүмүүжилд миний бие сөрөг нөлөө, муу зуршил үзүүлж муугаар нөлөөлж байна гэдэг нь ор үндэслэлгүй. Ш.С надтай холбогдох эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж одоо шүүхэд шилжих шатанд байна хэмээн ор үндэсгүй зүйл бичсэн. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, энэ талаар нэхэмжлэгч А.Т нь эрх бүхий байгууллагаас ямар нэгэн нотлох баримт байхгүй байтал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв А.Т нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу зохих байгууллагаар гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулж тохиолдол бүрийг нотлох баримтаар баталгаажуулах ёстой. Зөвхөн шүүхэд өгсөн нэхэмжлэлээр гэр бүлийн хүчирхийлэл хэмээн үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлт цуцлах боломжгүй гэж үзнэ. Ш.С намайг Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.2-т зааснаар Ш.С А.Т бидний гэрлэлтийг цуцлах явдлыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шүүхийн зүгээс эвлэрүүлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Ш.С, А.Т бидний гэрлэлт цуцлах асуудлыг түдгэлзүүлж, эвлэрүүлэн арга хэмжээ авч, нэхэмжлэгч А.Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00630 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ш.С, А.Т нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Ай нарыг эх нь болох А.Т-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Ай нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох Ш.С-аар тэжээн тэтгүүлж, Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болно гэснийг дурдаж шийдвэрлэжээ. 

           

            Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлан хүүхдийн эрх ашгийг дордуулан буруу шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие шүүхийн шийдвэрийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба хүүхдүүдийн асаргааг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан Ш.С, А.Т нарын хүүхдүүд болох 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Ай нарыг эх нь болох А.Т-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ" гэсэн байна. Ингэхдээ ямар ч нотлох баримтгүйгээр 2 хүүхдийн асаргааг А.Т-д үлдээж шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг аваагүй, хүүхдийн насыг харгалзаагүй, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг огт харгалзахгүйгээр шийдвэрлэсэн. Үүнд миний бие маш их гомдолтой байна. Миний хүү болох С.А нь төрснөөс хойш надаас нэг ч хором холдож үзээгүй, миний асаргаа, хайр халамжид надтай хамт амьдарч байгаа. Өнөөдрийг хүртэл надтай хамт миний төрсөн гэр болох /өвөө, эмээгийн гэрт/ хангалуун нөхцөл байдалтай амьдарч байна. Харин А.Т нь орон байргүй, түрээсийн байранд, цалингийн зээлтэй, гартаа авах цалин хөлс нь түрээсийн байрны төлбөрт ч хүрэхгүй, 2 хүүхдэд хоол унд авч өгөх, хэрэглээгээр нь хангах бололцоогүй. Гэтэл анхан шатны шүүх ийм нөхцөл байдалд хүүхдийг үлдээж, асаргааг нь шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Би ч гэсэн цалингийн зээлтэй гэхдээ ажлын хажуугаар халтуур хийж мөнгө олж үр хүүхдүүдээ тэжээдэг байсан. 2 хүүхдүүдийнхээ бүхий л хэрэгцээг зөвхөн би хангадаг байсан. Мөн гэр орны хэрэгцээ, хоол унд, идэш, цахилгааны мөнгө, нүүрс зэргийг би дангаараа авдаг байсан. Эхнэр болох А.Т-ийн гартаа авах цалин нь өөрийнхөө хувцас хунар, будаг, уснаас нь илүү гардаггүй байсан. Харин сургуулийнхаа багш нараас зээлээр гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хунар авчхаад төлж чадахгүй надаас мөнгө авдаг байсан. Анхан шатны шүүхээс шийдвэр гарсны дараа миний асаргаанд байгаа С.А-г авахаар ирж байсан боловч хүү маань аавтайгаа хамт амьдарна, чамд очихгүй гэж уйлж очихгүй гэж татгалзсан. А.Т нь С.А-гийн сургуульд очиж, түүнийг ятгаж "аав чинь архи ууж, чамайг нэг өдөр алах болно, тэр нэг л өдөр архи ууж ирэх болно" гэж айлгаж, хүүхдийн сэтгэл санааг нь хямрааж байсан байна. Тэр талаар хүүхэд маань надад "аав та архи уухгүй биз дээ, ээж таныг архи ууж яваад чамайг ална гэж хэллээ" гэж уйлж байгаад хэлж байсан. Миний бие гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа огт байхгүй. Ганцхан удаа архи ууж ирээд эхнэрээ түлхсэнээс болж биед нь хөнгөн гэмтэл учруулж ял шийтгүүлж байсан. Байнгын архи ууж, архины цагаан солио мэтээр намайг шүүхэд гүтгэж, худал нэхэмжлэл гаргасан байсан ба үүнийг ямар нэгэн байдлаар нотолж чадаагүй. Би төрийн албан хаагч хүн бөгөөд ажил амьдарлаа алдаж архинд орсон хүн биш. Хаяа архи уудаг байсан нь үнэн. Гэхдээ өдөр болгон архидаж, эхнэр хүүхдүүдийн амар тайван байдлыг алдагдуулсан удаа байхгүй. Эхнэр маань намайг архи үнэртэх л юм бол хэрүүл маргаан гаргаж, хэл амаар доромжилдог байсан учраас архи бага уудаг байсан. Архины эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Эхнэр маань надад "архины эсрэг спираль гэдэг зүйлийг тавиулах юм бол дахиж архи ууж чаддаггүй болох юм байна. Ерөөсөө архи үнэртэх ч үгүй болох юм байна. Заавал спираль тавиул, тавиулахгүй бол чамаас сална" гэж сүрдүүлсэн тул аргагүйн эрхэнд мэс заслын тасгийн эмч Харид очиж нөхцөл байдлыг ойлгуулж хэлээд зүүн гарт маань оёдол тавиулж байсан. Үүний учир нь эхнэрээ хуурч "спираль" тавиулсан гэж итгүүлэхийн тулд түүнд үзүүлэхээр оёдол тавиулж байсан. Түүнээс биш спираль тавиулж байгаагүй. Би Турк улсад архины эмчилгээ хийлгүүлэх биш "Мусылман шашины нийгэмлэг" ТББ-ын өмнөөс "Имам"-ын курст 2 сар суралцаж ирсэн. Тэрнээс биш ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаагүй. Имамын курст суралцсан шалтгаан нь өөрөө эхнэр болох Тилеуберди нь имам болох юм бол архинд ойртдоггүй юм байна. Заавал имамын курст суралцаарай гэхээр нь ТББ-ын журмаар бүртгүүлж, тэдний зардлаар Турк улсад 2 сарын сургалтад хамрагдаж ирсэн. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т "Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ" гэж заасныг шүүхээс хэрхэн яаж дүгнэсэн тодорхой бус болсон бөгөөд зөвхөн нэг талын эрх ашгийн үүднээс хүүхдийн эрхийг зөрчиж шийдвэр гаргасан. Хүү С.А-гаас шүүх хэний асрамжид байх талаар тодруулаагүй, түүний саналыг аваагүйд маш их гомдолтой байна. Иймээс хүү С.А-гаас хэний асрамжид үлдээж байгааг нь, түүнд хэн илүү сайн хандаж, хайр халамж тавьдгийг, түүний хэрэгцээг хэн хангаж өгдгийг, хэн нь илүү нөхцөл боломжийг хангаж өгч байгааг илт, шударгаар тодруулж хүүхдийн асаргааг шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Ш.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү С.А, охин С.Ай нарыг өөрийн асрамжид үлдээж, эцэг Ш.С-аар хүүхдээ тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Ш.С нь нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

 

            Хариуцагч Ш.С-ыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эхнэр А.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт буруутайд тооцож, 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд уг шийтгэх тогтоолоос үзэхэд Ш.С нь архидан согтуурч, зүй бус харилцаа гаргаж, эхнэр А.Т-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогджээ. Нэхэмжлэгч дээрх үйл баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон бөгөөд гэрлэгчид тааламжгүй харилцаатай, тус тусдаа амьдарч байгаа, нөхөр Ш.С нь архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар А.Т, Ш.С нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар хүү С.А, охин С.Ай нарыг эх А.Т-ийн асрамжид үлдээж, эцэг Ш.С-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

            Хариуцагчийн “Хүү С.А-гаас шүүх хэний асрамжид байх талаар тодруулаагүй, түүний саналыг аваагүй” гэх гомдол нь хавтаст хэргийн 25-26 дугаар хуудаст авагдсан 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А-гаас сурган хүмүүжүүлэгч Х.З-г байлцуулан түүний саналыг асуусан тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүхийн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.А, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С.Ай нарыг эх нь болох А.Т-ийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                  

Д.КӨБЕШ