Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолтой,

шүүгдэгч  Г.Т-д холбогдох эрүүгийн 2113001670192 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Г.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Дөрвөд, **өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ** хүнтэй, ** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Т- /РД**********/ нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр тус аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Т” гэх газраас хохирогч Ү.А-ий 3 настай 1 тооны хул зүсмийн адууг хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.  

 

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар яллах дүгнэлтээр Ш.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  2022/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Би ямар ч боловсролгүй, багаасаа аймгийн Б суманд мал маллан эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд манайх тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан түнг” дахь хилийн цэргийн дугаар заставын дэргэд, холбоо харилцаа, утасны сүлжээ барьдаг газарт оршин суудаг.

2. Би өөрийн хэдэн адуугаа зөв гуянд нь “Т” гэсэн тамга дардаг бөгөөд одоогоос хэдэн жилийн өмнө “Т” тамгатай хул /хоо/ зүсмийн даагыгаа алдсан. Энэ намар манай намаржааны орчимд ирсэн үл таних адуун дунд “Т” тамгатай хул зүсмийн бага адуу байхаар нь би харганд хашин барьж авч үзэхэд миний алдсан даага шиг дотно байхаар нь гар дээрээ байлгаж бага хүү маань хааяа унаж ойр зуур мал хариулж байсан бөгөөд мод харганатай өвстэй газар тарт аргамжилж 1 /нэг/ сар гаруй гэр орчмын газар барьсан. Тарган морь байсан бөгөөд хол ойроос явсан хүмүүст “Миний алдсан хоо даага” шиг гэж хэлж байсан.

3. Гэтэл Н сумаас Ү.А гэдэг хүн ирсэн ба “Миний хул зүсмийн адуу чамд байгаа байна авна” гэсэн. Би өөрийн алдсан хул даага юм шиг байна гэж хэлж өгөөгүй. Дараа нь ирэхэд нь би үнэхээр энэ хул морь А-ийх байж магадгүй, би андуурсан байх гэж бодоод морины байгаа газарт очиж үзүүлэхэд А морио таньж надад таньсан байдлаа, бас таны алдсан даага энэ мориноос насаар ах байх ёстой” гэдгийг хэлж морио авсан.

4.Эрж хайсан хөлс гэж 400000 төгрөг нэхсэн. Би Ү.А-ээс морийг нь хулгайлсандаа гэмшиж байгаагаа хэлж уучлалт гуйж 400000 төгрөгийг өгсөн. Би түүнд: “Таны морийг анх өөрийн алдсан даага гэж андуурч барьсан, өөр дээрээ байлгаж ойр зуур хүүдээ унуулж мал хариулгасан минь үнэн. Үнэхээр энэ морийг алж идэх, бусдад зарах, холын хүмүүст арилжих байсан бол энэ нэг сарын дотор амжуулах хугацаа боломж байсан. Би нэгэнт өөр дээрээ байлгасан ч гэсэн өөрийнхөө морь гэдэгт ч эргэлзсэн үе байсан. Хэрэв даага биш бол ойр байсан тэр адуунд нь тавьж явуулъя гэж бодож байсан гэж үнэн учраа хэлсэн.

5. Би энэ байдлыг мөрдөгч Ернар мөн Ядамсүрэн нарт ч хэлсэн. Гэтэл мөрдөгчид шууд “Хулгайлсан” гэж үзэж малын хулгай гэж үзсэн тул би мал хулгайлсан байна гэж хэргээ хүлээсэн. Би бусдын адууг сүрэг дотроос нь хулгайлан авч, мөн нуусан. Мал хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг арилгасан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй байгаа. Анх удаа хэрэг үйлдсэн.

6. Миний зүүн хөл гуя орчимд хугаралттай бөгөөд ясыг нь хадаасаар хадсан элдэв илүү хөдөлгөөн хийх чадваргүй, бие минь өвчтэй ганц бага насны нэг хүү маань мал хариулж байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ял эдлэхэд бэрхшээлтэй миний өвчтэй байдлыг болон хөгжлийн бэрхшээлтэй өвчтэй жирэмсэн эхнэр, нялх бага насны хүүхдүүд хэдэн мал маань эзэнгүй үлдсэн байдлыг харгалзан надад хуулийн хөнгөлөлт үзүүлж зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сараас 1 жилийн хугацаатай оноож өгнө үү.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдлын агуулга:

1. Г.Т- нь өөрийн өмчийн боломжийн 400 гаруй бог, 40-өөд үхэр 10-аад адуутай бөгөөд урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ял хариуцлага хүлээж байгаагүй.

2. Г.Т-ын зүүн хөлийн яс нь хугарсан байгаа ба эдгээгүй, эмчийн хяналтад гэр зуураа малаа хариулж байсан. Хөлийн хугарсан хэсгийг хадсан 12 тооны хадаасыг очиж авхуулах хугацаа нь дөхсөн байх ба ийм хугаралттай, дахин хугарч болзошгүй эдгэрлийн шатанд байгаа хүнд өвчтэй тул өөр төрлийн тэнсэн, зорчих эрхийг хязгаарлах зэрэг хөнгөн ял оногдуулж болох боломжтой гэж үзэж байна.

3. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өвчний улмаас сумын эмчийн хяналтад байгаа бөгөөд бага насны 3 хүүхдүүд нь гэрт нь үлдсэн.

4. Т-ын айл гэрийн амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн мал нь хариулгагүй болж бага насны нэг хүү гэр ойр зуур хариулж байгаа бөгөөд тэр хүүхдийн мал хариулах чадварт нь итгэх боломжгүй.

5. Ойр хавьд нь ойрын үед чоно элбэгшсэн, хэдэн хонийг нь барьсан байгаа нь мал эзэнгүй болсныг нотолж байна.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг Г.Т-ад хэрэглэж нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.

7. Г.Т- нь бусдын нэг тооны малыг хулгайлснаа хүлээн зөвшөөрч, мэдүүлж, уучлалт гуйж, гэмшиж байгаагаа хэлж хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэж уйлж байсан нь хэргээ хүлээж байгааг илтгэж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг хэргээ хүлээгээгүй гэсэн ойлголтоор хандсан.

8. Г.Т-ын гэр нь Увс аймгийн Б сумын 1 дүгээр баг “Цагаан түнгэ” гэдэг газарт байдаг ба тэнд Хилийн цэргийн дугаар застав байдаг, Скайтел, Юнитель, Мобикомын гар утасны сүлжээ байнга, тогтмол ажилладаг,  ар гэрийн болон хувийн байдал нь үнэхээр хүнд байгаа зэргийг харгалзан оногдуулсан ялыг хорихоос өөр ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү.  Тэнсэн харгалзахгүй, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүй, заавал хорих ял эдлэх ёстой гэж эрхэм шүүх бүрэлдэхүүн үзэж байгаа бол шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хорих ялыг мөнгөн дүнгээр дүйцүүлэн тооцож ял өгнө үү.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

2. Үйлчлүүлэгч Г.Т- нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр тус аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Т” гэх газраас хохирогч Ү.А-ийн 3 настай 1 тооны хул зүсмийн адууг хулгайлж 1.100,000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

4. Г.Т- нь анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай үндэслэл бүхий санал дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон.

5. Гэтэл шүүхээс шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авалгүй шийдвэрлэснийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй явдал болсон гэж үзэж байна.

6. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж. шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү.

 

Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга: 

1. Г.Т- нь хохирогч Ү.А-ийн нэг тооны хул зүсмийн адууг хулгайлж бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгчийн гэм буруу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн нотлогдсон.

2. Прокуророос Г.Т-ын бусдын нэг тооны адууг хулгайлсан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 6 сарын хорих ял оногдуулсан. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж зэргийг харгалзан ял оногдуулсан гэж прокуророос дүгнэж байна.

3.Тиймээс шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

4. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөл нь хугарсны улмаас 1 сарын хэвтрийн дэглэмд байсан нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуророос дүгнэлт гаргасны үндсэн дээр ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болох хуулийн зохицуулалт байгаа.

5. Шүүгдэгч одоогийн байдлаар 2 сар 14 хоног цагдан хоригдож, эдлэх ялынхаа дийлэнх хувийг эдэлсэн байгаа учраас түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэсэн байр суурьтай байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Т- болон түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            2. Шүүгдэгч Г.Т- нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр Баян-Өлгий аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Т” гэх газраас хохирогч Ү.А-ийн 3 настай 1 тооны хул зүсмийн адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

            3. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, гэрчүүд, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Г.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Ү.А-            ийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхэд халдсан нь тогтоогдсон байна.

 

            4. Иймээс Г.Т-ыг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

6. Шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч нарын “Зүүн хөл гуя орчимд хугаралттай бөгөөд ясыг нь хадаасаар хадсан элдэв илүү хөдөлгөөн хийх чадваргүй, ял эдлэхэд бэрхшээлтэй байдлыг болон хөгжлийн бэрхшээлтэй өвчтэй жирэмсэн эхнэр, нялх бага насны хүүхдүүд, хэдэн мал эзэнгүй үлдсэн байдлыг харгалзан хуулийн хөнгөлөлт үзүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сараас 1 жилийн хугацаатай оноож өгнө үү.” гэж давж заалдах журмаар гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж, “Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх;” гэж уг ялаар шийтгүүлсэн этгээдийн үүрэг болон ялыг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар тодорхой хуульчилжээ.

7. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Увс аймгийн Б сумын Засаг даргын тодорхойлолтууд, мөн сумын Г багийн Засаг даргын тодорхойлолтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Т-ад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд бүрэн тогтоогдсон гэж үзэх хангалттай үндэслэлгүй байна. Нөгөө талаар анхан шатын шүүх шүүгдэгч Г.Т-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журмыг удирдлага болгож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, тус зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангид, мөн хуулийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж болох гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгчийн байнга оршин суух газрыг тогтоохоос гадна түүний байнга оршин суух газраа  өөрчлөх /тухайлбал, намаржаа, хаваржаа, өвөлжөөний газар, нутаг дэвсгэр гэх мэт/ нөхцөл байдлуудыг мөн хангалттай шалгаж, тодруулж байвал зохино.

9. Шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч А.Серикжан нар “шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулдаг.

10. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан. Шүүгдэгч Г.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

11. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.Т-ын цагдан хоригдсон 46 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                С.ӨМИРБЕК