Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 299

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Д.С-, П.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн С-, Б овогт П-ын Ц- нарт холбогдох эрүүгийн 1710000000083 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 12-нд Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Алтимед” ХХК-д сантехникийн туслах ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, 3 дугаар баг, Эрдэнэтолгойн 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ***** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн С

            2. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 10-нд Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Алтимед” ХХК-д сантехникийн туслах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн Баянгол сум, 6 дугаар баг, Ширээгийн 2 дугаар гудамжны 22 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ***** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт П-ын Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.С-, П.Ц- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Багро” хүнсний үйлдвэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдад хүч хэрэглэн тус үйлдвэрийн харуул ажилтай О.Ё-, үйлдвэрт дадлага хийж байсан Хөдөө аж ахуйн Их сургуулийн 3 дугаар курсын оюутан Э.Ч- нарыг зодож улмаар О.Ё-н биед тархи доргилт, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол, мөн Э.Ч-ын биед тархи доргилт, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун сарвууны дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.С-, П.Ц- нар нь 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Багро” хүнсний үйлдвэрт шүүгдэгч П.Ц-ын найз охин Н.М-г авахаар очиход тус үйлдвэрийн харуул “цаг орой болсон байна...би энэ хүмүүсийг одоо хариуцаж байгаа...22 цагаас хойш хүн гаргахгүй...” гэсэн хууль ёсны шаардлага тавихад нь шүүгдэгч П.Ц- “би найз охиноо авч явах гэж байнаа танд ямар хамаатай юм бэ...чи мэддэг юм уу, би мэдэж байна...” гэж хэлэн маргалдаж хохирогч О.Ё-н нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж газарт унагаан өшиглөн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

мөн бүлэглэж уг үйлдвэрт дадлага хийж байсан Э.Ч-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр оюутнуудын амарч байсан өрөөнд хохирогчийн толгойн хэсэгт нь гараараа цохих, хавсарч унагаан өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...П.Ц- бид хоёр ажил хийж байгаад цэцэрлэгт хүрээлэн дээр уулзсан. П.Ц- бид хоёр уулзаад 2-3 пиво уусан. Шүүгдэгч П.Ц- бид хоёр маргааш нь хөдөө ажлаар явах байсан. Тэгээд П.Ц- хөдөө явахаасаа өмнө найз охинтойгоо уулзъя, манай найз охин дээр хоёулаа хамт очоод ирье гээд бид хоёр найз охиных нь дадлага хийж байсан “Багро” хүнсний үйлдвэр лүү хамт явсан. П.Ц- найз охинтойгоо хамтран амьдарч байсан. Тэгээд П.Ц- найз охиноо дуудаад найз охин нь гарч ирсэн. Тэгээд “Багро” хүнсний үйлдвэрийн харуул П.Ц-ын найз охиныг цаг орой болсон байна, явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд П.Ц- харуул хоёр хоорондоо маргалдаад П.Ц- харуулыг гэнэт цохиод авсан. Би хашааны гадаа зогсож байгаад харсан. Тэгээд би П.Ц- харуул ах хоёрыг салгаад байж байтал П.Ц-ын найз охины ангийнх нь хүүхдүүд цаанаас гарч ирээд бид хоёр тэр хүүхдүүдтэй нь маргалдаж бужигнасан. Би Э.Ч-ыг нүүр рүү нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч П.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө найз Д.С-тай уулзаж, пиво уусан. Тэгээд Д.С- бид хоёр “Багро” хүнсний үйлдвэрт дадлага хийж байсан манай найз охиныг очиж авахаар явсан. Тухайн үед би найз охинтойгоо хамтран амьдардаг байсан болохоор найз охиныгоо авах гэж очоод “Багро” хүнсний үйлдвэрийн харуултай муудалцсан. Тэгээд би “Багро” хүнсний үйлдвэрийн харуулыг цохиод дотогшоо орж Э.Ч- гэх хүүхдийг цохьсон. Тэгээд Д.С- бид хоёр зам руу гарч таксинд суухаар явсан чинь манай найз охин Н.М- яриад та хоёр хүүхдийн хамар хугалсан байна гэсэн. Тэгээд очиход цагдаа дуудсан байсан. Тэгээд бид хоёрыг цагдаа нар авч явсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/           

3. Хохирогч О.Ё-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 01 цаг өнгөрч байхад өөрийн хариуцсан “Багро” ХХК-ийн хашаанд харуулаар ажиллаж байхад гаднаас үл таних 3 эрэгтэй хүн бид 2 охидууд дуудсан авч явах хэрэгтэй байна гэж хэлээд тэгээд 2 охин ирээд бид 2 гарах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би шөнө болсон байна би хүн гаргахгүй гэж хэлээд буцааж оруулахад нөгөө 2 эрэгтэй намайг чи мэддэг юм уу, би мэдэж байна гээд миний нүүр рүү цохиод боож унагаж байгаад өшиглөөд дайраад байж байхад бусад оюутнууд гарч ирж намайг салгаад тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Тэр хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан. Эхлээд П.Ц- намайг түлхээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхээд найз охиноо авч явна гээд байсан. Миний хацар хэсэгт гараараа цохьсон. Тэгээд намайг хавсараад унагаасан. Газарт унасан байхад Д.С-, П.Ц- нарын нэг нь өшиглөсөн. Яг хэнийг нь өшиглөснийг мэдэхгүй байна. Намайг газарт унасан байхад нэг нь дараад нэг нь дээрээс өшиглөж байсан. Дээрх гэмтлүүдийг тэр 2 хоёулаа учруулсан. Би толгой болон дотор эрхтнээ 240.000 төгрөгөөр томографид харуулсан, эм тариа 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Бөөрний зураг 130.000 төгрөгөөр авахуулсан. Нийт 420.000 төгрөгөөр зураг авахуулж эмчилгээ хийлгэсэн. Харин би нэг хоногийн 35.000 төгрөгөөр ажилладаг, би 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл акттай байгаа, нийт 6 хоногийн 210.000 төгрөг авах ёстой байсан. Ингээд нийтдээ 630.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэнэ мөнгө орох байх. П.Ц-, Д.С- нар надад эмчилгээний зардалд 900.000 төгрөг төлсөн. Би одоо эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэнэ, мөн нурууны зураг авахуулна. Одоо би 800.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19/

            4. Хохирогч Э.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай ангийн охидууд харуул ахыг зодчихлоо гэж хэлээд орж ирцгээсэн. Тэгээд манай ангийн хөвгүүд юу болоод байгааг харахаар явсан. Тэгтэл харуул ах бид нарыг чиглээд нүүр ам нь цус болчихсон машиных нь дугаарыг хараарай гэж хэлээд гараад ирсэн. Тэгтэл М-ийн найз залуу гэх хүн бас нэг эрэгтэй хүнтэй хамт шууд орж ирээд манай ангийн хүүхдийг цохиж аваад бусдыг нь зодох гэж дайраад гартаа чулуу барьчихсан та нарыг ална шүү гэж орилж хашгирч байсан. Тэгээд би гэртээ орохоор алхаж байсан. Тэгтэл М-ийн найз залуу араас ирээд намайг бариад авсан, миний толгой хэсэгт гараараа цохьсон. Тэгтэл хамт явсан найз нь ирээд намайг хавсарч унагаад дээрээс цохиод байсан. Тэгээд би газраас босч ирээд зууралдаж байгаад малгайтай цагаан цамцаа уруулаад зугтаасан. Тэр үед би саравчтай улаан өнгийн малгайгаа хаясан байсан. Миний биед учирсан гэмтлийг тэр 2 залуу хоёулаа учруулсан. Шинжээчийн дүгнэлт гарсаны дараа “Эм Жи Жи” эмнэлэгт үзүүлэхэд баруун чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн. Би эмнэлгээр явж чихээ эмчлүүлнэ. Чихний хэнгэрэг нөхөх мэс засал хийхэд зардал гарна. Иймд намайг зодсон 2 залуугаас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/

            5. Гэрч Н.М-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би утсаа цэнэглээд асаасан, 01 цагийн үед гадаа ирчихлээ гээд над руу ярьсан. Гараад очиход манай найз залуу П.Ц- найз Д.С-ын хамт такситай ирчихсэн байсан, манай найз залуу хотын төв рүү яваад өглөө буцаад ирчих гэж хэлсэн би болохгүй, маргааш ажилтай, урьд шөнө нь гарчихсан учраас болохгүй гэж хэлсэн, энэ үед харуул ах гарч ирээд Одонтунгалаг бид хоёрыг ор гэхээр нь бид хоёр машинаас буугаад орох гэтэл манай найз залуу хамт харуулыг чиглэж очоод “ахаа би ажилтай байдаг юмаа, амралтаараа ирчихсэн байгаа юмаа өнөө орой найз охиноо аваад явчихаж болох уу” гэж асуутал харуул ах “болохгүй, харанхуй шөнө ийш тийш нь явуулахгүй” гэж хэлсэн энэ үед би ингээд орчихьё явуулахгүй гэж байна шдээ гэж хэлтэл манай найз залуу намайг түлхээд чи дуугүй цаашаа байж бай гээд харуул ахад “би найз охиноо авч явах гэж байнаа танд ямар хамаатай юм бэ” гэсэн, харуул болохоор “би энэ хүмүүсийг одоо хариуцаж байгаа гаргахгүй” гээд байсан. Харуул ахыг манай найз залуу цохиод авсан чинь Д.С- машинаас бууж ирээд салгасан боловч харуул ах манай найз залуугийн араас юм хэлээд байсан чинь манай найз залуу буцаж ирээд харуул ахыг зодчихсон. Манай ангийн охидууд хараад манай ангийн банди нарт хэлчихсэн юм шиг байсан, ангийн банди нар гарч ирээд харуулыг салгаад зарим нь нөгөө хоёртой маргалдаж байсан. Охидууд хашааны хаалгыг хаагаад гадна талд манай найз залууг найз Д.С-тай нь үлдээсэн боловч тэр хоёр хашаа даваад орчихсон. Таксины ах цагдаа дуудах гээд явсан. Би хашааны гадна зогсож байсан учраас ангийнхаа охин руу залгаад хаалга онгойлгуулсан. Нөгөө хоёр манай ангийн Э.Ч-ыг зодчихоод хашаа даваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10893/-ний дүгнэлт:

                        -О.Ё--н биед тархи доргилт, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 38/

            7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10894/-ний дүгнэлт:

                        -Э.Ч-н биед тархи доргилт, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун сарвууны 5-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40/

            8. Яллагдагч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз П.Ц-тай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн ард барилга дээр цагийн ажил хийж байгаад 19 цагийн үед ажлаа тараад П.Ц-ын гэрт нь очсон...Тэгээд бид 2 нэг хүний 3 пиво авч уусан. Тэндээсээ 23 цагийн үед гараад П.Ц-ын найз охин дээр очихоор болсон. П.Ц-ын найз охин М- нь “Багро” хүнсний үйлдвэр дээр дадлага хийж байсан...Тэгээд “Багро” хүнсний үйлдвэр дээр П.Ц- бид 2 ойролцоогоор 01 цагийн орчим очсон. Тэгээд П.Ц- найз охиноо утсаар дуудаад гаргаж ирсэн. Тухайн үед найз охин нь бас нэг охинтой хамт гарч ирсэн. Тэгээд машин дотор хэсэг юм ярьж суусан. Тэгээд П.Ц- найз охиноо аваад гэр рүүгээ явах гэхэд найз охин нь цаг орой болсон байна, маргааш өглөө эрт ажилтай гэсэн. Тэгтэл М- одоо харь гэж хэлчихээд өөрөө машинаас буугаад харуулын байрны ойролцоо очсон. Тэгтэл П.Ц- машинаас буугаад М- дээр очсон. Тэгтэл харуул ах орой болсон учраас гадагшаа гаргахгүй, явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд П.Ц- харуул ахтай маргалдсан. Тэгээд хоорондоо зууралдаж байгаад харуул ах газарт унасан. Тэр үед М- намайг дуудаад салгаачээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод салгах гэхэд М-ийн ангийн хүүхдүүд нь гараад ирсэн. Тэгээд хэсэг эрэгтэй хүүхдүүд бид 2-ыг та муу 2 яах гээд байгаа гөлөгнүүд вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 тэдгээр хүүхдүүдтэй маргалдсан. Тэгтэл гарч ирсэн хүүхдүүд зугтаагаад байсан. Тэгэхээр нь бид 2 харуулын байраар дамжаад дотогшоо ороод хөөцөлдөж байгаад нэг хүүхдийг цохьсон. Тэгээд би оюутнуудын унтаж байсан өрөөнд ороод нэг туранхай биетэй, саарал цамцтай залууг цохьсон. Тэгтэл П.Ц- намайг явъя гэж дуудсан. Тэгээд бид 2 хаалгаар гарах гэхэд хаалга хаалттай байхаар нь хашаа даваад гараад явсан. Тэгээд төв зам дагуу такси бариад явах гэж байхад М- яриад хүүхдийн хамар хугалсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь П.Ц- бид 2 буцаад очсон. Эргээд очиход нэг хүүхдийн хамар хугарсан, харуул ахын нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан...Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Тус үйлдвэрийн харуул ахыг манай найз П.Ц- зодож гэмтэл учруулсан. Харин  оюутан Э.Ч-ын биед учирсан гэмтлийг П.Ц- бид 2 учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/

            9. Яллагдагч П.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад өөрийн найз Д.С-тай хүний 3 лаазтай пиво, 2.5 литрийн савлагаатай пиво уусан. Тэгээд 23 цагийн орчим Улаанхуарангаас гараад Кино үйлдвэр орсон. Кино үйлдвэрээс Приус 20 маркийн машинд гар өргөж суугаад 30.000 төгрөгөөр тохироод найз охин М-ийн дадлага хийж байсан “Багро” хүнсний үйлдвэр рүү явахаар болсон...Тэгээд очоод М-г дуудаж гаргаж ирсэн. М- гарч ирэхдээ найзтайгаа хамт гарч ирсэн. Тэгээд би М-г машинд суучих явъя гэсэн. Тэгээд машин дотор ярьж суугаад хамт явъя гэсэн. Тэгтэл М- цаг орой болсон байна, харуул ах явуулахгүй гэсэн. Тэгэхээр нь би ганцаараа харуул ах дээр очоод “ахаа би хөдөөнөөс ирсэн юм аа, явахаасаа өмнө найз охинтойгоо хамт байх гэсэн юм, найз охиноо авч яваад маргааш өглөө ажлаас нь хоцроохгүй аваад ирнээ” гэж хэлтсэн. Тэгтэл харуул ах “22 цагаас хойш хүн гаргахгүй, тийм юм байхгүй” гэж хэлсэн. Намайг гуйгаад байхад харуул ах манай найз охиныг надтай хамт явуулаагүй. Тэгээд миний гар хэсэг рүү түлхээд “цаашаа бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз охиноо аваад явлаа гэж хэлээд явах гэхэд тэр ах миний араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь би харуул ахын нүүрэн хэсэгт нь 2-3 удаа гараараа цохьсон. Тэгээд газарт унахаар нь өшиглөсөн. Харуулын байрны хаалгаар тухайн үйлдвэрт дадлага хийж байсан эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гарч ирсэн. Тэгээд тухайн гарч ирсэн хүүхдүүдтэй маргалдсан. Нэг мэдсэн Д.С- бид 2 ажилчдын байранд ороод ирчихсэн байсан. Тэр дотор нэг эрэгтэй оюутанг Д.С- бид 2 зодож байсан. Тэгээд ухаан ороод Д.С-ыг явъя гэж хэлээд гараад явсан. Тэгээд яг гарах гэхэд харуулын хаалга цоожтой байсан, тэгэхээр нь Д.С- бид 2 хашаа даваад гарсан. Гартал такси явсан байсан, зам дагаад алхаж байсан. Тэгтэл манай найз охин над руу залгаад хүүхдийн хамар хугалсан байна шдээ ирж хар гэж хэлсэн. Тэгэхээр нь Д.С- бид 2 хамтдаа яваад очсон. Мөн харуул ахын нүүр ам нь хавдсан байдалтай байсан. Тухайн үед тэнд байсан оюутнууд цагдаа дуудсан гэж байсан, тэгээд цагдаа ирээд бид 2-ыг аваап явсан...Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Тус үйлдвэрийн харуул ахыг би зодож гэмтэл учруулсан. Харин оюутан Э.Ч-ын биед учирсан гэмтлийг Д.С- бид 2 учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.С-, П.Ц- нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 61/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10893, №10894/-ний дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.С-, П.Ц- нар нь 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Багро” хүнсний үйлдвэрт шүүгдэгч П.Ц-ын найз охин Н.М-г авахаар очиход тус үйлдвэрийн харуул “цаг орой болсон байна...би энэ хүмүүсийг одоо хариуцаж байгаа...22 цагаас хойш хүн гаргахгүй...” гэсэн хууль ёсны шаардлага тавихад нь шүүгдэгч П.Ц- “би найз охиноо авч явах гэж байнаа танд ямар хамаатай юм бэ...чи мэддэг юм уу, би мэдэж байна...” гэж хэлэн маргалдаж хохирогч О.Ё-н нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж газарт унагаан өшиглөн зодож биед нь тархи доргилт, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг,

мөн бүлэглэж уг үйлдвэрт дадлага хийж байсан Э.Ч-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр оюутнуудын амарч байсан өрөөнд хохирогчийн толгойн хэсэгт нь гараараа цохих, хавсарч унагаан өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун сарвууны 5-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Д.С-, П.Ц- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно”, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно: 1.1.үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ”, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно. 2.Шүүх дараах үүргийг хүлээлгэнэ: 2.2.зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч О.Ё-д 1.200.000 төгрөг, хохирогч Э.Ч-ад 1.400.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд гаргасан цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн хүсэлт /хх-ийн 73, 74/ зэргийг харгалзан шүүгдэгч Д.С-, П.Ц- нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах /согтуурах, мансуурах/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Д-ийн С-, Б овогт П-ын Ц- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.2, 9 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ийн С-, Б овогт П-ын Ц- нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах /согтуурах, мансуурах/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-, П.Ц- нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.  Д.С-, П.Ц- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.С-, П.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР