Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0147

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, нарийн бичгийн дарга Ч.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* /цахимаар/, хариуцагч З.О******* нарыг оролцуулан Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “...Дуудлага худалдаатай холбоотойгоор захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хэрвээ түдгэлзүүлэхгүй бол дуудлага худалдааг явуулаад гэрээ байгуулах шууд үнээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байхад Нийслэлийн Татварын газраас ийм зүйл зохион байгуулж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан түдгэлзүүлэхгүй байх үндэслэл байхгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу түдгэлзүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна.

Түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдалд хамаарахгүй. Харин түдгэлзүүлж болох нөхцөл байдалд хамаарч байгаа. Яагаад гэвэл энэ захиргааны актыг гаргаснаар дуудлага худалдаа зохион байгуулах, захиргааны хэргийн шүүхэд манайх нэхэмжлэл гаргасан байхад хүртэл хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан. Бид нар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба захиргааны хэрэг үүссэн байгаа гээд Татварын газарт удаа дараа албан бичиг өгсөн боловч үүнийг үл тоомсорлож, хүлээж авахгүй байгаа. Одоо болохоор манай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ байгуулах замаар гуравдагч этгээдэд өмчлүүлж өгнө гэдэг зүйлийг ярьж байгаа. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь гуравдагч этгээд орж ирэхээс сэргийлдэг, шүүхийн арга хэмжээ байгаа. Тэрийг шүүхийн практикт тогтоосон. Өөрөөр хэлбэл энэ захиргааны актын улмаас гуравдагч этгээд хэн нэгэн энэ хэрэг дээр орж ирэх бийдээ энэ асуудлыг хязгаарлаж таслан зогсоох зорилгоор нэхэмжлэгчид олгодог ганц хуулийн боломж. Иймд энэ актын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү гэж хүсэж байна. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргаад үүсгээд шалгаад явж байхад ийм ажиллагаа Татварын газрынхан хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулаад ийм байдлаар үр дагавар үүсгэх гээд байгаа юм аа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Ж******* ХХК-ийн өр нь дөнгөж сая үүссэн өр биш, 2009 онд үүссэн өр байгаа, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль хүчинтэй байгаа, 2009 онд 3.5 тэрбумын тайлангаар өр үүссэн байдаг. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргаад 3.5 сая төгрөгийг төлөх нь зөв байна гэдэг шийдвэр гараад тухайн үедээ шийдвэр гүйцэтгэлийн албанд ажиллагаа хийгдэж байсан. 2009 оноос 2019 оныг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн явцад 3 үл хөдлөх, 4 газрыг дуудлага худалдгаагаар оруулаад байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас тухайн зах зээлийн ханшийг үнэлгээний компаниар тогтоолгоход 413 сая төгрөг гэж тогтоосон. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас анхны дуудлага худалдааг тухайн үед 413 сая төгрөг, хуульд заасны дагуу 70 хувь гээд 289 сая төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлж зарласан, шийдвэр гүйцэтгэлийн материал дотор сонинд байршуулж байсан зар нь хавсралтаар авагдсан байгаа.

Нэхэмжлэгч компани өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргахад хуульд заасны дагуу түдгэлзсэн. Дуудлага худалдаа болоогүй. Гурван шатны шүүхээр яваад Хяналтын шатны шүүхийн тогтоол 2021 оны 6 дугаар сард наадмын өмнө гарсан. 413 сая төгрөгөөр үнэлсэн нь маргашгүй үнэн байна гэсэн. тухайн үед үнэлгээ тогтоогдоод гарсан дараа Монгол Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарсан, уг хуулийн 6 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн өрийг Татварын алба хураана” гэж заасны дагуу манайх Шийдвэр гүйцэтгэлийн албанаас тухайн “Ж*******” гэдэг компани дээр хийгдэж байсан ажиллагааг шилжүүлж авсан байдаг.

Маргаж буй акт нь тухайн татвар төлөгчид дуудлага худалдаа болно гэдгийг мэдэгдсэн мэдэгдэл.  Нийслэлийн Татварын газрын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гарч энэ  дагуу ажлын хэсгээс мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч компанийн зүгээс тавиад байгаа гол асуудал нь ерөнхийдөө манайд хугацаа өгөөч гэдэг асуудал. Өөрсдөө худалдан борлуулах гурван сарын хугацаа өгөөчөө гээд байдаг. Өр нь 2009 оноос хойш өдрийг хүртэл барагдаагүй байхад нэхэмжлэгч компани нь гурван сарын дотор барагдуулна гэдэг нь эргэлзээтэй асуудал...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас Нийслэлийн Татварын газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газрын Дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дугаартай, “Монголын татварын алба” Маягт-ДХ-05 “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдэл” гэх баримтад “Татварын албанаас татварын өрөнд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн /БХЗХТБАА/-аас 01/200925040150 дугаар "Хөрөнгө битүүмжлэх тухай акт"-тай "Ж*******" ХХК ний татвар төлөгчийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030742 дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ 17 дугаар хэсэг гудамж 1782Б тоот хаягт байршилтай 306 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2203002948 дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ гудамж нэгж талбарын 1462705858 дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн Сэлбэ /14020/ 1 дүгээр хэсэг гудамж 102 тоот хаягт байршилтай 190 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт...гэх мэт хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад Нийслэлийн татварын газар дээр дуудлага худалдаа зохион байгуулан худалдан борлуулахаар шийдвэрлэснийг мэдэгдье.” гэж дурдан Дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Б.Сүхбаатар гарын үсэг зурж Нийслэлийн татварын газрын тамгыг дарсан байх ба уг албан бичгийн хавсралт Дуудлага худалдааны зараас үзвэл Нийслэлийн Татварын газрын 2021 оны А/61 дүгээр тушаалаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар хэсэгт байршилтай Зуслангийн зориулалттай хувийн орон сууц 3 үл хөдлөх хөрөнгийг 4 эзэмшил газрын хамт дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн” байна.

Нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газрын Дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа боловч дэлхий дахинд Корона вирусын халдвар тархаж өнөөдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээ тухайн үеийнхээс 40 гаруй хувиар өссөн...зарим хөрөнгийг үнэлгээнд оруулалгүй орхигдуулсан, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийг зөрчсөн...үе шаттайгаар хэрэгжүүлээгүй...” гэж тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаж, түүний үндэслэлээ “...энэ захиргааны актыг яаралтай түдгэлзүүлээгүй нөхцөлд манай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ байгуулах замаар гуравдагч этгээдэд шууд өмчлүүлж өгнө гэдэг зүйлийг ярьж байгаа. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь гуравдагч этгээд орж ирэхээс сэргийлдэг шүүхийн арга хэмжээ. Өөрөөр хэлбэл энэ захиргааны актын улмаас гуравдагч этгээд хэн нэгэн энэ хэрэг дээр орж ирэх асуудлыг хязгаарлаж таслан зогсоох зорилгоор нэхэмжлэгчид олгодог ганц хуулийн боломж...” гэж тодорхойлсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны актын биелэлтийг дараах тохиолдолд түдгэлзүүлж болохгүй”, 62.1.2-т “хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол” гэж заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компаниас 3 566 149 600 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр болсон энэхүү шүүхийн шийдвэрт заасан татварын өрийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн татварын өрийг татварын алба хураана” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Нийслэлийн Татварын алба хүлээн авснаар татварын өрийг барагдуулах ажиллагаа явагдаж байгаа, уг ажиллагааны хүрээнд дээрх “Дуудлага худалдааны мэдэгдэл”-ийг гаргасан нь тус тус тогтоогдож байна.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 306 дугаар тушаалаар батлагдсан “Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Татварын ерөнхий хуулийн 68.2-т заасан татварын албаны битүүмжилсэн хөрөнгө, барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 2.2-т “Өртэй татвар төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх соёлын өвд хамаарах үнэт зүйлс, тусгай зөвшөөрөл зэргийг хууль тогтоомжид заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна”, 2.3-т “Өртэй татвар төлөгчийн энэ журмын 2.2-т зааснаас бусад бусад хөрөнгийг энэ журмын 2.1.2-т заасны дагуу үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулна” гэж тус тус заажээ.

Эдгээрээс үзвэл Нийслэлийн Татварын газрын “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/01 дүгээр мэдэгдэл нь нэхэмжлэгчээс, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон татварын өрийг төлүүлэхээр гаргасан утгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.2-т заасан, хуулийн этгээдээс “албан татвар гаргуулах тухай” шийдвэрт хамаарч байх тул түдгэлзүүлж болохгүй нөхцөлд хамаарч байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүгчийн энэхүү захирамжид бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН