Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00088/И |
Дугаар | 147/ШШ2024/00134 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 147/ШШ2024/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ын,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1983 оны 06 дугаар сард 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлт авч гарсан. ... ажиллаж байгаад 1985 оны хавар цэрэгт татагдаж цэргийн алба хаасан. 1988 оны намар цэргээс халагдаж ирээд дахин .. нэгдэлдээ хурга малласан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1983-1985, 1988-1989 онуудад ... тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/25 дугаар лавлагаа (Ч овогтой Г 1983-1984, 1988-1989 онуудад ... ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),
... даргын 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тушаалын хуулбар (илгээлтийн эздийг ажилд томилсон тухай хавсралтын 3 дугаарт Ч-ийн Г гэсэн бичиглэл бүхий), гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ш.Б, Ч.Бнараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Г нь 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ... ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Б овогт Ч.Г нь 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ... ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/25 дугаар лавлагаа (Ч овогтой Г-н 1983-1984, 1988-1989 онуудад ... ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),
... даргын 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тушаалын хуулбар (илгээлтийн эздийг ажилд томилсон тухай хавсралтын 3 дугаарт Ч.Гмалчнаар гэсэн бичиглэл бүхий),
5. Гэрч Ш.Б-ны шүүхэд өгсөн: “...Ч.Г нь 1983 онд 8 дугаар анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр гарч ...-д аав, ээжийнхээ хамт бог, бод мал маллаж байсан. Ч.Г нь 1986 онд хавар цэрэгт яваад 1988 оны намар цэргээс халагдаж ирсэн. Бид хоёр нэгдэлд хамт нэг бригадад, нэг суурьт хамт мал маллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. “Хажуу”, “Хужирт”, “Энгэрийн булаг” “Гайхамшиг” гэх газруудаар айл саахалт нутаглаж нэг гол усаар нутагладаг байсан. Нэгдэл хувьчлагдах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ч.Б-ий шүүхэд өгсөн: “... Ч.Г 1983 онд 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлт авч ... байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн малаа малласан. 1983 оноос эхлээд нэгдэл хувьчлагдах хүртэл 1991 оныг хүртэл малчин байсныг нь сайн мэднэ. Би 1980-1991 оныг хүртэл ... нэгдэлд үхэр, адуу маллаж байсан” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Б-ий овогт Ч.Г 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ... тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Б овогт Ч.Г-н 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ... тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА