| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00100/И |
| Дугаар | 147/ШШ2024/00135 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 147/ШШ2024/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Г
Хариуцагч: П.М (цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч П.М-д холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь 2012 онд П.М-той танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20.. оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Ц төрсөн. Бид тодорхойгүй шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан болохоор охиноо өөрийн нэрээр овоглосон. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тус тусдаа амьдрах болж, охин Ц надтай хамт амьдарч байгаа. Бид тус тусын амьдралтай, гэр бүлтэй болцгоосон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Г.Ц-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч П.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Г бид хоёр 4 жил гаруй хугацаагаар хамт амьдарсан. Зан харьцааны хувьд таарамж муутай байдаг байсан. Бид тусдаа амьдраад 8 жил болж байна. Би ...-т ажил хийдэг. Охин Ц нь миний охин мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, охин Г.Ц-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай ... өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, *******ийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/106 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын ... сургуулийн тодорхойлолт (Г овогтой Ц нь тус сургуулийн Ц.М багштай .. ангид суралцдаг нь үнэн гэсэн бичилт бүхий) зэрэг баримтуудыг,
4. Хариуцагч П.М шүүхэд хариу тайлбарыг нотлох баримтаар тус тус ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч П.М-д холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч А.Г, хариуцагч П.М нар нь 2012 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 20.. оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Г.Ц төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн ... Бид тодорхойгүй шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан болохоор охиноо өөрийн нэрээр овоглосон. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Бид тус тусын амьдралтай, гэр бүлтэй болцгоосон. Охин Г.Ц-ийн эцэг нь П.М мөн тул эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэх тайлбар, хариуцагч П.М-ын “... охин Г.Ц нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлнө, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
4. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Г.Ц-г насанд хүртэл эцэг П.М нь сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч П.М-с тэтгэлэг гаргуулж, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Г.Ц-г тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.М-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн А овогт Г-н Ц /РД:.../-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.М-р тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.М-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болох гүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА