| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2113001380157 |
| Дугаар | 2022/ДШМ/05 |
| Огноо | 2022-01-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ДШМ/05
Т.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А-д холбогдох эрүүгийн 2113001380157 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс ****, *** төрсөн, ** настай, эрэгтэй, **боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ***оршин суух хаягтай, урьд нь:
1. Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 21/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Т. А-, /РД:**********/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхболдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 123 дугаар яллах дүгнэлтээр Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор:
1. Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Миний бие цагдаагийн байрны доор баривчлагдаж байх үед мөрдөн байцаагч цагдаагийн ахмад н.Нурболат надаас байцаалт авна гэж өөрийнхөө өрөөнд оруулж, хэдэн зүйл асууж байгаад хэдэн бичгийн цаасанд гарын үсэг зуруулсан, миний хэргийг урьд нь зохиож бичиж ирээд надаар гарын үсэг зуруулсан, Монгол хэл мэдэхгүй намайг гэрчээр асууж, өмгөөлөгч, орчуулагч оролцуулахгүйгээр эрхийг маань зөрчлөө. Өмгөөлөгчтэй уулзуулаагүй.
2. Чамайг прокуророос уучилж гаргахаар боллоо гэж хэлээд хэргийн материалыг танилцуулалгүй, шууд гарын үсэг зуруулсан.
3. Нөгөөтээгүүр улсын яллагчаас санал болгосон ялаас хэтрүүлэн ял оноож, миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.
4. Намайг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
5. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй бичигдсэн.
6. Хууль сахиулагчийг эсэргүүцсэн зүйл огт байхгүй. Түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зүйл огт гараагүй. Зүгээр хоорондын үл ойлголцол байсан.
7. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.
Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Хэргийн материалыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн зүгээс яллагдагч болон түүний өмгөөлөгчтэй холбогдож мэдэгдэж, үүний дараа яллагдагч танилцсан тухай тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан хэргийн материал танилцуулсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа учраас яллагдагчийн гаргасан гомдлын эхний үндэслэлийг ханган шийдвэрлэх боломжгүй байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.А-ыг нэг удаа байцааж байсан. Тухайн байцаалтад улсын өмгөөлөгч Х.Алтынгүлийг оролцуулж байсан.
4. Мөрдөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахад орчуулагч авах, оролцуулах тухай асуусан нь хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлд тусгагдсан.
5. Энэ хэрэгт урьдаас бэлдэж, зохиомол байдлаар хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Прокурор, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч прокурортой ял тохиролцоогүй учраас хэргийг ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн.
6. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу үйлдэгдсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.А-ын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
3. Шүүгдэгч Т.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхболдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн нь:
- хохирогч Б.Мөнхболдын “...Тухайн үед аймгийн хэмжээнд гурван хоног цахилгаан тасарсан үед хяналтад байгаа хүмүүсийг биечлэн хяналт тавьж байсан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан Т.А-, С.С нарын цахим бугуйвч ажиллахгүй байсан тул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж цахим бугуйвчаа янзлуул гэж дуудсан боловч товлосон цагтаа ирээгүй байсан. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан Т.А-д хяналт тавих зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын техникийн хяналтын ажилтан Ж.Нэргүйтэй хамт Т.А-ын гэрт очсон үед Т.А- нь гэртээ байхгүй байсан. Тэгээд түүнийг гэрийнх нь ойролцоо газруудаар хайгаад явж байхад Хотгорын уурхай руу явах засмал зам дагуу Мустанг загварын мотоциклтэй явж байхад олж авсан. Тухайн үед Т.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай мотоцикл жолоодож явж байсан тул миний бие Т.А-ад хандаж “чи яагаад согтуугаар мотоцикл жолоодож явж байгаа юм бэ” гэж асууж түүнд согтуугаар мотоцикл жолоодохгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан үед Т.А- нь миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж гарт нь байсан цэнхэр өнгийн хамгаалах малгайгаар миний толгой тус газарт хоёр удаа цохих үед түүний гарт байсан хамгаалах малгай нь хагарсан. Мөн зам дагуу байсан чулууг авч над руу шидсэн боловч уг чулуу нь намайг оноогүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
- гэрч Ж.Н-ийн “...хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Мөнхболдын хамт Өлгий сумын 9 дүгээр баг руу 15 цаг 00 минутын үед Т.А-ын гэр рүү явсан. Очиж явах замдаа Т.А-, С.С хоёртой замд тааралдсан. Т.А- Мустанг 5 загварын мотоциклыг жолоодож явсан ба хойно нь С.С суугаад явж байсан. Тэгээд Т.А-, С.С хоёрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж цахим бугуйвчаа янзлуул гэж хэлээд биечилсэн хяналт тавьсан эсэхээ баримтжуулахаар зураг авах гэтэл зураг авуулахгүй гээд эсэргүүцсэн. Тэгэхэд манай ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхболд машинаас буугаад Т.А-ын мотоциклийн түлхүүрийг авсан. Т.А- гаднаас нь харахад их согтолттой байсан нь анзаарагдаж байсан. Т.А-ын мотоциклын түлхүүрийг авахад дэслэгч Б.Мөнхболд руу салаавч өгч, гартаа барьж байсан каскаараа дэслэгч Б.Мөнхболдын толгойн тус газарт цохиод дахиад цохиход би бичлэг хийж байснаа болиод Т.А-ыг араас нь тэвэрч боогоод өчиж газарт унагааж үйлдлийг нь таслан зогсоож цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 23 дахь тал/
- гэрч С.С-ын “...Т.А- бид хоёрыг 15 цаг 00 минутад аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирээрэй гэж ахмад Б.Дарханбек хэлсэн. Цаг харахад 14 цаг 24 минут болсон байсан, тэгээд Т.А- мотоцикл унаад би ард нь суугаад Т.А-ын гэрээс гарсан. Гараад явж байхад замд Өлгий сумын 9 дүгээр багт Петровис колонкийн цаахан талд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 алба хаагчтай тааралдсан. Бид хоёрыг зогсож бай гэхээр нь замын хажууд бид хоёр мотоциклтой зэрэгцээд зогссон. Тэр хоёр хүн бид хоёроос “та хоёр энэ Бердиболатыг харсан уу” гэж асуусан. Бид хоёр “хараагүй” гэсэн. Тэгээд тэр хоёр алба хаагч бид хоёрыг “та хоёр явж бай, гэхдээ та хоёрын зургийг авъя” гэсэн чинь Т.А- “зураг авхуулахгүй” гэж тэр хоёр алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж буруу харсан. Би харин камер руу хараад зургаа авхуулсан. Би Т.А-ад “зургаа авхуулчих, чи бид хоёр угаасаа хуулийн дагуу ял эдэлж байгаа, эсэргүүцэх ямар ч шаардлага байхгүй” гэж хэлсэн ч уурлаад намайг “мотоциклоос буу” гээд буулгасан. Мотоциклоосоо буугаад данхраадчихаад Т.А- хамгаалах малгай /каск/-аа баруун гарт бариад дэслэгч Б.Мөнхболд руу далайж байснаа эхлээд 1 удаа өшиглөсөн. Дараа нь каскаараа 2 удаа Б.Мөнхболдын толгой руу цохисон, тэгээд каск нь Т.А-ын гараас уяа нь тасарч хашаанд цохигдож хагарсан. Т.А- газраас 1 ширхэг хүний атгасан гарын дайны чулуу авч Б.Мөнхболд руу шидэхэд Б.Мөнхболд доошоо суугаад оногдоогүй. Тэгээд тэнд Б.Мөнхболдтой цуг явж байсан дэслэгч Ж.Нэргүй Т.А-ыг барьж аваад газарт унагаагаад гарыг нь ард нь хийгээд дарсан. Дараа нь 20 минутын дараа цагдаагийн алба хаагч нар ирээд Т.А- бид хоёрыг цагдаа руу аваад явсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24 дэх тал/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №411 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч Т.А-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ СД бичлэг, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургуудаар /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ давхар нотлогдон тогтоогджээ.
4. Шүүгдэгч Т.А-ад холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, СД бичлэг, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь Т.А-ыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ. Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Т.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэн, хохирогч Б.Мөнхболдын албан үүргээ биелүүлэхтэйн нь холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан халдашгүй байх, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
6. Иймд шүүгдэгч Т.А-ыг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
7. Шүүгдэгч Т.А-ын гаргасан “...хэргийн материалтай танилцуулаагүй, миний хэргийг урьдаас зохиож бичиж надад гарын үсэг зуруулсан, улсын яллагчаас санал болгосон ялаас хэтрүүлэн ял оноосон, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой...” гэх агуулга бүхий гомдлыг хянан үзэхэд шүүгдэгч нь Т.А-ын эрхийг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд зааснаар нэг жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ