Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолтой,

шүүгдэгч  Т.Б-д холбогдох эрүүгийн 2113001570191 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Т.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс ****, *** өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ** хүнтэй, *** оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 2013 оны 6 дугаар сарын 06-нд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан Т.Б- /РД:**********/ нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө тус аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч И.Н-гийн 2 тооны сарлаг үхэр буюу олон тооны бог малыг хулгайлж, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153 дугаар яллах дүгнэлтээр Т.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  2022/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Шүүгдэгч Т.Б- би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хохирогч И.Н-н 2 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн явдалд чин санаасаа гэмшиж байна.

2. Т.Б- би мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй байна. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,500,000 төгрөгийн үнэтэй, хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь болон эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэтэй, гар хийцийн эмээлийг тус тус хураасан явдлыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт төлөх 1,600,000 төгрөгийг бүрэн барагдуулах болно гэдгийг хариуцлагатай хэлье.

3. Иймд Т.Б- надад анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил, 4 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь эсгийн 2.1-т зааснаар үйлдсэн гэмт хэргээ чин санаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн гачигдалтай байдлыг тус тус харгалзан үзээд 4 сарыг хасаж, 1 \нэг\ жилийн хорих ял болгон бууруулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

            Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1. Шүүгдэгч Т.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг бүхий бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон.

2. Шүүгдэгчээс тус гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа явцад тогтоогдсон болохоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж, холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

3. Шүүхээс хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг тооцож ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангасан байна хэмээн шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эрх хэмжээ нь шүүхийн эрх мэдлийн асуудал. Шүүх энэхүү яллах, өмгөөлөх нөхцөл байдал, хэргийн үйл баримт, Т.Б-ы хувийн байдал зэргийг харгалзан үзэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Т.Б-ы хувьд 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэнд тооцож, 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэж байсан. Шүүхээс урьд нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд бүрэн хэмжээгээр буюу 50 хувиар бууруулаагүй хэмээн үзэж дүгнэсэн.

4. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, үндэслэл бүхий байгаа тул хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтээ гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ы гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

2. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны яцад болон анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

4. Шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч И.Н-н 2 тооны сарлаг үхэр буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

5. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Б-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хуульчилсан “бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг”-ээр зүйлчилж, түүнийг гэм буруутайд тооцсон нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны болоод гэм буруугийн зарчмуудад; түүнд мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой нийтлэг зохицуулалтууд, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж, нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас тус тус дүгнэв.

 

6. Шүүгдэгч Т.Б-ы давж заалдсан гомдолд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар оногдуулсан нэг жил дөрвөн сарын хорих ялыг хөнгөрүүлэн нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч шүүх уг заалтыг хэрэглэхдээ мөн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчмуудад тохируулж, шударга ёсны зарчмыг баримтлах ёстой.

 

7. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар оногдуулсан нэг жил дөрвөн сарын хорих ял нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж үзвэл, түүний үйлдсэн олон тооны мал хулгайлах санаатай гэмт хэрэгт нь тохирсон, шударга ёсны зарчим хангагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн учраас шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК