Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0901

 

 

023         11           28                                      128/ШШ2023/0901

                                               

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“З******” ХХК, /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Б,

Хариуцагч: А***** хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.Д нарын хоорондын үүссэн, “З****” ХХК-ийн XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А***** к*н хэлтэст даалгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:             

         Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “З******” ХХК-ийн XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А***** к*н хэлтэст  даалгах гэж тодорхойлжээ.

1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, өөрчлөх, багасгах хүсэлтийг гаргаагүй болно.

Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

1.Тус компани нь ***** аймгийн Б**********сумын У** нэртэй газарт байрлах ***,** га талбайд XV-******дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оноос эзэмшиж, хуулиар хүлээсэн үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хайгуулын ажлын төлөвлөгөөг жил бүр батлуулан хайгуул хийн ажиллаж ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 20** оны ** дугаар сарын **-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 24-ий өдрийн */**** тоотоор А****** газар манай компанид мэдэгдсэн байдаг. Тус компаниас XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гарган, хүсэлтдээ компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт зэргийг хавсарган А***** к*н хэлтэст хандсан боловч Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө байхгүй бүрдэл дутуу гээд аваагүй. Харин 2021 оны 09 дүнгээр сарын 17-ны өдөр XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах материал бүрдүүлж өгөх хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, дутуу материалаа бүрдүүлээд ир гэсэн. Энэ үйл баримт А****н к-н хэлтсийн ирсэн бичиг шийдвэрлэсэн бүртгэлийн картаар нотлогдоно. /Бүртгэлийн хуулбарыг хавсаргав./ Хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь сунгалтын жил болох 2019-2021 онуудад манай улс болон дэлхий даяар Корона вирусын "Ковид-19" халдварт цар тахлын улмаас **** богино хугацаагаар хорио цээрийн дэглэмийг улс орон даяар тогтоож, манай компанийн хайгуулын талбай байрлах ***** аймгийн Б**********суманд ч Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авагдаж, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, Улаанбаатараас орон нутагт зорчих автомашин болон нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарлагдмал байсан нь ***** аймгийн Засаг даргын болон Б**********сумын Засаг даргын захирамжаар тогтоогдоно.

Бид Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Б**********сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар батлуулан, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр А***** газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох бүрдүүлбэрийн хамт дахин гаргасан. А****** газар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн тул хүсэлт шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйг тогтоож, XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэрээр "З******” ХХК-ийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг А***** к*н хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Харин Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлын тухайд хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлд шүүх дүгнэлт өгөх боломжгүй энэ нь бие даасан захиргааны акт бөгөөд хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй нөхцөлд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

Энэ шийдвэр нь нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан асуудлаар тусдаа нэхэмжлэл гаргаж маргахад саад болохгүй тухай дурдаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц А***** к*н хэлтэст "З******” ХХК-ийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гаргасан хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан. А-*н хэлтсээс танай компанийн хүсэлтэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5-д заасны дагуу амаар хариу өгсөн. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэсэн хариуг 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн **/****дугаар албан бичгээр өгсөн. Уг хариуг хүлээн аваад А****н к-н хэлтсийн дээд шатны байгууллага болох А***** газарт гомдол гаргасан. А****** газар нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний */****албан бичгээр XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн тул дор дурдсан үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийн холбогдох баримт болох Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс 20** оны ** дугаар сарын **-ний өдөр нөхөж ирүүлсэн шалтгааныг хуульд заасан "Хүндэтгэн үзэх шалтгаан"-д хамаарна гэж дүгнэсэн.

2. "З******” ХХК-ийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрөөр огноолсон */**дугаартай албан хүсэлтийг Ирсэн бичгийн бүртгэлд бүртгэн авч, улмаар нэмэлт нотлох баримтуудыг ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг бүртгэхээр шийдвэрлэсэн байх боловч, энэ талаар хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдээгүй, хугацааг тодорхой заалгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэсэн. Мөн хариуг амаар өгсөн гэх боловч тэмдэглэл үйлдээгүй тул хариу өгсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Шүүх шийдвэртээ дүгнээд байгаа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт байсан. Шүүхийн шийдвэрт зааснаар манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг холбогдох баримтын хамт захиргааны байгууллага хүлээн авч, зохих ёсоор шийдвэрлэсэн бол энэхүү нэхэмжлэлийг гаргах шаардлагагүй юм. Гэтэл төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан хүсэлт шүүхийн шийдвэрт заасан хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч шийдвэрлэхийг даалгасан шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэрлэхээс татгалзсан.

3.Төрийн захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа оролцогчийн хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж заасан. Ашигт малтмалын хайгуулын XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "З******” ХХК-ийн хувьд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзах үндэслэлгүй байхгүй гэж үзэж байгаа болно.

Иймд "З******” ХХК-ийн XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, ХѴ-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А***** к*н хэлтэст даалгаж өгнө үү.

Жич: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дугаар шийдвэрт Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шаардлагын тухайд хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй. Энэ шийдвэр нь нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан асуудлаар тусдаа нэхэмжлэл гаргаж маргахад саад болохгүй тухай дурдаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т хамааралгүй юм.

“З" ХХК-ийн 20** оны ** дугаар сарын **-нд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаа дуусах байсан. 20** оны ** дүгээр сарын **-нд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан. Өмнөх шүүх хуралдаанаар бол орон нутгаас заавал авах шаардлагатай тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн байрлалд байгаа "Орон нутгийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг" тухайн сум, орон нутгийн Засаг дарга, байгаль орчныг хамгаалах байгаль хамгаалагчаар батлуулж ирүүлэх ёстой байсан. Гэтэл Ковид цар тахлын үед хөл хориотой буюу карантинд байсан учраас уг "Орон нутгийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг" авч чадаагүй. 20** оны ** дугаар сарын **-ний өдөр бүрдлийн талаар асуудлаа тавьсан. Бид нар 20** оны ** дүгээр сарын **-нд өргөдлөө гаргаад, холбогдох нотлох баримтад үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хангалттай тусгаад бичсэн байгаа. Үндэслэл үсгээр хөөцөлдөх биш, агуулгаар нь явах ёстой. ***** аймаг нийслэлээс 1000 гаран км зайд байдаг. Тэгэхээр нэг удаа хайгуул хийхээр явахад ямар их зардал гардаг билээ. Тэр хүмүүсийг цааш, нааш зөөж авчирч, татвар төлөгчдийн мөнгийг үрж татвар төлөгчдийн мөнгөөр асар том аппарат ажиллаж байгаа. Захиргааны ерөнхий хуульд сунгах заалт байгаа, хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж дүгнээд сунгуулах тухай хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжтой, холбогдох баримтын хамт гэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22-д заасан тусгай зөвшөөрлийн хуулбар, хайгуулын тусгай зөвшөөрлийн "Орон нутгийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө" байсан. Нэгэнт шүүх дүгнээд зохих журмаар шийдвэрлэ гэж байхад энэ асуудлыг хүлээж авсан байхад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гээд байгаа нь "З******” ХХК-ийн эрх ашгийг бүхэлд нь хохироож байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

2.2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэг.“***** аймгийн Б**********сумын нутагт орших "****" нэртэй 409.34 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын **-****** дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын К-н х-н даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 841 дүгээр шийдвэрээр "З******” ХХК-д анх олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.1. хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 22.1.2. үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4. хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" гэж заасан. "З******” ХХК нь дээр дурдсан хуулийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын **-****** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй байна.

Хоёр: "Захиргааны ерөнхий хууль"-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж хуульчилсан.

Гурав: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 0834 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “З******” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын **-******дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус компанийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг ... хариуцагч К-н х-т даалгаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж 2023 оны 0132 дугаартай магадлалыг гаргасан. Уг магадлалыг хянавал хэсгийн 4 дүгээрт үлдэх **-******дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй" байна гэж дүгнэсэн. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг Кадастрын хэлтэс биелүүлж "З" ХХК-ийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн хүсэлтэд 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн **/****дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн.

Дөрөв: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан.

2022 оны */** дугаартай албан бичгээр сунгуулж өгнө үү гэж байна. Хойшлуулах хүсэлтийг сунгуулах хүсэлт гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх дээр яагаад сунгуулахыг даалгаагүй гэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Тухайн үед 2021 онд цар тахал зогсчихсон байсан. Бид нар өргөдөл өгсөн гэж зүйл яриад байна. Сунгуулах өргөдлөө өгсөн гэж байна. Өмнөх хэргийн материал Өнөөдрийн хавтаст хэрэгт өргөдлөө өгсөн гэдэг нэг ч баримт байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, бид нар шүүхийн шийдвэр биелүүлсэн учир эс үйлдэхүй гаргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан. 2022 онд буцаад сэргэсэн тусгайлсан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Нэгэнт тусгай зөвшөөрөл сэргээгүй байж хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хүлээж авах ямар ч боломжгүй. Өнөөдрийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны үйл баримтад:

    1.1.Энэ хэргийн маргааны үйл баримтаар нэхэмжлэгч “З******” ХХК-ийн  эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-******дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгаа А*****н газрын К-н х-н үйлдэл”-ийг хэлэлцсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч “З******” ХХК нь А-н К-н хэлтэс /тухайн үеийн нэрээр/-ийн даргын  2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр *****  аймгийн Б**********сумын нутаг дэвсгэрт орших, У** нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-******дугаартай тусгай зөвшөөрөл авч, 409.34 гектар талбайд хайгуулын ажил явуулах анх эрх үүссэн болох нь уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /ХХ-н 10 дахь тал/-гээр тогтоогдож байна.

2.2.Нэхэмжлэгч “З******” ХХК-ийн эзэмших XV-******дугаартай тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн хугацаа нь 20** оны ** дугаар сарын **-ны өдрөөр дуусгавар болох  /ХХ-н 14 дэх тал/ байжээ.

2.3.“З******” ХХК нь “уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтээ 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гаргасан,  уг хүсэлтийг нь шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан 2022 онд нэхэмжлэл гаргажээ.

   2.4.Ингэхдээ “З******” ХХК нь өмнө шүүхэд гаргасан буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/20**/****/*индекстэй хэрэг дэх  нэхэмжлэлийн шаардлагаа:

1/”З******” ХХК-ийн ***** аймаг, Б**********сумын У** нэртэй газарт байрлах ***,** га талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-******дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

2/XV-******дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А***-н газарт даалгах” гэж тодорхойлж байжээ.

2.5.Уг нэхэмжлэлийн шаардлагаар шүүхээс захиргааны хэрэг үүсгэн шалгаад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэрээр “З******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “З******” ХХК-ийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг А***** к*н хэлтэст даалгаж, үлдэх шаардлага болох XV-******дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А***-н газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /ХХ-н 14-18 дахь тал/

2.6.Шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/20**/****/*индекстэй хэрэгт хэлэлцэгдсэн асуудал нь нэхэмжлэгч “З******” ХХК-иас “тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах” хүсэлт зоригтой болохоо илэрхийлж, нэмэлт материал шаардахад нь материалаа бүрдүүлээд ирэхэд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзээд өргөдлийг хүлээж аваагүй  нь хууль бус эс үйлдэхүй гэж,  хариуцагч А-н к-н хэлтэс нь тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг шаардлага хангуулж ирүүлээгүй, заасан хугацаанд нэмэлт баримт ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон тул хугацаа сунгах боломжгүй гэх үйл баримтаар мэтгэлцжээ. /20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/

2.8.Иймд дээрх үйл баримтуудыг шүүхэд нэгэнт хянан хэлэлцэгдсэн асуудлууд гэж үзнэ.

2.9.Дээрх үйл баримтуудыг хянаад  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэрт:

2.9.1.“... Нэхэмжлэгч компанийн захирал Э.Төрбилэгээс 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 5/47 дугаар бүхий албан бичгийг А***-н газарт гаргаж түүндээ “... сунгуулах материалуудаа хүлээлгэн өгөх өдөр 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусаж байгаа, мэргэжилтэн С.Э Ковид-19 туссан ... тул бүрэн бүрдүүлж чадаагүй ... хүндэтгэн үзэж хугацааг сунгаж өгнө үү, төлбөрөө холбогдох дансанд шилжүүлсэн” гэж дурдсан, А***** г-н “Ирсэн бичиг хэвлэх хуудас”-ны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлд 3271 картын дугаараар хүлээн авч 5 хуудас баримт бичиг гэж бүртгэсэн, улмаар “Шийдвэрлэсэн байдал” хэсэгт Мэргэжилтэн Н.Х-с  “хариу өгсөн 2021 оны 10 дугаар сарын 04, Хэлтсийн даргад танилцуулсны үндсэн дээр нэмэлт нотлох баримт ирүүлсэн тохиолдолд сунгуулах өргөдлийг бүртгэхээр болов” гэсэн тэмдэглэл үйлдсэн болох нь тус компанийн гаргасан хүсэлт болон хариуцагч байгууллагын бичиг хэргийн бүртгэл-хяналтын карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж;

2.9.2.”... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч “З******” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон */**дугаар албан хүсэлтийг Ирсэн бичгийн бүртгэлд бүртгэн хүлээж авсан, улмаар нэмэлт нотлох баримтуудыг ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэхээр шийдвэрлэсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдээгүй, хугацааг тодорхой заалгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж;

2.9.3.”... хариуцагч захиргааны байгууллагаас нэмэлт нотлох баримт ирүүлэх хугацааг заагаагүй нээлттэй үлдээсэн, нөгөө талаар  нэхэмжлэгч “З******” ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр */**дугаар хүсэлтийг хүргүүлэхдээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бусад бүх баримтуудыг бүрдүүлж ирүүлсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй ба Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 20** оны ** дугаар сарын **-ний өдөр бүрдүүлж мөн өдрөө хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн” гэж;

2.9.4.” ... ***** аймгийн Б**********сумын Засаг даргын “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжуудад зааснаар тухайн бүс нутагт хөл хорионы дэглэм үргэлжлэн үйлчилж байсан нь тогтоогдсон, энэ нь  хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон гэж заасан “хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна” гэж; 

2.9.5.”... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь тухайн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйтэй уялдаж байхыг шаардах бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч захиргаа нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж;

2.9.6.” ... шүүх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлд дүгнэлт өгөх боломжгүй” гэж;

2.9.7.Энэ шийдвэр нь нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан асуудлаар тусдаа нэхэмжлэл гаргаж маргахад саад болохгүй” гэж дүгнэлт хийжээ.

2.10.Ийнхүү дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд уг шүүхийн шийдвэрийг гарах үед захиргааны байгууллага нь “З******” ХХК-ийн XV-0*********дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй  одоогоор байхгүй, тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан өргөдлийг нь хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй гаргасан гэх агуулгатай дүгнэлтийг хийсэн байна.

2.11.Үүний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 128/ШЗ20**/****дугаар захирамжаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж,  мөн өдрийн огноотой 128/ГХ20**/**** дугаар Гүйцэтгэх хуудас бичигдэж, тус шүүхээс мэдэгдэл хүргүүлж байжээ. /ХХ-ийн 51-60 дахь талд/

2.12.Дээрх шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч “З******” ХХК нь А***** к*н хэлтэст хандан 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 07/03 дугаар албан бичгээр “... хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр гаргасан боловч бүрдүүлбэр дутуу үндэслэлээр хүлээн аваагүйг  шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гаргасан талаар дурдаж, мөн шүүхэд асуудлыг хянаж байх хугацаанд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  батлуулж, К-н х-т хүлээлгэн өгчихсөн” гэдгээ тайлбарлаж, XV-0*********дугаар хайгуулын  тусгай зөвшөөрлөө сунгаж өгөхийг хүссэн хүсэлтээ бичгээр гаргасан, уг хүсэлтийг нь хариуцагч  А-н к-н хэлтэс хүлээн авсан болох нь хариуцагч гаргаж өгснөөр нотлогдож байна.  /ХХ-н 62 дахь тал/

 

2.13.Ийнхүү нэхэмжлэгч “З******” ХХК-иас  Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө өгсөн өмнө гаргаад өгчихсөн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа XV-0*********дугаар хайгуулын  тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ бичгээр гаргасан болох нь уг хүсэлтийг хариуцагч А-*н хэлтсээс нотлох баримтаар гаргаж ирүүлснээр нотлогдож байна.

2.14.“З******” ХХК-ийн уг хүсэлтийн хариуг А***** г-н 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн **/****дугаар албан бичгээр  “ ... “З******” ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XY-*******/ХV-******гэсэн бололтой/ дугаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд  буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаа сунгуулах өргөдлийг, түүнд хавсарган ирүүлэх баримт бичгийн хамт ирүүлээгүй” гэж, “шүүх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон”, “... шүүхийн шийдвэрийг биелүүлж танай компаниас 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр ирүүлсэн */**дугаартай албан бичигт үүгээр хариу өгөн хуулийн дагуу шийдвэрлэж байгаа” гэх хариуг өгсөн байна. /ХХ-ийн 88 дахь талд/

2.15.Дээр дурдсанаар “З******” ХХК-ийн  шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа XV-0*********дугаар хайгуулын  тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ бичгээр гаргасан болох уг бичиг А***** к*н хэлтэст хадгалагдаж байгаагаар нотлогдож байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д “хүсэлтээ гаргаагүй, холбогдох баримтаа өгөөгүй тул сунгах боломжгүй, тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн материалд өргөдлөө сунгуулахаар гаргасан баримт байхгүй”  гэж тайлбарлаж байгааг илт үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.

2.15.Хариуцагч А-н к-н хэлтэс нь “З******” ХХК-ийн ХV-********дугаар тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтэд хавсаргасан баримтыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан гэдгээр огт хүлээж авахгүй байгаа” гэх агуулга бүхий тайлбар гаргасныг няцаах баримт хариуцагчаас гаргаагүй болно.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ...” гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө гаргасан байвал зохих хугацааг тогтоож өгсөн заалт байна.  

3.2.Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч “З******” ХХК нь  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан журмын дагуу 1 сарын өмнө гаргахдаа зохих баримтыг бүрдүүлж гараагүй байх ба ийнхүү хуульд заасан хугацаанд өргөдлөө бүрэн бүрдүүлж гаргаагүй шалтгаанаа компанийн инженер Ковид-19 цар тахлын улмаас хөл хорионд орсон, Байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй ***** аймагт хөл хорио тогтоосон байсан гэж тайлбарлаж, үүнийгээ нотлох баримтыг гаргасан ирүүлснийг дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэрт “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж дүгнэсэн  байна.

3.3.Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэрт “З******” ХХК-ийн 20** оны ** дүгээр сарын **-ны /Захиргааны байгууллагад хүлээж авч бүртгэсэн огноо нь 17-ны өдөр/ өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй хууль бус болохыг тогтоосноор тус компанийг хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргасан гэж үзсэн хууль зүйн үр дагавартай.

3.4.Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “З******” ХХК тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа үйлдэлд холбогдуулан нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сард А-н  К-н х-т хандсан болон шүүхэд 2022 оны 01 дүгээр сард хандан гомдол, нэхэмжлэлээ гаргаснаар “тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа” нь тасалдах буюу захиргааны байгууллага уг хугацааг зогсоон, маргаан эцэслэн шийдвэрлэсэн үеэс үргэлжлүүлэн тоолох ёстой.

3.5.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “З******” ХХК нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацааны дотор бүрдэл дутуу боловч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдлөө гаргасан байх бөгөөд А-н  кадастрын хэлтсээс уг өргөдлийн дагуу нэмж баримт гаргуулахаар шийдвэрлэснээс хойш өргөдлийг зохих ёсоор шийдвэрлээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хянаад шийдвэр гаргасан, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх нэрээр гаргасан захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэх,  түүнчлэн шүүхийн дахин гарсан шийдвэрийг захиргааны байгууллага биелүүлж  “З******” ХХК-ийн эрхийг сэргээж, зохих шийдвэр гаргах хүртэлх хугацааны туршид тус компанийн эзэмших XV-******дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа  зогсож, зохих шийдвэр гарснаар үргэлжлүүлэн тоологдох журамтай байна.

3.6.Иймд хариуцагч А-н  кадастрын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “З******” ХХК-ийн эзэмших XV-******дугаартай ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны дотор тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргаагүй гэж тайлбарласан нь хуульд нийцээгүй, тус компанийг шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлөө гаргах үед  ч уг  XV-******дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусаагүй байсан  байна.

3.7.Мөн түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэрээр “З******” ХХК-ийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг А***** к*н хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь тус компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа буюу нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж үзсэн нөхцөлд гарах шийдвэр юм.

3.8.Тодруулбал, шүүх нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол байгаа  гэж үзвэл, уг эрхийг нь сэргээн эдлүүлэх зорилгоор нэхэмжлэлийг шаардлагыг хангадаг учраас “шүүх нь нэхэмжлэгчийн XV-******дугаартай ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийн хугацааг нь дуусчихсан тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжгүй, өргөдлийг хүлээж авахыг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй” юм.

3.9.Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл нь “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах”-ад баримтлах үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулсан 4 заалт бүхий журамласан зохицуулалт байгаа бөгөөд энэ 22 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах, өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна.

3.10.Энэ тохиолдолд “байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно” гэдэг эрх зүйн зарчим үйлчлэх тул хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрхийг А***** к*н хэлтэст олгоогүй тул ийнхүү “1 сарын өмнө гаргаагүй” гэдэг шалтгаанаар нэхэмжлэгч “З******” ХХК-ийн  XV-******дугаартай ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрх хариуцагчид байхгүй.

3.11.Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэжээ.

3.12.Хуулийн энэ заалтаас үзвэл хариуцагч нь “З******” ХХК-ийн  2023 оны 07 дугаар сарын  04-ний өдөр гаргасан өргөдлийг ажлын 10 хоногт багтааж буюу 08 дугаар 14-ний өдрийн дотор багтааж шийдвэрлэх ёстой байсан боловч уг хугацаанд багтаан өгөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэх тайлбартайгаар 20** оны ** дугаар сарын ** өдөр  хариу өгсөн болох нь тус байгууллагын энэ өдрийн **/****дугаар албан бичгээр /ХХ-н 88 дахь тал/ нотлогдож байна.

3.13.Эндээс дүгнэвэл төрийн захиргааны байгууллага хууль зөрчин “З******” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлээгүй атлаа, тус компанийн өргөдөл гаргах хугацааг хугацаа хэтэрсэн гэж  шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь “шударга ёсны” зарчим “тэгш байдлын зарчим”-д нийцэхгүй байна.

3.14.Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ийм үйлдлийг “манайх хуульд заасан хугацааг баримтлахгүй байж болно, иргэн, аж ахуйн нэгж уг хугацааг заавал баримтлах ёстой” гэсэн хандлага гаргасан нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэж үзсэнээ тэмдэглэж байна.

3.15.Мөн түүнчлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн өргөдөлд, түүнд хавсаргасан баримтыг “өргөдөл гаргах хугацаа хэтэрсэн” гэдэг үндэслэлээр тухайн байгууллага хүлээн авахаас татгалзах эрхийг хуулиар олгоогүй илт хууль бус үйлдэл гаргасан байх боловч шүүхэд “З******” ХХК өргөдлөө огт гаргаагүй мэтээр, К-маягтаар гаргаагүй гэх зэргээр тайлбарлаж байгаа нь хууль бус байна.

            3.16.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өргөдлийн зохих бүрдүүлбэрийг хугацаандаа гаргаж чадахгүй байсан шалтгаанаа Ковид-19 цар тахлын улмаас ***** аймагт хөл хорио тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүйтэй холбож тайлбарлан, үүнийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж дүгнэсэн байхад уг үйл баримтыг үл хайхарч байгаа нь эрх зүйн зөрчил болно.

3.17.Дээрх нөхцөлүүдийг нэгтгэн дүгнэвэл:

-нэхэмжлэгч давагдашгүй хүчин зүйлийн улмаас төрийн захиргааны байгууллагад хандах, өргөдлөө гаргах, өргөдөлд хавсаргах баримтыг бүрдүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон;

-хариуцагчаас уг “хүндэтгэн үзэх шалтгаан” бий болсон хугацааг тасалдуулан тоолж, “З******” ХХК тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааны дотор багтаан тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлөө гаргасан гэж үзэж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаж, хүсэлтэд хавсаргах материал бүрдэж гүйцсэнээр   уг XV-******дугаартай ашигт малтмалын хайгуулын  зөвшөөрлийн хугацааг сунгах үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлүүд байхад;

-нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах  өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй, А***** г-н  Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс, түүний даргад ийм эрхийг хуулиар олгоогүй, зөвшөөрөөгүй;

-нэхэмжлэгчийн эзэмших XV-******дугаартай ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь тус компанийг зохих ёсоор хүсэлт болон нэхэмжлэлээ  шийдвэрлүүлэхээр захиргааны байгууллага, шүүхэд хандан маргаж байгаа бүх цаг хугацааны туршид тасалдан зогсох ёстой учраас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тасалдуулж тоолсноор уг хүчинтэй хугацаа дуусгавар болоогүй учраас “З******” ХХК-ийн эзэмших ашигт малтмалын хайгуулын XV-******дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд нийцээгүй учраас хууль бус буюу хуулиар зөвшөөрөөгүй үйлдлийг гаргасан, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмаар сунгуулах, өргөдлөө шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн  гэж үзэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

3.18.Энэ шийдвэр нь  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэр гарснаас хойш хугацааны буюу захиргааны байгууллагаас уг шүүхийн шийдвэрийг биелүүлж гарахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд байгаа эсэхийг шүүх шалгаж, шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн “өмнө шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй үйл баримт тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэсэн үндэслэлийг хүлээн аваагүй болно. 

3.19.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 128/ШШ20**/**** дүгээр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “З******” ХХК-ийн XV-******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд хавсаргах ёстой байсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө бүрдүүлж гаргасан өргөдлийг нь  хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн 22 дугаар зүйлд нийцүүлэн хүсэлтийг шийдвэрлэх ёстой байхад хариуцагч А-н к-н хэлтэс нь хүсэлтийг нь хүлээн аваагүйгээс гадна тусгай зөвшөөрлийг нь сунгахаас татгалзсан  нь  илэрхий хууль бус татгалзал гаргасан болох нь нотлогдож байгаа учраас шүүх “тус компанийн гаргасан өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж шийдвэрлэх нь” Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан А****н к-н хэлтсийн  эрх хэмжээнд халдсан гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрээрээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Дөрөв. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан дагуу зөвхөн “маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон” нотлох баримтыг хэрэгт  цуглуулж, үнэлсэн.

4.2.Учир нь нэхэмжлэгч талаас “хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөлдөө түүнд хавсаргах шаардлагатай баримтыг хавсаргаж гаргаж өгсөн” гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтэд хавсаргаж өгөх ёстой баримтыг хүлээж аваагүй, зөвхөн хүсэлт ирүүлснийг хүлээн авсан” гэж тайлбарласан, хариуцагч өөрт байгаа баримтаа гаргаж өгснийг нэхэмжлэгч няцаагаагүй  тул талуудын гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч байна.

4.3.Анхан шатны шүүх талуудын тайлбарыг үндэслэн,  нэхэмжлэгч болон хариуцагчаас өөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй байдлыг харгалзан, шүүхэд мэдэгдсэн нотлох баримт нь хэрэгт бүрэн авагдсан гэж үзсэн ба харин маргаан бүхий актыг гаргах үндэслэл болоогүй, төрийн захиргааны байгууллагад хүлээн аваагүй баримтуудыг нотлох баримтаар авах хууль зүйн үндэслэлгүй байснаас гадна ийм нотлох баримтыг хэрэгт авах үндэслэлгүй гэдгийг талууд зөвшөөрсний дагуу, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэдгийг танилцуулсны үндсэн дээр байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

4.4.Тодруулбал, нэхэмжлэгч “З******” ХХК-ийн хүсэлтдээ хавсаргасан баримтыг хариуцагч Ашигт малтмалын газар “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авахгүй” гэх үндэслэлээр холбогдох баримтыг хүлээн аваагүй гэдэгтэй талууд маргаагүй бөгөөд энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй учраас  хэрэгт хамааралгүй гэж анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд, дотоод итгэлээр  дүгнэсэн  болно.

4.5.Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн  үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-******дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан А****н к-н хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэрээ гаргахыг  хариуцагч А***** к*н хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “З******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

   

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ