| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00304/и |
| Дугаар | 152/ШШ2024/00273 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 152/ШШ2024/00273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ...., Г ургийн овогт Н-ийн Ц-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ц 1962 онд төрсөн, 62 настай. Н.Ц 3 дугаар ангиасаа сургуулиас гарч эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдаж 1983 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Улмаар 1984 оны 02 дугаар сараас Наранбулаг сумын Пионер нэгдлийн Улаан үзүүр бригадад дизельчин, моторчноор ажиллаж эхэлсэн ба 1984 оныг дуустал ажиллаад 1985 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон боловч ажлаас гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс болж маш их хохирч байна. Иймд Н.Ц-ийн 1985 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Н.Ц-ийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр “Манаач томилох тухай” тушаал, гэрч З.Д, С.Б нарын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс З.Д, С.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-гийн Н.Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Н.Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Н.Ц хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Н-ийн Ц-ийн 1985 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.
4.2. Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр “Манаач томилох тухай” тушаал нь нэхэмжлэгч Н.Цийн 1985-1989 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4.3. БНМАУ-ын Хүн амын регистрийн 19 дүгээр картад: “Овог, нэр –Намдагийн Ц, ажилладаг байгууллага – Худалдаа бэлтгэлийн анги, эрхэлдэг ажил –манаач, эрхэлж эхэлсэн он – 1984, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988-06-20” гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай хамраалтай мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.
4.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч З.Д, С.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч З.Д “Миний бие 1982 оноос 1985 он хүртэл Наранбулаг сумын Пионер нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1985 оноос 1988 онд Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан. Н.Ц нь 1983 онд цэргээс халагдаж ирээд 1984 оноос 1985 он хүртэл Улаан үзүүр бригадад моторчноор, 1985 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар н.Идэш, Н.Ц, н.Янжив, н.Эрхэмбаяр нар ажиллаж байсан бөгөөд манаач нь ээлжээр ажилладаг байсан” гэж, гэрч С.Б “Миний бие 1982 оноос 1983 он хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхийн эдийн эрхлэгчээр, 1983-1986 онд цэргийн алба хаагаад 1986 оны 8 дугаар сараас 1990 оны 3 дугаар сар хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. Н.Ц нь 1986 онд намайг цэргээс халагдаж ирэхэд Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан бөгөөд 1990 он хүртэл ажилласан” гэж ус тус мэдүүсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр “Манаач томилох тухай” тушаалаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгов.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н.Ц 1985 оны 9 дүгээр сараас Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар ажиллаж эхэлсэн” гэж тайлбарласан боловч Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр “Манаач томилох тухай” тушаалаар Н.Цийг 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс манаачаар томилсон байх тул энэ хугацаанаас ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр “Манаачаар томилох тухай” тушаал, БНМАУ-ын Хүн амын регистрийн 19 дүгээр карт, гэрч З.Д, С.Б нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Галзад ургийн овогт Намдагийн Цийн 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1985 оны 9 дүгээр сард ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г ургийн овогт Н-ийн Ц-ийн 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1985 оны 9 дүгээр сард ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ