Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

У.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч У.Б-д холбогдох эрүүгийн 2113000000164 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч У.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогч Е.Н-, хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ** өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ** хүнтэй, *** оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхийг түдгэлзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, хэрэг хариуцах чадвартай, У.Б- /РД.***********/ нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр орших “Күмисхалам” дэлгүүрийн урд хохирогч Е.Н-тай маргалдаж, улмаар түүний нүдэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.   

 

Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар яллах дүгнэлтээр У.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч У.Б- нь энэ хэргийн улмаас баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-аас 4.180.220 /дөрвөн сая нэг зуун наян мянга хоёр зуун ерин/ төгрөг гаргуулан хохирогч Е.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 5.980.100 /таван сая есөн зуун наян мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д заасаар хохирогч Е.Н- нь цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах зардал болон нүүрс хагалахад 200.000 төгрөг, пийшингийн хөө, тортог цэвэрлэхэд 120.000 төгрөг, үнсийг гаргахад 135.000 төгрөг, мод хөрөөдөх, хагалахад 100.000 төгрөг, нийт 555.000 төгрөгийг нэхэмжлэх боловч энэ талаарх нотлох баримт байхгүй тул нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

 

                Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Шүүгдэгч У.Б- би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Күмисхалам” дэлгүүрийн урд хохирогч Е.Н-тай маргалдах, харилцан зодолдох үед түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, Эрүүл мэндэд нь “хөнгөн хохирол” санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.

2. Шүүгдэгч У.Б- миний бие үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа ба шүүхээс оногдуулсан ялын талаар маргаан байхгүй.

3. ...Анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигт огт холбоогүй, гэмт хэрэгт хамааралгүй эд зүйл, мөнгөн хөрөнгө төлүүлсэн явдалд гомдолтой байна.

Тухайлбал: Өдөр тутмын идэж уусан хоол, хүнсний зүйл, нотлох баримтаар нотлоогүй таксины хөлс, унааны зардал, хохирогч Н-ын ээж И.А-ийн Улаанбаатар хотод хувийн ажлаар явж ирсний зардал, И.А-ийн Улаанбаатар хотод гуанз, зоогийн газраас идэж хэрэглэсэн хоол, хүнсний зүйлийг “гэмт хэргийн хохирол, хор уршиг” гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт заасан “гэм хорын хохирол” биш.

4. Иймд “Шийтгэх тогтоол”-ын “Тодорхойлох нь” хэсгийн “тав” дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар” гэх хэсгээс (шийтгэх тогтоолын 6-9 хуудаст) дараах хохирлыг зөвшөөрч, төлж өгөхийг сайн дураар илэрхийлж байна. Үүнд:

(“Шийтгэх тогтоол”-д заасныг баримталж дугаарлав)

5. Зөвшөөрч байгаа хохирлын жагсаалт-1,2,5,7,9,11-13,19,21,22,29,34,39,40-42,53,54,56,58,59-66 дугаарт дурдагдсан зардлууд болох 1,648,764 төгрөгийн хохирлыг төлж өгөхөд татгалзах зүйлгүй.

6. Харин нотлох баримтгүй 5 /ээж И.А-ийн онгоцны зардал/, 6, 7, 8, 10, 14, 15-18, 20, 23-28, 31-38, 43-53, 55, 57 дугаарт дурдсан хохирлууд болох 2,161,509 төгрөг болон мөн хөнгөн гэмтэл учирсан, хөдөлмөрийн чадвар алдаагүй учир Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Е.Н-ын цалин хөлс 493.104 төгрөг, түүний ээж И.А-ийн цалин гэх 347.597 төгрөг зэрэг бүгд 3.002.210 (гурван сая хоёр мянга хоёр зуун арван) төгрөг гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “нэмэгдэл хоол өгөх” тохиолдолд хоол, хүнсний зардлыг төлөхөөр зохицуулсан учир, өдөр тутмын “хоол хүнс” төлүүлэх зохицуулалт байхгүй байна.

8. Мөн Улаанбаатар хот дотор “такси, автобус” зэрэг унаа хэрэглэсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй, нотлогдоогүй байх тул шүүхийн тогтоолоор унаа хөлсний төлбөрийг хариуцахгүй гэж үзэж байна.

9. Хохирогч Е.Н-д “хөнгөн гэмтэл” гарсан бөгөөд өвчтөн илгээх тухай эмнэлгийн “А” хуудсанд “өвчтөн сахиулах’’-ын тусламж шаардаагүй учир түүний ээж И.А-ийн Улаанбаатар хотод эмчлүүлсэн зардал болон хувийн ажлаар Улаанбаатар хот очсон онгоцны зардал 385.000 төгрөг, автобусны буцах зардал 104000 төгрөгийг надаар төлүүлсэн нь үндэслэлгүй. И.А- нь гэмт хэрэг гарахаас өмнө Улаанбаатар хотод очих болж хот хоорондын автобусны зорчигчийн билет авсан болох нь нотлогдсон, уг билетийг дахин буцааж онгоцны тийз авсан. Мөн И.А- гэх эмэгтэйд миний бие гэм хор учруулаагүй тул түүний цалин 347.597 төгрөгийг надаар төлүүлэх шийдвэр гарсан нь хууль бус гэж үзэж байна.

10. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, 4.180.220 төгрөг төлүүлж шийдвэрлэснээс хэрэгт холбогдолгүй, үндэсгүй, нотлох баримтгүй нэхэмжилсэн 3.002.210 төгрөгийг хасаж, бодит хохирол болох 1.178.010 төгрөг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

 

Хохирогч Е.Н-ын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

1...Би Б-д маш их гомдолтой. Өөрийнх нь машин биш, мөргөсөн хүн  нь өөрөө биш атлаа төрсөн дүү нь гэсэн насанд хүрсэн хүний хэрэгт хөндлөнгөөс оролцож, миний биед санаатай гэмтэл учруулж, эрүүл явж байсан намайг ийм болгочхоод одоо хохирлоо барагдуулахгүй зүтгэж байгаад гомдолтой.

2. Би 6 сарын дараа дахиж хагалгаанд орно. Миний хамрын гадна тал шарх сорвитой үлдэж, хамрын яс 3 газар хугарсан, хамрын мөгөөрс мурийж хугарч, гаднын биет суулгасан.

3. Гэмтлийн зэрэг тухайн үед хөнгөн гэж тогтоогдсон ч цаашид яах эсэхийг хэлж мэдэхгүй, энэ гэмтлээс болж 2021 оны 11 дүгээр сарын 25-аас “Б” компани дахь нягтлан бодогчийн ажлаас гарсан. Энэ мөн том хохирол. Байнга нүдний шил зүүж ажил хийдэг болохоор 10-15 минут зүүгээд хамар, нүдний орчим өвдөж, дахин дахин нүдний шилээ авч амраах асуудал гарч ажлаа хийхэд төвөгтэй болсон учир энэ ажлаас гарсан.

4. ... Миний эрүүл мэндэд ийм хохирол учраагүй бол би Улаанбаатар хот явж бүтэн наркозоор хагалгаанд орж, хамартаа нэг удаад бүтэн 2-3 бинтээр чихээс тавиулж, хамраараа амьсгалж чадахгүй, амаараа амьсгалж 5-6 хоног унтаж чадахгүй шөнө дунд босож гадаа гарч алхаж, толгой өвдөж зовохгүй байсан.

5. Ээж И.А- энэ гэмт хэргээс болж 5 хоног цалингүй чөлөө авч,  2 өдөр мэс засалд намайг сахиж 10 дугаар сарын 7-нд онгоцоор явсан нь, машин хонхойж зурагдаж будаг нь ховхорч унасан нь, миний төлөө 12 хоног хотод байж гаднаас хоол цай зөөж, хэрэгцээт зүйлүүдээр хангахад гаргасан зардал нь эд хөрөнгийн хохирол мөн.

6. ... энэ гэмт хэрэг болоогүй, би биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй байсан бол өдөр бүр “Б” болон “Ө” дахь ажлаа хийгээд гэртээ үдийн цайнд гараад, орой гэртээ ирж хоол хийж идээд энэ илүү зардал гарахгүй байх байсан.

7. Шүүгдэгч Б-ы ярьж байгаа өдөр тутмын идэж уусан хоол, хүнсний зүйл бол нотлох баримт болох НӨАТ-ын баримттай. Мөн нотлох баримтаар нотлоогүй гэх таксины хөлс бол би хэрвээ ингэж өвдөж хот ороогүй байсан бол хэзээ ч энэ мөнгө гарах ёсгүй байсан.

8. Миний ээж 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн автобусаар яваад 06-нд хотод очоод 10.07-ны өдөр ХСҮТ-ээс авсан “Толгой хүзүүний“ кабинетийн эмчид Эхо-д харуулаад, 10.08-ны өдөр цахимаар авсан цагаар УНТЭ-ийн “Мэдрэл, үе мөч, уушги, элэг цөсөө үзүүлээд 09-ний өдөр гараад 10-нд Баян-Өлгийд ирж, 11-ний өдөр ажилдаа орох байсан.

9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан "... ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах... ” зардалд Б-ы зөвшөөрөхгүй байгаа бүх зардлууд хамаарна. Үүнд: таксины зардал, буудлын хөлс, хамрын доторх мөгөөрсийг орлох мэс заслын төлбөр, хот руу очиж, буцах ээжийн автобусны зардал, гадаа зүүх, компьютерт зүүх нүдний шил, хамартаа “Инплант” хийлгээд 12 хоног энэ гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтээд ажил хийж чадаагүй тул  миний авах байсан цалин, намайг 12 өдөр дагаж, 5 өдөр бүтэн эмнэлгийн коридорт сахиж, асарч сувилсан ээжийн авах цалин хамаарна.

10. Хэрэг гарах өдөр миний ээж И.А- нь Улаанбаатар хот руу эмнэлгийн үзлэгт орохоор автобусаар гарах гэж байсан. Намайг гэмтэл авснаас улбаалан автобусны билетийг буцааж “Хавдар судлал”-ын эмнэлэг болон “Улсын нэгдүгээр эмнэлэг”-т 10 сарын 7,8-нд үзүүлэхээр авсан цагаа цуцлахаас өөр аргагүй болсон. Улсын эмнэлгүүдэд 15 хоногоос нэг сарын өмнө цаг товлож үзүүлдэг бөгөөд дараачийн сул цаг нь 11 дүгээр сард байсан. Хавдрын мэргэжлийн эмчтэй тусгай оношилгооны технологитой эмнэлэгт үзүүлэх заавал шаардлагатай байсан тул төлбөртэй хувийн эмнэлэгт үзүүлж нэмэлт зардал гарсан.

11. Би манараад хамраас цус тогтохгүй цус нөждөө хутгалдаад эмнэлэгт хэвтэж байхад ээж санаа зовохгүй хот явах боломжгүй учраас  автобусны билетээ буцаахаас өөр аргагүй байсан.

12. Тухайн үед гэмтлийг хөнгөн гэж тогтоосон ба бид хот орохдоо мөнгөний бололцоогүй болоод МRI хийлгэж чадаагүй. Одоо байнга толгой өвдөж эм ууж байна, хамар битүүр ч байна. Миний одоо гарсан болон ирээдүйд гарах хохирлыг бүрэн барагдуулж өгөхгүй бол цаашид мөрдөн байцаагчийн нэг талыг баримталж бидний хэлсэн гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, мөн 4 зам болон Хостерекийн урд байгаа камер шүүж өгөөгүй, машиныг янзалж өгөөгүй, шүүгдэгч Б-ы дагуулж ирсэн 4 гэрчийн үгийг нотолгоо болгосон зэргийг нь бичиж  дээд шатны шүүх хүртэл заргалдах болно. 

 

Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Шүүгдэгч У.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Күмисхалам” дэлгүүрийн урьд хохирогч Е.Н-тай маргалдан, улмаар түүний нүдэн тус газарт гараараа нэг цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

2. Шүүгдэгчээс энэхүү гэмт хэргийн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Улмаар прокуророос У.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 136 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, холбогдох хэргийг шүүхэд хүргүүлсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдан хүргүүлсэн байгаа.

3. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” хэмээн зааж өгсөн. Прокурорын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүвэрлэн, нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3741869 төгрөгийг төлөхөөр байна хэмээн шүүхэд ирүүлсэн.

4. Анхан шатны шүүхэд холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцад хохиролтой холбоотой талуудын гаргаж ирсэн нотлох баримтыг хянан шийдвэрлэх явцад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор прокуророос яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдан ирүүлсэн хохирлыг үндэслэлтэй байна хэмээн ханган шийдвэрлэсэн. Улмаар шүүх хэргийг хянан хэлэлцэхэд хэргийг бүхэлд нь хянаж үзэж, нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн. Хохирогчийн ээж И.А-ийн ажиллаагүй хугацааны цалинг шүүгдэгчээс гаргуулах тухай шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэгдэн тогтоогдсон гэж үзэж байна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоол хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан тул У.Б-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч У.Б-ы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            2. Шүүгдэгч У.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Күмисхалам” дэлгүүрийн урд хохирогч Е.Н-тай маргалдаж,  түүний нүдэн тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

            3. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогч Е.Н-ын амбулториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, хохирлын баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч У.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Е.Н-ын эрүүл мэндэд нь санаатай халдсан нь нотлогдсон байна.

 

            4. Шүүгдэгч У.Б-ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч У.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцжээ.

 

5. Шүүгдэгч У.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е.Н-ын биед тархины доргилт, хамрын нуруунд хавантай, хамрын ясны шинэ хугаралттай, хамрын таславч зүүн тийш мурийсан, хамрын нуруунд шархтай буюу хөнгөн ангиллын зэрэгт хамаарах гэмтэл учирсан бөгөөд тэрээр өөрийн байнга оршин суугаа газар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Улаанбаатар хотод очиж, хамрын нурууны хугаралт болон мурийлтыг засах мэс засалд орсон, цаашид дахин мэс засалд орох шаардлагатай талаар эмчийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна. Шүүгдэгч  У.Б- нь “анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигт огт холбоогүй, гэмт хэрэгт хамааралгүй эд зүйл, мөнгөн хөрөнгө төлүүлсэн тул нотлох баримтгүй нэхэмжилсэн 3,002,210 төгрөгийг хасаж, 1,178,010 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргуулах тухай” давж заалдах гомдол гаргажээ.

 

6. Гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон түүний үр дагаварт хүргэсэн шалтгаанд холбоо, түүнчлэн тухайн гэмт хэргийг өдүүлэх болсон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нэгэн үндсэн нөхцөл мөн бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг тодорхойлох эл нөхцөл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах шударга ёсны шалгуур үзүүлэлтүүдийн нэг байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

 

7. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирол, хор уршгийн  хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Шүүгдэгч У.Б-ы хувьд хохирогч Е.Н-ын нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон гэмт үйлдэл болон түүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол үүссэн хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байх бөгөөд хохирогч Е.Н- нь уг гэмтлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, улмаар Улаанбаатар хотод очиж хамрын мэс засалд орсон, цаашид ч мэс засалд орох шаардлагатай талаар эмч нарын үзлэгт тэмдэглэсэн байх тул баримтаар тогтоогдсон хохирогчид учирсан хохирол, төлбөр зэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан “хэрэгт ач холбогдолгүй, үндэслэлгүй хохирол” гэж үзэхгүй.   

 

8. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “....бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг баталгаажуулсан. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн ялгааг нарийвчлан тодорхойлжээ.  Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж тус тус хуульчилсан.

 

9. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан хохирогчид учирсан хохирол болон хор уршгийг арилгахтай холбоотой гарсан зардал, төлбөрийн баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Е.Н- нь хохиролд 3.741.819 төгрөг, иргэний нэхэмжлэлд 7.243.701 төгрөгийг, нийт 10.160.320 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс анхан шатны шүүх 4.180.220 төгрөгийг дээрх баримтуудад тулгуурлан шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогчийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг шүүгдэгч эс зөвшөөрч гомдол гаргасан бол хохирогч энэ талаар давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

            10. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан 61 ширхэг Е.Н-д учирсан хохирлын баримтыг үндэслэн 3.339.519 төгрөг, хохирогчийн ээж И.А-ийн сахиураар ажиллах үед авсан цалингүй чөлөөний хугацаанд түүнд орох байсан орлого буюу 5 өдрийн цалин 347.597 төгрөг, хохирогч  Е.Н-ын “Ө” ХХК-аас эмчлүүлэх, хагалгаа хийлгэх үед авах байсан цалин хөлс буюу түүнд орох байсан орлогод 100.800 төгрөг, “Б” ХХК-аас авах байсан ажлын хөлс 392.304 төгрөг, нийт 4.180.220 төгрөг зэргийг хохирол, хор уршигт тооцож, уг мөнгөн дүнг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            11. Хохирогчид учирсан хохирол болон хор уршгийг арилгуулахтай холбоотой гарсан  төлбөрийн хэмжээг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нарийвчлан тооцож, бодитой тогтоож, хохирогчийн нэхэмжилсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилтод нийцсэн, шударга ёсны зарчмыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК