Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0754

 

 

 

 

 

   

                                                            З.Л-ийн нэхэмжлэлтэй

                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Л-ийн  нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Л-г Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 231 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9036720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1 дэх заалтуудыг үндэслэн Улсын онцгой комиссын ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч З.Л-г албан тушаал бууруулсан. Харин ажлаас халаагүй. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актад буруу дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Уг маргаан бүхий захиргааны акт гаргах болсон бодит нөхцөл байдлыг ойлгомжтой байхыг бодолцон нотлох баримтад тулгуурлан цаг хугацаа, үйл баримтыг дэс дараалалтайгаар тайлбарлая.

Бог малын мялзан төст өвчин нь Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдтай хил залгаа БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны Алтай, Хами аймгуудад 2013, 2014, 2015 онуудад тархсан нь уг өвчний түүх, гарал үүсэл, тархалтын судалгаа баримтаар нотлогддог. Хилийн цаахна талд аюулын харанга дэлдэж байхад бог малын гоц халдварт өвчнөөр үй олон мал үрэгдэж байгаа нөхцөлд уг өвчин хил нэвтэрч, Ховд аймгийн нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх мэргэжлийн арга хэмжээг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй.

Гэвч бог малын мялзан төст өвчний анхны тохиолдол 2015 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын нутагт илэрч, мал олноор үхэж эхэлжээ. Энэ нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн Ховд аймаг дахь Тагнуулын газрын шалгалтын дүнгээр тогтоогдсон байдаг.

Ховд аймгийн Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэр бүхий малын эмч нараас 2015 оны 10 дугаар сарын үеэр сэжигтэй байдлаар мал олноор үхэж байгаа тухай дуудлагыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн байдаг. Энэ тохиолдолд Хүнс, хөдөө аж ахуйн газраас яаралтай Мал эмнэлгийн хэлтсийнхээ мэргэжлийн эмч нарыг Булган сум руу явуулж, үхсэн малын сэг зэмээс дээж авч, шинжилгээ хийлгэн оношийг тогтоох арга хэмжээг шуурхай авах ёстой.

Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Л нь Булган сумаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг шалгуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, Булган суманд үхсэн малаас дээж авч, үхсэн шалтгааныг тодруулаагүй цаг алджээ.

Бог мал сэжигтэй байдлаар үхэж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ямар нэг арга хэмжээ авалгүй удааширч, мал олноор үхсээр байсан тул Булган сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн эмч нар өөрсдийн санаачилгаар 2016 оны 03 дугаар сараас эхлэн үхсэн малаас дээж авч, аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлж эхэлсэн байдаг. Тодруулбал:

1. Анх Булган сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн малын эмч Г.Даваахүү нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус сумын Алагтолгой багийн малчин Даваасүрэнгийн хотонд баас алдаж үхсэн 2 настай ямаанаас дээж авч онош тогтоолгохоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт илгээжээ. Уг дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторийн эмч нар шинжлээд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дотрын халдварт хордлого гэж оношилжээ.

2. Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасгаас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус сумын Алагтолгой багийн малчин Алтакагын хотонд баас алдаж үхсэн хурганаас дээж авч, онош тогтоолгохоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ. Уг дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын лаборатори шинжлээд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр колибактериоз гэж оношилжээ.

3. Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн эмч Г.Даваахүү нь дахин 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус сумын Алагтолгой багийн малчин У.Батаагийн хотонд баас алдаж үхсэн 6 настай ухнаас дээж авч, онош тогтоолгохоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ. Уг дээжийг аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газрын лаборатори шинжлээд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр килобактериоз гэж оношилжээ.

4. Булган сумын Алагтолгой багийн малчин У.Батаагийн үхсэн малаас авсан дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлжээ. Уг дээжинд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори шинжилгээ хийж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр колибактериоз, энтеробактериоз гэж оношилж, хариуг нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторийн 3, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 1, нийт 4 удаагийн шинжилгээгээр Булган сумаас ирүүлсэн нэр бүхий 3 малчны хотонд үхсэн малд дотрын халдварт хордлого, колибактериоз, энтеробактериоз зэрэг бактериар үүсгэгддэг халдварт өвчин оношлогджээ.

Энэ тохиолдол байхад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь малын гоц халдварт өвчнийг яаралтай зарлан мэдээлэх, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, хорио цээрийн дэглэм тогтоолгох зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх үүрэгтэй.

Энэ талаар дараах заавар, журмын холбогдох заалтад тодорхой дурджээ. Үүнд:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/86 дугаар тушаалаар батлагдсан хорио цээр, хязгаарлалтын дэглэм заавал тогтоох мал, амьтны өвчний жагсаалтад дотрын халдварт хордлого, колибактериоз, энтеробактериоз, бог малын мялзан төст зэрэг өвчин багтжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээ өгөх журам”-ын 1-д “Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй оновчтой зохион байгуулах зорилгоор уг өвчнийг яаралтай мэдээлнэ”, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх журам”-ын 3-т “Мал, амьтны өвчний талаарх судалгаа, баримт, лабораторийн шинжилгээний дүгнэлтэд үндэслэн халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлнэ”, 6-ийн 1-д “Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагын санал дүгнэлтэд тулгуурлан шийдвэрлэх” Засаг даргын үүрэг байхаар, 7-ийн 1-д “Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн талаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах” нь Мал эмнэлгийн байгууллагын үүрэг байхаар тус тус заажээ.

Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар албан бичгээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт малын гоц халдварт өвчин, халдвар тархах эрсдэл бүхий улирал эхэлж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагын түвшинд анхаарч, орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид “Хэрвээ ямар нэг малын халдварт өвчин гарсан тохиолдолд уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу шуурхай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, гарч болзошгүй өвчнөөс сэргийлэх...” гэжээ.

Мал эмнэлэг, үржлийн газрын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 2-т “ОХУ, БНХАУ-тай хил залгаа бүс нутгийн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг онцгойлон анхаарч, малын хөдөлгөөний хяналтыг сайжруулах", 7-т “Халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн өвчинтэй тэмцэх зааврын дагуу шуурхай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, гарч болзошгүй өвчнөөс сэргийлэх” гэжээ.

Журмын дээрх заалтын дагуу Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь дотрын халдварт хордлого, колибактериоз, энтеробактериоз зэрэг өвчин оношлогдсон Булган сумын талаарх санал, дүгнэлтийг Булган сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргад хүргүүлэх байжээ.

Журмын дээрх заалтын дагуу Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь дотрын халдварт хордлого, колибактериоз, энтеробактериоз зэрэг өвчин оношлогдсон Булган сумын талаарх санал, дүгнэлтийг Булган сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргад хүргүүлэх байжээ.

Гэтэл Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаас Булган суманд дотрын халдварт хордлого, колибактериоз, энтеробактериоз зэрэг өвчин оношлогдсон мэдээллийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган сумын Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлээгүй, нийтэд зарлан мэдээлээгүй байна. Угтаа анх Булган сумын нутагт 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дотрын халдварт хордлого өвчин шинжилгээгээр батлагдсан даруйд нь нийтэд зарлан мэдээлж, Мэргэжлийн хяналтын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, Засаг даргын захирамжаар Булган суманд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоолгох байжээ.

Хэрэв Булган сумын нутагт малын гоц халдварт өвчин гарсан батлагдсан үед нь цаг алдалгүй хорио цээр, хязгаарлалт тогтоосон бол малын гоц халдварт өвчнийг бусад сумдад тархахаас сэргийлэх чухал ач холбогдолтой байжээ.

Гэтэл бодит байдалд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь малын халдварт өвчин оношилсон шинжилгээний хариуг нуун дарагдуулж, Булган сумаас үхсэн малын дээж ирүүлсэн үед л шинжлэх төдийгөөр л албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь баримтаар нотлогддог.

Энэ нь малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 09 сараас 2016 оны 09 сар хүртэлх 1 жилийн хугацаанд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ямар ч албан бичиг хүргүүлээгүй байдгаар батлагдана.

Энэ нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаар, Мэргэжлийн хяналтын газрын мөн өдрийн 106 дугаар албан бичгүүдээр нотлогдож байгаа болно.

Малын гоц халдварт өвчин гарсан Булган суманд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоолгүй цаг алдаж байх хооронд малын өвчлөл Булган сумаас хальж, хил залгаа Үенч суманд халдварлаж, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар уг 2 суманд бог малын мялзан төст өвчнөөр 6628 мал өвчилж, 1035 мал үхжээ.

Энэ нь өвчилсөн 6628, үхсэн 1035 мал нь бактерийн гаралтай дотрын халдварт хордлого, колибактериоз, энтеробактериоз зэрэг өвчнөөр өвчлөөгүй, харин вирусын гаралтай өвчнөөр өвчилсөн байсныг хөдөлбөргүй нотолгоо юм.

Учир нь бактерийн гаралтай, вирусын гаралтай малын халдварт өвчний халдварлах арга зам, тархах хүрээ, хурдац зэргээрээ ялгаатай байдаг. Вирусын гаралтай малын гоц халдварт өвчин л олон тооны малыг өвчлүүлж, улмаар үхүүлдэг, олон төрлийн байдлаар хурдан халдварладаг онцлогтой.

Үүнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, мал эмнэлгийн хэлтсийн дарга нарын мэргэжлийн албан хаагч нар мэдсэн атлаа Булган сумаас ирүүлсэн үхсэн малын дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж, вирусын шинжилгээ хийлгүй орхигдуулж, албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 305 дугаар тогтоолоор батлагдсан “Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журам”-ын 2-т “Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодод заасан гоц халдварт өвчний сэжиг илрэх үед үед өвчний эпизоотологийн судалгаа, эмнэл зүй, эмгэг хувиралт болон лабораторийн шинжилгээний аргаар оношийг тогтооно” гэснийг хэрэгжүүлээгүй.

Ийм байхад Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоолгүй явсаар. Малын өвчлөл 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар манай аймгийн 11 сумын 45 багт тархжээ.

Нөхцөл байдлуудыг нэгтгэж үзвэл Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Л нь дээр дурдсан Засгийн газрын тогтоол, сайдын тушаал, дээд газрын албан даалгавар, зөвлөмж, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг даамжруулахгүйгээр эрт үед нь шуурхай оношилж, тухайн өвчинтэй тэмцэх зааврын дагуу шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэх албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээс өөр аргагүй юм.

Манай аймгийн баруун хязгаарын Булган, Үенч сумдад тархсан малын гоц халдварт өвчин зүүн хязгаарын хоорондоо 500-700 км зайтай Мянгад, Дөргөн сум хүртэл тархаж, 11995 өрхийн 74183 мал өвчилж, 11869 мал үрэгджээ.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хүлээн авсныхаа дараагаар буюу 08 дугаар сарын эхээр Дөргөн суманд ажилласан байдаг.

Энэ үед тус сумын малчдаас мал гоц халдварт өвчин тархаж, мал олноор үхэж байгаа мэдээлэл авч, аймгийн төвд ирмэгцээ аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагуудад үүрэг, чиглэл өгснөөр аймгийн хэмжээнд тархаад буй малын халдварт өвчнийг оношийг тогтоох ажиллагаа хийгдэж эхэлсэн байдаг. Тодруулбал:

1. Мянгад сумын “Алтайн Ирээдүй” мал эмнэлгээс Цагаанбулан багийн малчин Б.Донойгийн халуурч, баас алдсан ямаанаас дээж авч, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ. Уг дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын лаборатори шинжлээд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр колибактериоз, энтеробактериоз гэж оношилжээ.

Малчин Б.Донойгийн малаас авсан дээжинд вирусын гаралтай өвчин байгаа эсэхийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид оношлуулахаар хүргүүлсэн. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжилгээний дүнгээр малчин Б.Донойгийн мал мялзан төст өвчнөөр үхсэн нь тогтоогджээ.

2. Дөргөн сумын “Агваш-Арал” мал эмнэлгээс тус сумын Сээр багийн малчин Ж.Бат-Очир, Ж.Пүрэвсүрэн нарын үхсэн малаас дээж авч вирусын гаралтай өвчин байгаа эсэхийг оношлуулахаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжилгээний дүнгээр малчин Ж.Бат-Очир, Ж.Пүрэвсүрэн нарын мал мялзан төст өвчнөөр үхсэн нь тогтоогджээ.

Анх Булган суманд 2015 оны 09 сард гарсан бог малын мялзан төст өвчин 1 жилийн дараа Дөргөн, Мянгад сумдад гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар тогтоогдсон тул 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн онцгой комиссын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулж, уг өвчний эсрэг анхны арга хэмжээг авчээ.

Үүнээс өмнө бог малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр аймгийн Онцгой комиссыг хуралдуулаагүй, хорио цээрийн дэглэм тогтоох талаар арга хэмжээ аваагүй байдаг.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хорио цээр тогтоодог.

Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсныг тогтоосон эрх бүхий лабораторийн дүгнэлтийг Хүнс, хөдөө аж ахуйн газраас Мэргэжлийн хяналтын газарт ирүүлж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулснаар малын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг аймаг, сумын Засаг дарга тогтоодог.

Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумдад малын гоц халдварт АО70 буюу бог малын мялзан төст өвчин оношлогдсон тухай анхны дүгнэлтийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Хашбат 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр /21-02/010/196 дүгээр/ гаргажээ.

Улмаар Ховд аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/418 дугаар захирамжаар Мянгад, Дөргөн сумдад хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, дэглэмийг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгажээ.

Ховд аймгийн Онцгой комиссын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар аймгийн 17 сумдад 5 ажлын хэсэг гаргаж, бог малын мялзан төст өвчний тандалт судалгааны ажлыг зохион байгуулах, хорио цээр тогтоогдсон сумдад байнгын хяналтын пост ажиллуулж, малын шилжилт хөдөлгөөний хориглох арга хэмжээ авсан байдаг.

Үүнээс хойш малын халдварт өвчний тохиолдол илэрсэн сумдаас дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлэн шинжлүүлэхэд бог малын мялзан төст өвчин болох батлагдсан.

Анх дотрын халдварт хордлого, колибактериоз, энтеробактериоз гэж оношлогдож байсан Булган сумын 7353 тооны мал бог малын мялзан төст өвчний улмаас үрэгдсэн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дүгнэлтээр нотлогдсон.

Иймээс аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/443, А/444 дүгээр захирамжуудаар аймгийн 11 сумын 34 багийн нутаг дэвсгэр, 65 голомтод тус тус хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Ийнхүү хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр аймгийн хэмжээнд 62274 малд эмчилгээ хийж, өвчний шинж тэмдгийг арилгаж, нэмж мал өвчилсөн тохиолдол гараагүй болно.

Анх бог малын мялзан өвчин 2015 оны 09 сараас Булган сумын нутагт гарч, улмаар 1 жилийн хугацаанд аймгийн 11 сумын 45 баг, 65 голомтонд тархаж, 74183 толгой мал өвчилж, 11869 толгой мал үхсэн байхад тухайн үеийн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас малын халдвар өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар хэмжээ авсан бэ гэдэг асуулт яахын аргагүй тавигдана.

Ийм учир шалтгааны улмаас Улсын Онцгой комиссоос томилогдсон Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Н.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо тухайн үеийн ажил хариуцсан албан тушаалтнуудын албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг даалгасан.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6-д зааснаар Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэм тогтоодог. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүргийн Засаг дарга, хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед Засгийн газар тус тус гаргадаг.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь малын халдварт болон гоц халдварт өвчнийг оношлох, Мэргэжлийн хяналтын газар нь малын халдварт болон гоц халдварт өвчин гарсныг баталгаажуулж, хорио цээрийн дэглэм тогтоох тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргах, уг улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг шат шатны засаг дарга, Засгийн газар малын хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоодог.

Бог малын мялзан төст өвчин зөвхөн Ховд аймгийн 11 суманд тархаад зогсохгүй Баян-Өлгий, Увс аймгийн зарим сумдын нутгаар халдварласан тул Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутагт дэвсгэрт хорио цээр тогтоож, гоц халдварт өвчний голомтыг устгахад 13966125900 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Ховд аймгийн Булган сумын нутагт хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоон голомтыг нь устгачих боломжтой бог малын мялзан өвчин 3 аймгийн нутаг дамжин тархаж, Засгийн газрын түвшинд шийдэгдэх асуудал болсон нь тухайн үеийн ажил хариуцсан албан тушаалтнууд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн нотолгоо юм.

Монгол Улсын Засгийн газраас 1100847880 төгрөгөөр гаргаж худалдан авсан 3223000 тун вакцинаар Ховд аймгийн хэмжээнд 17 сумын 91 багийн 7881 өрхийн нийт 2850776 малыг вакцинжуулах ажлыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд бог малын мялзан өвчинтэй тэмцэх ажилд дайчлагдсан албан хаагч, иргэдийн томилолт, урамшуулал, шаардлагатай материал зэрэгт 378701466 төгрөг зарцуулсан.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Ховд аймгийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч З.Л-г албан тушаал бууруулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар нэхэмжлэгч З.Л-г “Гамшгаас хамгаалах, малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдвартай өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг үндэслэн Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь түүнийг албан тушаал бууруулах үндэслэл болохоос бус чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан зөрчил гаргасан гэж үзсэн атлаа албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч З.Л-г албан тушаал бууруулсан, ажлаас халаагүй” гэж маргах боловч маргаан бүхий “З.Л-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/40 дүгээр захирамжаас үзэхэд нэхэмжлэгчийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, албан тушаал бууруулах талаар заагаагүй байна.

Ийнхүү нэгэнт маргаан бүхий захиргааны акт нь хууль хэрэглээний алдаатай байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “З.Л нь албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй, энэ нь захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн нэрийг буруу бичиж, хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан төдийгүй эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд томилох биш харин урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, эрх зүйн байдлыг нь сэргээх зохицуулалттай байхад “... албан тушаалд эгүүлэн томилж ...” гэж бичиглэлийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Л-г Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9036720 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН