Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

Х.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/356 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Д-д холбогдох эрүүгийн 2113000280169 дугаартай, 3 хавтастай хэргийг яллагдагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Баярмагнай, яллагдагч Х.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.  

 

Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ** өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл ** хүнтэй, *** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.Д /РД:********** нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний үед, Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцсэн “Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай 3 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан хүснэгтийн 2.20-д заасан “...Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9.800.000 төгрөг” гэснийг өөрчилж, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9.800.000 төгрөг” гэж хуурамчаар үйлдсэн, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Давсан орлого зарцуулах” тухай 5 дугаартай тогтоолын хавсралтад заасан давсан орлогыг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах тухай хүснэгтийг өөрчилж, 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах байдлаар сум орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар уг баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр тус аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргэн өгч, тухайн санхүүжилтийг 2021 онд захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр яллах дүгнэлтээр Х.Д-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  2021/ШЗ/356 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгож, Х.Д-д холбогдох эрүүгийн 2113000280169 дугаартай хэрэгт дараах үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:

1. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллагдагч Х.Д-ы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох,

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Х.Д-д холбогдох эрүүгийн 2113000280169 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл нэгэнт тогтоогдсон гэж шүүх үзсэн тул уг гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг тогтоох, гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээг тодорхойлох, хохирогчоос мэдүүлэг авах, түүнд хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах, хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангах зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэтгүүлэх.

 

Яллагдагчийн давж заалдах гомдлын агуулга:  

1. ...миний бие тус сумын ИТХ-ын байгууллагын ажлын албанд хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа албан тушаалтны хувьд ...хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн гүйцэтгэж ажиллаж байгаа. Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын “Б” Ажлын байрны гол үйл ажиллагааны стратеги бүтэц хэсгийн гол үйл ажиллагааны эхний заалтад “хурлын нарийн бичгийн дарга Төлөөлөгчдийн хуралдааны явцын болон Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг хөтлөх, хуралдааныг зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ” гэж тодорхой зааж тусгаж өгсөн тул миний бие хуулийн дагуу ажиллаж эрх хэмжээнийхээ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэсэн...

2...Засаг дарга Х.Е өөрийн намын санаа нийлсэн төлөөлөгч гишүүд болох К.Т, Т.А, Х.Д, Б.Ж, К.Х, С, М.Т, А.Т, С.Д болон өөрийн байгууллагын ажилтан А.М, У.Б, Т.Ш зэрэг хүмүүстэй үгсэн тохиролцож намайг ямар ч үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй зохиомол хэрэгт санаатайгаар холбогдуулан буруутгасан.

3. Мөн эдгээр төлөөлөгч гишүүд тухайн өдрийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцож 2018 оны давсан хэсгийн 13,950,000 төгрөгийг дээрх нэр бүхий 6 төрлийн зардалд 2019 оны давсан хэсгийн 33,921,000 төгрөгийг дээрх нэр бүхий 10 төрлийн зардалд нийтдээ 16 төрлийн зардалд 47,771,000 төгрөгийг тухайн өдрийн төлөөлөгчдийн хүчин төгөлдөр 05 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтаар төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан атлаа намайг ямар ч үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй зохиомол хэрэгт санаатайгаар холбогдуулан буруутгасан гэрчийн мэдүүлгийг өгсөн тул зөвшөөрөхгүй.

4. Миний бие хурлын ажлын албаны даргын хувьд хуулийн дагуу ажиллаж ажил үүргээ гүйцэтгэсэн ажилтны хувьд ямар ч гэм буруугүй гэмт хэргийн шинжтэй хэрэг хийгээгүй тул мөн энэ хэргийг Цагдаагийн байгууллагын мөрдөгч, цагдаагийн ахмад М.Анаргүл 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 211300028 дугаартай мөрдөгчийн тогтоолоор хэрэг нээн шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт , 30.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 211300028 дугаартай хэргийг хаах саналаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” мөрдөгчийн саналыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан.

5. Үүнийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Парида хянаж 211300028 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай“ Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 41 дугаартай хүчин төгөлдөр тогтоолыг гаргаснаар энэ хэрэг тухайн үед хаагдсан.

6. Ямар ч үндэслэлгүй Прокурорын байгууллагын орлогч Б.Баярмагнайн хаагдсан хэргийг дахин сэргээж яллагдагчаар татсан яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа тул надад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

            Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1. Яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдол нь энэ хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа учраас үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Яллагдагч Х.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний үед Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцсэн “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай 3 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан, хүснэгтийн 2.20-д заасан “Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9.800.000 төгрөг” гэснийг өөрчилж, “ИТХ-ын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9.800.000 төгрөг” гэж хуурамчаар үйлдсэн, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Давсан орлого зарцуулах” тухай 5 дугаартай тогтоолын хавсралтад заасан давсан орлогыг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах тухай хүснэгтийг өөрчилж, 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах байдлаар сум орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар уг баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр тус аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргэж өгч, хөрөнгийг 2021 онд захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

3. Шүүх 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Прокурорын зүгээс яллагдагч Х.Д- нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзээд шүүгчийн захирамжийг хүлээж авсан.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг яллагдагч Х.Д-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хяналаа.

 

2. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Яллагдагч Х.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний үед, Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдан гарсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцсэн “Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтыг батлах” тухай 3 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан, хүснэгтийн 2.20-д заасан “...Иргэний танхимын тоног төхөөрөмжид зарцуулах 9.800.000 төгрөг” гэснийг өөрчилж, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд тоног төхөөрөмж авахад 9.800.000 төгрөг” гэж өөрчилсөн, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэн баталсан “Давсан орлого зарцуулах” тухай 5 дугаартай тогтоолын хавсралтад заасан давсан орлогыг 11 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах тухай хүснэгтийг өөрчилж, 16 төрлийн үйл ажиллагаанд зарцуулах байдлаар сум орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар уг баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр тус аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргэж өгч, хөрөнгийг 2021 онд захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж, ашигласан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3. Анхан шатны шүүх нь Х.Д-д холбогдох эрүүгийн хэргийг “(1) Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллагдагч Х.Д-ы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох, (2) Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Х.Д-д холбогдох эрүүгийн 2113000280169 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл нэгэнт тогтоогдсон гэж шүүх үзсэн тул уг гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг тогтоох, гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээг тодорхойлох, хохирогчоос мэдүүлэг авах, түүнд хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах, хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангах зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэтгүүлэхээр прокурорт буцаажээ.

 

4. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг яллагдагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад нийцсэн, хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх талаар мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул яллагдагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар харьцуулан үнэлэхэд яллагдагчийн үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар шалгаж тодруулах шаардлагатай гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

7. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу хуульд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байх тул “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай яллагдагчийн давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/356 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөг биелүүлэх бөгөөд мөн хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

                                    ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ