Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 131/шш2024/00555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овгийн *******ийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчилтэй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн.

Иймд 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарыг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хөдөлмөрийн дэвтэр/Ц.*******/

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар зөвлөмжийн хуудас

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 131 дүгээр лавлагаа

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар Асрагч авч ажиллуулах тухай тушаал

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар Түр ажилтан авах тухай тушаал

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр Ажилтан авах тухай тушаал

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар Мөнгөн тусламж олгох тухай тушаал

- Хүүхдийн төрсний лавлагаа/*******, *******, *******/

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

1.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбараас 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *******ийн *******д олгосон 204029 дүгээр Хөдөлмөрийн дэвтэр-ын ажлын мэдээ хэсэгт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн асрагчаар авч ажиллуулсан бичилт тусгагджээ.

1.2. Цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 131 дүгээр лавлагаанд*******ийн ******* нь Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарт асрагчаар 1987-1993 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1987-1993 онуудад цалин, 1987 онд ажилд томилсон тушаал, 1990-1992 онуудад нотлох баримт гарлаа гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар Асрагч авч ажиллуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт ******* овогтой *******г хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллуулсугай,

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар Түр ажилтан авах тухай тушаалын 1 дэх хэсэгт Асрагч Ц.*******гийн төрөхийн өмнөх амралтын оронд Дамдин овогтой Авилыг 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өөс түр хугацаагаар ажиллуулсугай,

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр Ажилтан авах тухай тушаалын 1 дэх хэсэгт Асрагч Энхзаяа эмчилгээнд явсан учир *******г асрагчаар 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай,

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар Мөнгөн тусламж олгох тухай тушаалын 1 дэх хэсэгт Асрагч Ц.*******д ар гэрийн гачигдал гарсан тул нэг удаагийн мөнгөн тусламжид 300 төгрөг олгосугай гэжээ.

1.3. Ажил олгогчийн тодорхойлолт:

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар албан бичигт*******ийн ******* нь 1987-1993 онуудад асрагчаар ажиллаж байсан нь үнэн гэжээ.

1.4. Хүүхдийн төрсний лавлагаа:

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын улсын бүртгэгчийн 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд Боржигон овгийн Болдмагнайгийн Оюунжаргал нь 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эцэг Боржигон овгийн Бямбажавын Болдмагнай, эх ******* овгийн *******ийн *******.

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын улсын бүртгэгчийн 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд Боржигон овгийн Болдмагнайгийн Буяндэлгэр нь 1994 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эцэг Боржигон овгийн Бямбажавын Болдмагнай, эх ******* овгийн *******ийн *******.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр, тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ц.******* 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ц.*******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Ц.*******г ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар хуудсаар хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн шийдвэр бичигдээгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч Ц.*******д зөвлөжээ.

Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр олдоогүйн улмаас ажиллаж байсан байдал-аа онцгой ажиллагааны журмаар тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Ц.*******д үүссэн байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн *******г 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ